Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх хэлээ хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх нь иргэн бүрийн үүрэг гэдгийг “Зууны мэдээ” сонин бичиж буй цуврал нийтлэл бүртээ онцолж байгаа билээ. Ялангуяа үндэсний цөөнх болсон Цаатан түмний духа хэлний тухай бид хоёр цуврал сэдвийг хөндсөн. Өмнөх дугаартаа хөвчийн тайгад төрж, духа хэлийг ээж, ааваараа заалган сурсан О.Номин охины тухай онцолсон билээ. Харин энэ удаагийн дугаартаа духа хэлний аялга, онцлог болоод хэрхэн хамгаалж, авч үлдэх тухай эх сурвалжуудын байр суурийг хүргэх болно.
Дэлхийн өнцөг булан бүрт 300 мянга гаруй Тува хүн амьдардаг
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт 300 мянга гаруй тува хүн амьдардаг гэсэн судалгаа бий. Үүний ихэнх хувь нь Оросын Тувад аж төрж байна. Харин Монгол болон Хятадад цөөн тооны тувачууд амьдардаг ажээ. Монголчуудын хувьд 1920-иод оны эхэн үеэс цаатан хэмээх нэршлийг хэрэглэх болж, өдгөө бид ч Хөвсгөлийн Цагааннуур сумын тайгад аж төрөх тувачуудыг цаатан гэдэг нэршлээр нь илүү мэддэг болсон. Сүүлийн үеийн судалгаагаар өнгөрсөн онд 4600 хүн өөрийгөө тува буюу цаатан хэмээн бүртгүүлжээ. Эдгээр иргэд ихэвчлэн Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий аймагт төвлөрөн цаагаа маллаж, нүүдлийн маягаар аж төрж байгаа юм. Ялангуяа Хөвсгөл аймгийн Цагааннуур, Ренчинлхүмбэ, Улаан уул суманд бүртгэлтэй байна. Харин Баян-Өлгий аймгийн Цэнгэлийн тувачууд нь бие даасан өөрсдийн хэл, аялгатай ажээ. Мөн Ховдын Буянтын тувачууд нь ихэвчлэн Хятадын Шиньжанаас нүүж ирсэн тувачуудын үр удам учир хэлний хувьд мөн өөр аялгатай байх жишээтэй. Харин Хөвсгөлийн цаатнуудын ярьдаг духа хэл нь тэднээс ялгарах онцлогтой гэхээр өнөөдөр манай оронд тува хэлний дөрвөн өөр аялга байгаа ажээ.
70 хүний 23 нь яг духа хэлээрээ цэвэр ярьж, ойлголцдог
Аливаа үндэстэн ястны уг гарвал, хөгжил дэвшил нь эх хэлнээс нь ихээхэн хамаардаг билээ. Энэ тухай хэл судлалын доктор Б.Пүрэвдорж “Цаатнуудын хэрэглэж буй духа хэлийг тува хэлний духа аялга ч гэх нь бий. Ер нь Цагаан нуурын цаатангууд л духа хэл гэж ярихаас бусад аймагт аж төрж буй цаатан иргэд ихэвчлэн тува хэл гэж ярих нь зонхилдог. Өнөөдөр гэхэд Цагаан нуур сумын зүүн тайгын хоёрдугаар багт 700 гаруй цаатан аж төрдөг ч үүний 10 хувь нь буюу 70 орчим нь духа хэл, аялгаа гадарладаг. Бүр нарийвчилбал, тэдгээр 70 хүний 23 нь яг духа хэлээрээ цэвэр ярьж, ойлголцдог байх жишээтэй. Мөн дуудлага, бичиглэлийн хувьд 50 гаруй хувь нь монгол хэлний үсэг, найруулгатай төстэй. Тиймээс энэ хэлийг язгуур хэвээр нь авч үлдэхийн тулд сайн судалгаа хийж, ирээдүй болсон хүүхэд багачуудад эх хэлний дархлаа гэдэг ямар чухал болохыг багаас нь ойлгуулах нь зүйтэй болов уу. Мөн зөвхөн духа аялга ч бус ер нь үндэсний цөөнхийн үнэт зүйл болсон хэлний соёлыг судалдаг судлаачдын бүтээлүүдийг эмхтгэн ном болгож, энэ хэл, соёлын тухай хүмүүст үнэн, зөв мэдээллийг өгч, таниулан сурталчлах хэрэгтэй гэж харж байна” гэсэн юм.
Харин МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн багш, доктор М.Ууганбаяр “Судлаачдын үзэж буйгаар духа хэл гэдэг нь тувагийн тож аялгуутай төстэй гэх нь бий. Харин зарим нь цаатнуудын бие даасан түрэг хэл гэсэн нь ч байдаг. Мөн Улаан-Уул, Ханх суманд амьдардаг өвөр урианхайчууд гэж бий. Энэ хүмүүсийн болон цаатнуудын тува хэл хоорондоо их төстэй. Ингээд цааш судлаад үзэхээр энэ олон төрлийн хэлийг нийтэд нь тува хэлний аялга гэж томъёолж болох юм. Тэгэхээр Тува хэлний духа аялга гэж ярих нь зүйтэй болов уу” гэв.
Духа хэл, аялагыг нийгмийн харилцаанд оруулах хэрэгтэй
Доктор М.Ууганбаярын судалснаар тува зүйр үгийн 50, оньсогоны 80, үлгэрийн 70 хувь нь Монголтой адилхан байгаа нь тогтоогдсон байна. Мөн туулийн 30-40 хувь нь ижил төстэй байна. Хэдийгээр тува хэл нь монгол аялга ихтэй ч түрэг хэл дээр тулгуурласан өвөрмөц нэгэн төрөл гэж тэрбээр онцолсон юм. Цаатнуудын дунд хийсэн судалгаанаас үзвэл духа хэл аялгаараа 60-аас дээш насныхан сайн ярьдаг бол 30-40 насныхан ээж аавтайгаа ойлголцдог мөртлөө бүрэн эзэмшээгүй гэж гарчээ. Харин багачууд нь энэхүү хэлнийхээ гарал, хөгжлийн тухай мэдээлэл байхгүй учир бүр ч хэл соёлоосоо хол байгаа нь ажиглагджээ. Энэ тухай хэл судлалын доктор Б.Пүрэвдорж “Хэдийгээр цаатнууд энэхүү духа хэл аялгаар хоорондоо ярьж байгаа болов ч энэ нь ахуйн тойргоос гарахгүй байна. Цааш нь соёлжуулж, түгээн дэлгэрүүлэхийн тулд духа аялгаар бичсэн ном яагаад байж болохгүй гэж. Хүмүүс нь уран яруу энэхүү хэлээрээ шүлэг найраг тэрлэж болно шүү дээ. Ингэж нийгмийн харилцаанд оруулж байж илүү түгэж, хүмүүс гадарладаг, судлаач нар нь судалдаг, бичдэг болох болов уу. Түүнээс хоорондоо ахуйн хэрэглээндээ ярих төдий байгаад байвал духа хэл аялга мартагдах аюул ойрхон байна” гэсэн юм.
Төрөлх хэлээ мэддэг цаатангууд өдрөөс өдөрт цөөрч байна
Хэл соёл гэдэг бидний нэн тэргүүнд хайрлаж хамгаалах ёстой өв. Ялангуяа үндэсний цөөнхийн хэл соёлыг энэ хэвээр авч үлдэх нь Монгол Улсын “ЮНЕСКО”-ийн өмнө хүлээсэн үүрэг ажээ. Цагаан нуур сумын иргэн Б.Өнөрбат сүүлийн 10 гаруй жил цаатнуудтай дотно нөхөрлөжээ. Тэрбээр арилжаа наймаа хийхээс гадна зуны цагт жуулчдын хэлмэрч хийж, гадны иргэдийг цаатнуудын амьдралтай танилцахад нь тайлбарлагч хийдэг нэгэн. Б.Өнөрбат “Манай сумын хамгийн том бахархал нь цаатнууд. Гэхдээ эдгээр иргэд жилээс жилд цөөрч, хүүхэд залуус нь хот болоод төв бараадах болсон. Харин цаатнуудын унаган хэл болох духа нь мартагдаж байгаа нь үнэн. Одоогоор үлдсэн хэдэн настай хөгшид л духа хэл аялгаа хэрэглэдэг” гэж онцолж байсныг дахин сануулъя. Монгол Улсын хэмжээнд яаралтай хадгалж, авч үлдэх 16 өв бий. Гэтэл түүн дотор үндэсний цөөнхийн хэлний тухай багтаагүй байдаг нь харамсалтай. Тиймээс эдгээр хэл соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх нь тун чухал гэдгийг судлаачид онцолж байсан юм. Дэлхийн сонирхлыг ихээхэн татдаг Монголын цаатнуудын тухай CNN агентлаг 2016 онд нэвтрүүлэг хийж байсныг бид эхний цуврал нийтлэлдээ хөндөж байсан. Мөн 77 жилийн дараа буюу 2100 он гэхэд дэлхийн долоон мянга гаруй хэлний тал нь устана гэсэн судалгааг дэлхийн эрдэмтэд гаргасан ажээ. Тиймээс үндэсний цөөнхийн хэл, соёлыг авч үлдэх нь нэн тэргүүний чухал ажил болохыг энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд онцлоё.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 82 (7067)