Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж их зохиолч Д.Нацагдорж шүлэглэсэн байдаг. Монголчууд уудам дэлгэр газар нутаг, хоорондоо чөлөөтэй ярилцах цэвэр хэл бичгийн түүхтэй ард түмэн. Харин цаг хугацаа өнгөрч, хүн төрөлхтөн даяарших тусам бид уг гарал, үндэс угсаа, хэл соёлоо мартсаар байгаа нь үнэн. Ялангуяа үндэсний цөөнхүүдийн зарим хэлийг. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Өв соёл” буландаа эх хэлний дархлааны тухай цувралаар хөндөж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа буриад хэлний онцлог, аялгыг хэрхэн хамгаалж үлдэх тухай сэдэв хэлэлцүүлсэн. Тэгвэл энэ удаагийн дугаартаа буриад хэл судлаачдын байр суурийг хүргэхээр бэлтгэлээ.
МОНГОЛ ХЭЛ ДАЙВАР БУЮУ СУДАЛГААНЫ ХЭЛНИЙ ҮҮРЭГТЭЙ БОЛЖ БАЙНА
Нэрт эрдэмтэн Бямбын Ренчин “Монгол хэл” шүлэгтээ
“Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би”!... хэмээн бичиглэсэн нь учиртай. Энэ дэлхийд оршин буй хэдэн мянган хэл аялга дотор гагцхүү алтай овгийнхон л залгамал хэлээр ярьдаг. Гиннесийн номонд түрэг хэлний 28 авианаас бүтсэн үгийг хамгийн урт үг гэж тэмдэглэсэн байдаг. Мөн Монгол улсаас өөр улсад амьдарч буй монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажилд ороход орчин нь өөр хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байгаа тухай Хэл шинжлэлийн доктор Б.Ариуннасан онцолж байв. Тэрбээр “Би 10 гаруй жил буриадад амьдарсан. Өнөөдөр бид буриадуудыг монгол ахан дүүс гэж хайрлаж, хүндэлдэг ч яг орчинд нь очихоор Монгол Улс, хэл соёлынхоо тухай мэддэг хүн тун цөөн. Ялангуяа залуучууд нь ихэвчлэн орос хэлээрээ харилцаж, албан бичгүүд нь ч орос хэл дээр явах нь бий. Харин Буриадын урд хил хэсгээр яг төрөлх хэл, хойд аялгаараа ярьдаг хүмүүс цөөнгүй байдаг юм билээ” гэв. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчуудын эх хэл аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь багасаж, үгсийн сангийн бүрэлдхүүн нь эрлийзжиж, уугуул монгол хэлнийхээ чанарыг алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байгаа нь харамсалтай.
ОРОС ДАХЬ БУРИАДУУД 1939 ОНООС КРИЛЛ БИЧИГ ХЭРЭГЛЭХ БОЛСОН
Аялагч, сэтгүүлч Б.Гантөр “Улаан-Үүд хот 500 мянга гаруй оршин суугчтай. Жил бүр Буриад руу олон мянган жуулчин очиж, энэ ард түмний соёл, ондоошлыг харахыг хүсдэг. Гэвч жил өнгөрөх тусам монгол гэсэн үнэт зүйлүүд алсран одсоор байгаа юм. Төвд нь буухад яг л Оросын хуучны хотод ирсэн мэт мэдрэмж төрдөг. Мөн дэлгүүр, худалдааны төв, хоолны газар, гудамж, театр, үйлчилгээний төвүүдийн бараг 90 гаруй хувь нь орос хаягтай. Тэгэхээр энд хэн буриад аялгаараа ярих билээ. Хэдийгээр хүн бүр хэл соёлоо хэвээр нь авч үлдэхийн ач холбогдлыг мэдэж байгаа ч Орос гэх том гүрний бодлого өөр байх нь лавтай” гэсэн юм. Үнэхээр өнөөдрийн нөхцөл байдлаар буриадуудын 80 гаруй хувь нь орос хэлээр чөлөөтэй ярьдаг гэсэн судалгаа бий. Тиймээс буриад хэл, аялга мартагдаж, устаж буй хэлний жагсаалтад ороод байгаа юм. Буриад хэлний аялга, дүрмийн тухайд хэл шинжлэлийн магистр, судлаач А.Гэрэлтуяа “Буриад хэлний зарим аялгуунд k, c, ch гэсэн фонемууд байдаг. Утга зохиолын хэл дээрх v, f, c, ch, sch, k фонемыг зөвхөн зээлсэн үгэнд л ашигладаг онцлогтой. Мөн эдгээр гийгүүлэгч үгийн хэллэгийг ихэвчлэн хоёр хэлтэй хүн ам эзэмшдэг гэсэн судалгаа бий. Эх хэлээ хэвээр нь авч үлдсэн зарим иргэд буриад хэлний хойд аялгыг түгээмэл ашиглах нь бий. Буриад түмэн уг нь эрт үеэс бусад монголчуудтай адилаар уйгар бичигт үндэслэн монгол бичиг ашигладаг байсан тухай баримт бий. Харин Орос дахь буриадууд 1931 оноос латин, 1939 оноос крилл бичиг хэрэглэх болсон” гэв.
ДОРНОД АЙМГИЙН БУРИАД ЗОН АГЫН АМАН АЯЛГААР ЯРьДАГ
Оросын буриадуудаас гадна Монгол улсын Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн нутагт буриад хэлээр ярилцагчид оршин суудаг. Дорнод аймгийн буриад зон Агын аман аялгаар ярилцах ба Хэнтий аймгийн буриад зон хорийн аялгаа хэрэглэх нь бий. Харин Сэлэнгэ аймгийн буриад зон хори, сонгоол, ашбагад аялгаар, Булган аймгийн буриадууд санагын аман аялгаар, Хөвсгөл аймгийн буриад зон түнхэний буриад аялгаар хэлэлцдэг байна. Эдгээр нь буриад хэлний төв, дорнод, өмнөд, өрнөд аялгууны төлөөлөлүүд юм. Буриад хэлний нийгэм, улс төр болон эдийн засгийн үг хэллэгүүд нь 1923-1936 оныг хүртэл монгол бичгээр гарч байсан бөгөөд “Буриад-Монголын Үнэн” сонинд анх бий болж байсан юм. Тэр үед уг сонин монгол бичгийн буриад болон халх хоёр аялгууны нийтлэг нийгэм, улс төр, эдийн засаг, эрдэм шинжилгээ, нийтлэлийн үг хэллэг ашиглаж байсан ажээ. Бид буриад хэл аялгаа мартахгүйн тулд соёлын орчныг бий болгож, гэр бүлдээ эцэг эхчүүд буриад аялгаараа ярилцах, өв соёлоо заан сургах гэрийн сургалтыг ашиглаж эхлэх хэрэгтэй гэж хэл бичигийн ухааны доктор М.Одмандах хэлж байсан юм. Мөн буриад хэл аялгыг хэвээр нь авч үлдэхийн тулд буриад зан заншил, өв соёлоо шингээсэн, сурагч багачуудад зориулсан сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэх. Ном хэвлэлээр дамжуулан өв уламжлалыг нь хадгалуулах, ухамсар сэтгэлгээнд нь суулгаснаар соёлоо мартахгүй хөгжүүлэн авч үлдэх боломж нээгдэнэ гэдгийг ч тэрбээр онцолж байлаа.
ЭХ ХЭЛЭНД ХАРЬ ҮГ ИХ ОРЖ ИРСНЭЭР ТӨРӨЛХ ХЭЛ УСТАХ НӨХЦӨЛ БОЛДОГ
“ЮНЕСКО”-гийн хийсэн судалгаагаар хүн төрөлхтөн нийт 7000 гаруй хэл соёлтой аж.
Гэвч дэлхийн нийт хүн амын тавны хоёр нь хамгийн түгээмэл ашиглагддаг наймхан хэлээр ярьдаг байна. Үүнд Англи, Герман, Испани, Латин, Португали, Хятад, Орос болон Араб хэл багтдаг аж. Харин хүн амын талаас илүү хувь нь үлдсэн 7000 орчим өөр хоорондоо адилгүй хэлээр ярьдаг байна. Ямар ч орны хувьд хэл соёлоо хамгаалан үлдэх нь нэн тэргүүний чухал ажил байдаг. Гэвч жижиг улсууд их гүрнүүдийн соёлын нөлөөнөөс болж өөрсдийн хэл соёлоо алдаж байгаад анхаарах ёстой болсныг “ЮНЕСКО” сануулсан байна. Жишээлбэл, Уэльсийн ард иргэд англи хэлийг үндсэн хэл шигээ ашиглах болсон учир төрөлх хэлээ мэддэг хүн тун цөөн болжээ. Ойролцоогоор хүн амынх нь ердөө 16 хувь нь Уэльс хэлээр ойлгодог байна.
Хавай хэлний хувьд ч адил англи хэлний нөлөөллөөс болж бараг мартагдах шахсан хэл болжээ. Ази тивд 4.2 тэрбум, Европ тивд 1.7 тэрбум, Африк тивд 990 сая хүн, Америк тивд 49 сая хүн, Далайн орнуудад долоон сая хүн хэл зүйн аймгийн үндсэн хэлээр ярьдаг ажээ. Харин төрөлх хэлээ ашигладаг хүмүүсийн хувьд Ази тивд 2.3 тэрбум, Европ тивд 288 сая, Африк тивд 2.1 тэрбум, Америк тивд нэг тэрбум, Далайн орнуудад нэг тэрбум байдаг аж. Хэл шинжлэлийн магистр, судлаач А.Гэрэлтуяа “Хэл шинжлэлийн ухааны эрдэмтэд аливаа хэлэнд харь үг ихээр орж ирэх нь эх хэл устаж үгүй болох бодит нөхцөл болдог гэж дүгнэдэг. Үүнээс гадна хэлний дархлаанд газарзүй, эдийн засаг, түүх гээд их олон хүчин зүйл нөлөөлдөг. Ингээд аажмаар тухайн гадаад хэл нь төрөлх хэлний үгсийн санг баяжуулах эсвэл шууд орлуулах замаар солигдож эхэлдэг байна. Эрдэмтэд ирээдүйд дэлхий дээрх жижиг хэлнүүд бүгд үгүй болж хүмүүс өргөнөөр ашигладаг цөөн тооны хэл л үлдэнэ гэсэн таамаглал дэвшүүлсээр байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 88 (7073)