Б.БЯМБАЖАРГАЛ
БЗС-аас зээл авч гадаадад сурсан 2368 суралцагчид зээлээ эргэн төлөөгүй, сонгон шалгаруулалтгүйгээр зээл авсан, 90 хувь нь өндөр албан тушаалтан, тэдний хамаарлын хүмүүс байгааг онцолж зээлээ эргэн төлөхийг шаардлаа. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал “Би 2013 онд Харвардын их сургуульд тэнцэж Боловсролын зээлийн сангийн ярилцлаганд ороод зээл авч чадаагүй. Боловсролын зээлийн санг анх 1993 онд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүнд зориулан гаргаж 1997 оноос гадаадад суралцах зээл олгож ирсэн. Үүнээс хойш 2368 суралцагчид 363 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Гэтэл бакалаврын түвшинд суралцахаар зээл авсан суралцагчдын 37 хувь нь дэлхийн ТОП-100 сургуульд багтаагүй, 56 хувь нь тэргүүлэх чиглэлээр сураагүй байхад зээл олгожээ. Мөн 7.7 тэрбум төгрөгийн зээлийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр олгосон” гэв.
Түүнчлэн БЗС-аас зээл авсан зээлдэгчдийг зээлээ эргүүлэн төлөхийг иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж байгаа. Гэтэл зарим зээлдэгчид БЗС-аас зээл авсан ч сургуулиа төгсөж ирээд таван жил эх орондоо ажилласан тул зээлээс чөлөөлөгдсөн, зээл биш тэтгэлэг байсан зэргээр тайлбар өгч байгаа юм. Энэ талаар тэрбээр “2008 онд боловсролын зээлийн сангийн зээлээр сураад таван жил ажиллавал чөлөөлөгдөнө гэж байсан бол 2012 оны Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор үүнийг хүчингүй болгосон. Эх орондоо таван жил ажиллах, Сайдын тушаалаар зээл чөлөөлөх хуулийн үндэслэл байхгүй. Учир нь 2011 онд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д зааснаар Боловсролын зээлийн сангаас гадаадад сурахад авсан зээлийг эргэн төлүүлэх, чөлөөлөх журмыг зөвхөн УИХ-аас батална гэсэн байдаг. Гэвч одоог хүртэл УИХ-аас энэ журмыг гаргаагүй учир зээлээс чөлөөлөгдөнө гэсэн агуулга хуульд огт байхгүй” гэсэн юм.
БЗС-аас олгосон зээлийн 167 тэрбум төгрөгийг бакалаврын түвшинд суралцах 421,
196 тэрбум төгрөгийг магистр, доктор түвшинд суралцах 1947 суралцагчид олгосон аж. Үүнээс бакалаврын түвшинд суралцагчдын зээл 100 хувь эргэн төлөгдөөгүй бол магистр, докторд суралцагчдын 99 хувь эргэн төлөгдөөгүй бөгөөд үүний 41 хувийг сайдын тушаалаар хууль бусаар чөлөөлсөн байна. Тэгвэл хуулийн заалтыг биш Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн үе үеийн боловсролын сайдууд БЗС-аас зээл авсан суралцагчдын зээлийг хууль бусаар чөлөөлсөн байна. Эдгээрээс 2012-2016 онд БШУ-ны сайд асан Л.Гантөмөр хамгийн их буюу 435 суралцагчийн 40.6 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн бол БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 9.05 тэрбум төгрөгийн буюу 89 зээлдэгчийн зээлийг чөлөөлжээ.
Эх сурвалж: www.zms.mn