Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Эрдэнэсийн санд эрдэнэс худалдан авахдаа Шинжлэх ухааны академи, Соёлын яам, МУИС болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл бүхий мэргэжлийн зөвлөлийнхөө санал, дүгнэлтэд үндэслэн, Төв банк холбогдох шийдвэрийг гаргадаг байна. Харин зарлагын тухайд, Эрдэнэсийн санг үндсэн болон гүйлгээ санд хуваах бөгөөд үндсэн сан байнгын болон байнгын бус хэсгээс бүрддэг аж. Үндсэн сангийн байнгын хэсэгт байх хосгүй үнэт түүх, соёлын дурсгалт зүйлсийг худалдах, шилжүүлэх, захиран зарцуулахыг хуулиар хориглодог. Харин үндсэн сангийн байнгын бус хэсэгт олон улсын жишгээр цэвэршүүлсэн үнэт металл, засаж өнгөлсөн эрдэнийн чулуу, түүх, соёлын үнэт дурсгалт зүйл, үнэт болон бусад металлаар хийж нөөцөд авсан зоос байдаг бөгөөд эдгээрийг зөвхөн УИХ-ын шийдвэрээр бусдад шилжүүлэх, худалдан борлуулах зохицуулалттай гэдгийг дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тайлбарлаад “1994 оноос хойш УИХ энэ төрлийн ямар нэг шийдвэр гаргаагүй тул Эрдэнэсийн сангаас энэ хугацаанд ямар нэг эд зүйлс гаргаагүй” гэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 45 гишүүний 64.4 хувь нь дэмжснээр Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай тогтоол батлагдав.

Эх сурвалж:www.polit.mn