Д.ДАРАМБАЗАР 

 

Б.Ачбадрах, А.Энхтуулаас эхлээд гүйлтийн цанын тамирчид тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Түүний залгамж халаа болж буй ОУХМ О.Золбаярыг “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа урилаа. Түүний хувьд улсын аваргын тэмцээнүүдэд хэд хэдэн удаа түрүүлж, олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцон эх орныхоо нэрийг дуурсгаж яваа шилдэг тамирчин юм. 


-Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадамд дээгүүр амжилтыг үзүүллээ. Өр­сөл­дөгч тамирчид хэр хүчтэй байв?
-Би өмнө нь залуучуудын өвлийн олимпод спринтийн зайд уралдсан. Тэмцээндээ амжилттай оролцоод ирлээ.  Хэдий бэлтгэл сайн байсан ч туршлага дутсан. Энэ тэмцээнийхээ дараа  Монголын бүх ард түмний  спортын өвлийн  XVI наадамд амжилттай оролцон өндөр амжилт гаргалаа. Тэмцээнд ОУХМ-уудаас эхлээд спортын мастер цолтой тамирчид оролцож байгаа нь цанын тамирчид олон гэдгийг харуулж байна. Цанын спортын тамирчид дөрвөн жилийн турш бэлтгэл сургуулилалт хийж, олимпод оролцохын төлөө өрсөлддөг. Тиймээс спортын өвлийн  XVI наадам өрсөлдөөнтэй  байлаа. Тамирчид  форумдаа орчихсон, амжилт гаргахын төлөө өрсөлдөж байна.  


-Залуучуудын олимпод хамт оролцсон Б.Ачбадрахтай нэг замд уралдлаа. Та хоёр эхний байрт шалгарч байгаа харагдсан?
-2018 оны Инчёны олимп, 2022 оны Бээжингийн олимпод оролцсон ахтайгаа нэг зам дээр уралдаж, эхний гараанд урд нь орж түрүүлсэн. Харин дараагийн уралдаануудад туршлага дутаж хоёрдугаар байрыг эзэллээ. Гулгалт сайтай байсан ч тооцоолол буруу хийснээс болов уу гэж дүгнэж байна. 


-Монголын бүх ард түмний өвлийн XVI наадмын зам талбай хэр байв?  
-Олон улсын жишигт нийцэхүйц зам талбайг бий болгосон болохоор уралдахад саадгүй байлаа. Өмнө нь бэлтгэл хийж үзэхэд уруу газраа анхаарах хэрэгтэй юм байна гэж ажигласан. Харин тэмцээн дээр өмнөх үеэсээ илүү сайн замтай болсон байна. 


-Уралдах өдрийнхөө цаг агаарын байдлыг судлав уу?
-Тэмцээний өдөр цаг агаар тогтуун болохоор тосолгоондоо анхаарсан.  Тэмцээний өдөр цаг агаар 4-5 хэм хүйтэн байсан болохоор уралдахад тохиромжтой байсан.  Хэр салхитай байхыг тооцоолж хаана хурд хийх үү гэдгээ ярилцахгүй бол алдаа гаргах магадлал өндөр байдаг.


-Энэ тэмцээний үеэр өөрийнхөө цагийн амжилтыг эвдэж чадав уу?
-Гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байгаа тамирчид цагийн амжилтаа ахиулна гэсэн ойлголт байдаггүй. Учир нь зам бүхэн өндөр намаас хамаарч, хэн ямар хурдыг гаргах, цагийн амжилтаа эвдэх боломжгүй байдаг.


-Дараагийн олимпод оролцох бэлтгэлээ базааж чадаж байна уу?
-Манай тамирчдын хувьд ирэх олимпийн эрхийн уралдаанууд хүлээж байгаа. Жил бүр өөр байдаг. Бид нэг жилийн өмнө эрхээ авах зорилт тавьсан. Одоо гадаадын томоохон их наадмууд хүлээж байна. Мөн ДАШТ, Дэлхийн цомын АШТ байгаа. Энэ гурван тэмцээнд манай цаначид оролцсон тохиолдолд олимпийн эрхийн төлөөх урьдчилсан уралдаанд ороход  нөлөөлнө. Хэрэв эрх авч чадахгүй бол оны сүүлчээр болох уралдаанаас эрхээ авах зорилт тавиад бэлтгэлээ базааж байгаа. 


-Жилийн дөрвөн улиралтай манай улсад байнга бэлтгэл хийж болдог уу? 
-Өмнө нь жилийн дөрвөн улирлаас хамаараад бэлтгэл сургуулилт сайн хийдэггүй байсан. Зөвхөн өвөл л цасан дээрээ гулгаж бусад үеэр гүйж л бэлтгэлээ хангадаг байлаа. Харин одоо бол өвөл нь цасан дээрээ бэлтгэлээ базаачихна. Дулааны улирал эхлэхээр ууланд гүйхээс гадна, хэрэгслүүдтэй бэлтгэл хийдэг болсон. Ингэснээр манай тамирчид зогсохгүй бэлтгэл сургуулилттай болж  гадны улсыг зорихоо больсон.  


-Гүйлтийн цанын тамирчид гараанаас гарч байхдаа сэтгэл зүйгээ тогтвортой байлгахыг хичээдэг болов уу?
-Тамирчны сэтгэл зүй маш чухал учраас  сайн бэлдэх хэрэгтэй. Гараанаас муухан гарсан гээд хойш сууж болохгүй. Харин ч алдсан зүйлээ илүү нөхөх хэрэгтэй гээд хичээх ёстой. Энэ хичээл зүтгэл нь хүний сэтгэл санаанаас гардаг учраас сэтгэл зүй маш чухал. 


-Цанын спорт нь бусад өвлийн спортын төрлүүдээс юугаараа онцлог юм бэ?
-Цанын спорт тамирчин хүнээс маш их тэвчээр шаарддаг. Тэр тусмаа гүйлтийн цана. Зөвхөн ойрын зай нь гэхэд 1500 км бол бусад нь 10, 15, 30, 50 гээд холын зайн төрлүүд ихтэй. Маш хүйтэнд уралддаг. Монголд -30 хэм бэлтгэл сургуулилалт хийнэ. Дөрвөн жилийн хугацаанд маш их тэвчээр гаргаж, зорьсон зүйлийнхээ төлөө тэмүүлж бэлтгэл хийдэг. Зун ролькоор бэлтгэл хийнэ. Бааз байхгүй учраас машин зам, цэцэрлэгт хүрээлэнг ашигладаг. Машин зам дээр бэлтгэл хийх эрсдэлтэй. Бэртэл авна. Их өвдөлтийг давж байж, амжилтад хүрэх учраас амжилтаа ахиулахын төлөө уралдана. Би олимпийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсдэг. Тун удахгүй мөрөөдөл маань биелэх байх. Мөн олон улсын тэмцээнүүдэд төрийн дууллаа эгшиглүүлэхийг эрмэлзэж байна.


-Монголын цанын спортын ирээдүйг та яаж хардаг бол?
-Монгол хүний хувьд бие организм нь цанын спортоор хичээллэх олон давуу тал байдаг. Жишээ нь, манай цаначин Норвегит очоод тэр улсын тамирчидтай адилхан хангамж дор хоёр жил бэлтгэл хийхэд тэднээс дутахгүй амжилт үзүүлнэ гэдэгт итгэдэг. Тиймээс  гүйлтийн цанын спортоор тив, дэлхийн медаль авах хүртлээ хичээллэх болно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 43 (7028)