П.АМГАЛАН

 

 “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа Монгол түмний дундаршгүй өвийн нэг болсон уламжлалт тоглоом наадгайны тухай мэдээллийг бэлтгэлээ. Нүүдэлчин монголчуудын ахуй орчноос урган гарсан тоглоом наадгай нь хэдэн арван жилийн турш уламжлагдан ирсэн бидний үе дамжуулан хөгжүүлэх үнэт өв юм. Чулуун тоглоом, аман тоглоом, шагайн наадам, уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, өрж эвлүүлдэг тоглоом зэрэг арвин баялаг сантай уламжлалт тоглоомыг 15 бүлгийн 800 гаруй төрөлд багтдаг гэж судлаачид үздэг аж. Ардын уламжлалт тоглоом нь хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна, оюуны хөгжлийг нэмэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, ой тогтоолтыг сайжруулах давуу талтай. Тухайлбал,  ардын үйчүүр тоглоомыг хүүхдүүд тоглосноор сэтгэхүй нь хөгждөг. Харин хөлөгт тоглоомын төрөлд багтах шатар, даам зэрэг нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг.

 

ҮЙЧҮҮРИЙГ ЗУН ТОГЛОДОГГҮЙ

Монголчууд зарим тоглоомыг сар шинийн баяраар тоглож ирэх жилийнхээ аз хийморио үздэг уламжлалтай. Цагаан сарын шинийн нэгний өглөө ахмад настныхаа амар мэндийг эрж золгосны дараа тоглодог хүндтэй тоглоомын нэг бол үйчүүр. Үйчүүрийг шоо хаяж тоглодог бөгөөд шооны нүд бүр нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг хэмээн бэлгэшээдэг аж. Мөн нутаг нутагт үйчүүрийг өөрөөр хийсэн. Гэхдээ нийтлэг түгсэн нь цаасан үйчүүр. Үйчүүрт өнгө өнгийн будгаар арслан, бар, ирвэс, нохой, үнэг, буга, харцага, хүдэр, туулайн дүрс бүхий 134 ширхэг мод, 512 лангийн үнэлгээтэй амьтад байдаг. Амьтдыг буулгахдаа ямар нэгэн хэв загварт баригдалгүй уран сайхны зохиомжтойгоор өнгө ялган дүрсэлсэн. Мөн тэмээний яс,  модон дээр сийлж зурсан нь бий. Энэ нь эдэлгээ удаан, бөх бат давуу талтай аж. Үйчүүрийг хэдэн ч хүн тоглох боломжтой. Олуулаа тогловол тэгш тоотой хоёр баг болон талцаж тоглоно. Бүх модоо дундаа өрж, тоглож буй хүмүүсийн хамгийн бага эсвэл ахмад настанаасаа эхлэн нар зөв тойруулан аяган дотор 4-6 шоог ээлжлэн орхино. Шооны нүдний өнгө нь улаан, хар байдаг. Тоглогчид шоог хаяад буусан улаан, хар нүдний нийлбэрээс хамааран лангаар үнэлэгдэх амьтдаас авна. Зарим нь буцааж өгөх буюу торгуулах, шооны нийлбэрт нь таарах амьтан байхгүй бол өнждөг уламжлалтай. Амьтан тус бүр үнэлгээтэй учир бүх амьтад дуусахад хамгийн их лан цуглуулсан хүн хождог. Энэ тоглоомын арслан хамгийн том мод учраас арслан авсан хүн хождог дүрэмтэй тоглоом юм. Сонирхуулахад, үйчүүрийг зун тоглодоггүй байна.

 

НАМСРАЙ ТОГЛООМ НЬ ГУРВАН ЯНЗЫН ДҮРСЭЭС БҮТНЭ

Өрж эвлүүлдэг Намсрай тоглоом нь дөрвөн ижил адил талт гурвалжин, хоёр ижил квадрат дүрс, нэг том дөрвөн ижил жижиг адил талт гонзгой дөрвөлжин гэсэн гурван янзын дүрс бүхий 11 ширхэг хэсгээс бүрдэнэ. Уг тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсон, энгийн геометрийн дүрс бүхий хялбархан хуваалттай, хамгийн цөөн дүрс бүхий олон тооны хувилбартай. Мөн ямар нэгэн амьтан ялангуяа таван хошуу малыг янз бүрийн хөдөлгөөнтэй дүрсэлж болдог, олон дүрс хувилбар бүхий тоглоом юм. Энэхүү тоглоомыг П.Баяраа 1991 онд зохиож цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгожээ. Тус тоглоомыг бага насны хүүхдүүдэд тоглуулахдаа эхлээд өнгөөр ялган будсан янз бүрийн дүрс бүхий даалгаврыг өгч, харж дуурайлган эвлүүлүүлнэ. Дараа нь өрсөн дүрсээс харж зурж будах,  янз бүрийн дүрс, хээ санаачлан зохиох зэргээр хүүхдийн нас, чадварт тохируулан олон арга барилаар ажиллуулах боломжтой.

 

 

АМАН НААДГАЙ ХЭЛ ЯРИАГ ХӨГЖҮҮЛЭХЭД  ТУСТАЙ

Монголчуудын уламжлалт тоглоомын нэг хэлбэр бол Аман наадгай юм. Уг наадгайн үүслийг сөхье. Монголын ард түмний мянга мянган жил хуримтлуулсан ахуй амьдрал, соёл хүмүүжлийн арга туршлага, эрдэм мэдлэгийн ихэнх нь малчин олны амьдрал туршлагаар баяжсан байдаг. Ингэхдээ хуучин цагийн ном сударт, ардын аман зохиолд ам дамжигдан үлдэж зарим нэг нь мартагдаж алсардаг. Нэгэн нутагт боловсорсон сайн зүйлс эрдэм ухаан бүх ард түмний хүртээл болж чадахгүй байсан тул олсон ололт амжилт арга туршлага эрдэм мэдлэгийнхээ эрхэм дээжсийг ой тойнд хоногшихуйц хэвшмэл хэллэг, толгой холбон айзам тааруулан шүлэглэсэн үгс болгон цээжлүүлэн үлдээдэг байжээ. Ийнхүү холбоо шүлгийн бадаг болгож хойч үедээ уламжлан үлдээдэг нэгэн сайхан арга бол ардын аман зохиолын нэгээхэн хэсэг нь болсон аман наадам буюу үгэн тоглоом гэж үзэж болно. Аман наадгай нь Монголын ард түмэн хойч үеэ сурган хүмүүжүүлж эрдэм мэдлэг олгох, хэл яриаг хөгжүүлэх, авиаг зөв тод дуудаж сургах явдалд онцгой ач холбогдолтой. Хүүхдийг хэлд орох үеэс нь зугаа үг, түргэн хэллэг оньсого таалгах зэргээр тоглуулдаг. Харин хүүхдийг аливаа учир зүйг ухааран ойлгох болсон үеэс сүмбэр уул босгох цэц булаалдах дайралцаа үг, ес хэлэлцэх, цоллох зэрэг тоглоомоор тоглуулдаг уламжлал бий. Аман наадгай нь үүсэл гарал, насны онцлог, наадах үйл ажиллагаа зэргээсээ хамааран

1. Үгээр идэх дайралцаан тоглоом

2. Ухаанаар уралдаж давах

3. Ухаан задлах хошин бодлого

4. Таалцах–таавар

5. Дэмбээдэх

6. Асуулт-хариулт

7. Амьсгал уртасгах үг-Хул тоолох

8. Ес хэлэлцэх

9. Зугаа үг хэлэлцэх

10. Оньсого

11. Ертөнцийн гурав

12. Зүйр цэцэн үг

13. Хэл зүгшрүүлэх үг, жороо үг

14. Хуруу олох,

15. Оюун ухаан задлах зэрэг мэтээр олон төрөл болгон ангилж болно.

 

Аман наадгай, үгэн тоглоом нь аль ч насны хүн тоглоход тохиромжтой. Гэхдээ хүүхэд залуусын сонирхлыг их татдаг нь ардын сурган хүмүүжүүлэх зүйн хэрэглүүр болж, ёс суртахууны хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтой болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 65 (7050)