Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Хэл соёлоо хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, уугуул хэвээр нь авч үлдэх нь хүн бүхний үүрэг гэдгийг бид ухамсарлах цаг болжээ. Ялангуяа үндэсний цөөнхийг бүрдүүлэгч Цаатан, Тува, Казах, Буриад түмний хэл соёл, мартагдахад хүрч аялгуу аялга нь өдрөөс өдөрт алсран холдсоор байгаа юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Өв соёл” буландаа үндэсний цөөнхийн хэл, түүний аялгын онцлогийн тухай сэдвийг цувралаар хөндөж байгаа билээ. Бид эхний цувралаа цаатан түмний үндэсний хэлэх болох Тува хэлний духа аялгын тухай онцолсон. Өнөөдөр цаатнуудын дунд энэхүү хэлээрээ ярьдаг буурлууд багасаж, 100 гаруй хүн л духа аялгаараа ярьж, ойлголцож байна гэдэг дэндүү бага тоо. Тэгвэл бид дараагийн цуврал нийтлэлээ буриад хэлний өнөөгийн нөхцөл байдал, аялгын тухай хөндөхөөр бэлтгэлээ.
“ЮНЕСКО”-оос зарласан устах аюулд хүрсэн хэлний нэг нь Буриад
Устах аюулд хүрсэн хэл
> Ирландын Гаел
> Украины Татар
> Аргентины Уэльс
> Хавайн арлын Хавай
> Монголын Буриад
> Сибирийн Кэт
> Балбын Кусунда
> Бразилийн Оро вин
> Тайванийн Тао
> Японы Аину
Өндөр мод, өтгөн ой, цэлгэр мөрөн цэлийх хангай, хээрийн бүс хосолсон, өндөр уулархаг нутаг нүдний өмнө жирийнэ. Энэ бол Буриад зоны нутаг. Буриадын зон олон энэ жил түүхт 100 жилийнхээ ойтой золгож байна. Хэдийгээр монгол түмэн дэлхийн өргөн уудам нутагт тархан суурьшсан ч монгол хэлээрээ яригсдын тоо өдрөөс өдөрт цөөрч байгаа гэсэн мэдээлэл байна. Хятад улс дахь монгол хэлээр яригсдын ихэнх нь Өвөр монголд байдаг бол харчин болон хорчин аялгаар яригсад нь Өвөр монголын зүүн талын залгаа мужуудад байдаг гэх. Харин бидний элэг нэгт Буриад ахан дүүс Орос улсын 351 мянган кмІ газар нутгийг эзлэн аж төрж байна. 2022 оны мэдээллээр тус улс 985 мянган хүн амтай гэсэн судалгаа бий. Эдгээр иргэдийн 86.6 хувь нь Буриад аялгаар, 13.3 хувь нь Орос хэлийг эх хэлээ хэмээн үздэг гэсэн судалгаа байна. Харин халимаг хэлээр яригсдын тоо тодорхойгүй байдаг аж. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болжээ. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь 1700 гаруй хэлийг устах аюултай гэсэн ангилалд оруулсан байна. Үүнд ихэвчлэн хүн ам цөөнтэй, жижиг улсууд гэхээс илүүтэй үндэстнүүдийн хэл багтаж байгаа нь анхаарал татаж байна. Мөн хэдий хүн ам ихтэй ч хөрш орнуудын нөлөөллөөс болж эх хэл нь үгүй болох аюулд орсон тохиолдол ч цөөнгүй байгаа юм.Үүнд буриад хэл багтсан байдаг.
Уран зохиол их унших тусам үгийн баялаг, эх хэлний дархлаа нэмэгддэг
Буриад хэл аялга нь монгол хэлний бүлэгт хамаардаг Буриад болон Барга түмний хэрэглэдэг хэл ажээ. Энэ тухай Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян “Монголчууд цөөхөн мөртлөө гадаад руу олноор явдаг. 1990-ээд оноос хойш харьд очсон гэр бүлийн хүүхдүүд монгол хэлээ мэдэхгүй өсч байна. Хоёрдугаарт, бичгийн хэлгүй болбол хэл амархан мөхдөг. Бичгийн хэл нь тухайн хэлний дархлааг хадгалж байдаг бас нэг хүчин зүйл. Бичгийн хэлгүй, хэрэглэгч зөвхөн аман ярианы хэлтэй хэл бол мөхөх аюулд их ойрхон гэсэн үг. Гуравдугаарт, утга зохиолын хэл нь маш баялаг байх хэрэгтэй. Уран зохиол их унших тусмаа үгийн баялаг, эх хэлний дархлаагаа хүн өөртөө суулгаж байдаг. Дөрөвдүгээрт, олон хэл аялгууны өнгө төрхтэй байвал хэл мөхөх аюулаас хол. Дээрх шалтгаануудаас хэл мөхнө. Мөн том үндэстний дотор байгаа, Хятадад байгаа монгол аялгуу ч гэдэг юм уу, өөрсдөө л хамгаалахгүй бол тэр том үндэстэн чинь өөрийнхөө л хэл соёлоор түрнэ. Орост байгаа халимаг, буриад бол бас л хэл, аялга соёлоо алдаж байгаа, мөхөх аюулд ойрхон байна. Тиймээс Монгол Улс өөрийнхөө хэл соёлыг бүхний өмнө тавьж, хамгаалах хэрэгтэй” гэжээ.
Үнэхээр хэл соёл гэдэг тухайн орны хамгийн том соёл, ондоошил билээ. Энэ тухай Хэл судлаач, орчуулагч Б.Оюунбат “Өнөөдөр буриад хэл мартагдаж байгаа нь үнэн. Одоогоос 20 жилийн өмнө очиход нөхцөл байдал өөр байсан. Харин одоо эх хэлээрээ ярьдаг залуус их цөөхөн болсон.Буриад аялга нь их зөөлөн байдаг онцлогтой. Энэ хэлэнд монгол хэлний хойд аялга түлхүү хэрэглэгддэг. Хори аялгад үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд “ө”, “ү”, “h” гэсэн гурван үсэг нэмж, орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгосон юм билээ. Буриад хэл нь дотроо мөн дөрвөн өөр аялгатай. Үүнд баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) гэсэн аман аялгууд багтдаг юм” гэв.
“Буриад хэл аялгаараа уран зохиолын түвшинд бичдэг хүн цөөрсөн”
Сүүлийн жилүүдэд Дорнод дээд сургуулийн багш нар буриад хэл аялгууны талаарх судалгааг хийж байгаа тухай мэдээлэл бий. Мөн Хэнтийн буриадууд эх хэлээ сэргээх, сурталчилах зорилго буриад хэл, аялгаар дууны тэмцээн зэрэг соёлын олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Харин дэлхий дээр цор ганц буриад аялгаараа жүжиг тавьдаг театр бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Хоц.Намсрайевийн нэрэмжит Драмын эрдмийн театр юм. Тус театрын ерөнхий найруулагч Олег Юмов “Театр маань эхлээд Буриад Монгол хөгжмийн драмын театр гэж байсан юм билээ. Он цагийн эрхээр монгол гэдэг үг нь хасагдаж, 1950, 1960-аад оны үед драм болон дуурийн театр гэж хоёр салсан түүхтэй. Манай театр дэлхийд ганцхан буриад хэл дээр жүжиглэдэг театр шүү дээ. Энэ бол бидний хамгийн том бахархал. Энэ театрын уран бүтээлч гэдгээрээ би цаг ямагт бахархаж явдаг” гэсэн юм. Тэрбээр цааш нь “Өнөөдөр буриад хэлээ мэдэхгүй олон залуус байна. Тиймээс л бид тоглолтоо зөвхөн эх хэл дээрээ үзүүлнэ гэсэн алсын хараа, том бодлоготой. Буриад хэл аялгаараа уран зохиолын түвшинд бичиж чаддаг хүн улам цөөрсөн. Тиймээс бид хэл, соёлоо хамгаалахын төлөө буриад хэл, аялгаараа жүжгээ хүргэсээр байх болно. Энэ нь манай театр эх хэлнийхээ дархлааг хамгаалж байгаа хамгийн том тэмцэл гэж би бодож явдаг” гэсэн юм. Буриад найруулагч эх хэлээ мартаж байгаа нэг том шалтгааныг нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулга, системтэй холбон тайлбарлаж байв. Мөн хаашаа л харсан дэлгүүрийн хаяг, телевизийн мэдээ гээд л бүх зүйл орос хэл дээр байгаа нь залуус эх хэл, аялгаа мартах том хүчин зүйл гэдгийг онцолж байсан юм. Өнөөдөр үнэхээр Монгол үндэстний том бахархал болсон Буриад түмний хэл соёл, мартагдах ёсгүй. Хэдийгээр Орос хэмээх том гүрний дор байгаа ч эх хэлээ уугууло хэвээр нь авч үлдэхийн тулд олон талт ажлыг зохион байгуулах шаардлага тулгараад байгааг эх сурвалж бүхэн ярьж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 84 (7069)