Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

 

Эмэгтэй хүний хамгийн жаргалтай үе нь эх хүн болох мөч. Бяцхан үрээ хараад бүсгүй хүн догдолж, уярч, зөөлөрдөг. Өөрийг нь зориод ирсэн тэр ертөнцийн төлөө энэ амьдралаа зориулж,  жижигхэн биедээ баймгүй хамгийн их хүчийг гаргадаг.  Харин бага насны хүүхдээ харангаа гэрээрээ үйлдвэрлэл эрхэлж, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ өрхийн орлогодоо тодорхой хэмжээгээр нэмэр болж буй ээжүүдийг “Зууны мэдээ” сонин “Ээжүүд зүгээр суудаггүй” буландаа онцолдог. Өмнөх дугаартаа бид амтат бялуу урладаг, гар урлал хийдэг, тархины саажилттай хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг хүчирхэг ээжүүдийг танилцуулсан. Харин энэ удаад мөн л Монголын хүчирхэг ээжүүдийн төлөөлөл Т.Должмааг урилаа. Тэрбээр орчин үед трэнд болоод буй давсан цэцэг хийдэг ажээ. 
 

 

БҮТЭЭЛДЭЭ ДУРЛАЖ, ЖАРГАЖ УРЛАДАГ

Бага насны хоёр хүүхдээ харангаа гэрээрээ үйлдвэрлэл эрхэлдэг Т.Должмаагийнд ороход цэцэгт хүрээлэнд ирсэн мэт дулаахан орчин угтаж авсан юм. Хэдийгээр гадаа цаг агаар хасах хэмийг зааж байсан ч залуухан хосын гэрт зуны цэцэгс дэлбээгээ нээж байв. Цонхны тавцан дээр үзэсгэлэнт сакура, үнэр анхилам сарнай харагдана. Харин тавиур дээгүүр нь энэ жилийг бэлгэдсэн цагаан туулай, эв нэгдлийг илэрхийлэх шар шувууны гэр бүл аж төрөх ажээ. Хамгийн сайхан нь түүний гэрт дэлбээгээ нээсэн цэцэгс хэзээ ч өнгөө алдаж, үхэхгүй гэдгээрээ онцлог. Цаг үргэлж үзэсгэлэнт төрхөөрөө сайхан энерги бэлэгдэн цэцэглэсээр байх юм. Т.Должмаа таван нас болон зургаан сартай хоёр хүүгийн ээж. Бяцхан үрсээ хараад гэртээ байх хугацаандаа ийнхүү давсан цэцэг урлаж, худалдаалдаг ажээ. Энэхүү бизнесээ эрхлээд жил гаруй болж буй тухайгаа бидэнд ярьсан юм. Тэрбээр “Өнгөрсөн жил  хадам ээж маань бэр эгч бид хоёрт мартын наймны бэлэг болгож давсан цэцэг хийж сурах сургалтад суух эрх бэлэглэсэн юм. Анх хийж эхлэхэд л их сонирхолтой санагдаж байсан. Хэдийгээр бүтээлээ хийх явцад нарийн, мэдрэмж шаардсан чимхлүүр ажил их байдаг ч үүнийг би бэрхшээл гэж боддоггүй. Учир нь өөрөө дуртай учир бүтээлдээ нэг ёсондоо дурлаж, жаргаж урладаг”  гэв. Т.Должмаагийн хийж буй давсан цэцэг болон бусад бүтээл энэ цаг үед яг трэнд болоод байгаа юм. Учир нь хүмүүс бие биедээ хоёрхон цаг амьдраад бөхөх амьд цэцгээс илүү үргэлж гэрт нь байж, өрөөг нь чимэх давсан цэцэг дурсгах нь элбэг болсон. Ялангуяа хийц загвар, өнгө үзэмжийн хувьд нүдэнд тусахуйц  энэ бэлэг нь олон бэлгэдлийг агуулдаг юм байна. 

 

 

НЭГ ЦЭЦГИЙГ ХОЁР ЦАГ ХИЙДЭГ

 

Монголчууд эртнээс давсныхаа савыг дүүрэн байлгаж ирсэн нь элбэг хангалуун, дүүрэн байхыг бэлгэддэг ажээ. Үүнээс гадна давсаар хийсэн бүтээлүүд өрөөнд байхад байгальд ээлтэйгээс гадна эерэг энергийг бүрдүүлж, нойргүйдлийг эмчилдэг гэнэ. Т.Должмаа “Давсан цэцэг олон талын ач холбогдолтой. Давс нь сөрөг ионууд болон цахилгаан соронзон долгионыг багасгаж, агаарыг цэвэршүүлэн, стрессийг бууруулдаг. Мөн харшил болон астмын хам шинжийг багасгадаг тустай. 
Анх энэ бүхнийг судалж мэдээд өөрийнхөө хийж буй ажлаар бахархах сэтгэл төрсөн. Цэцэг аваад баярладаггүй эмэгтэй хүн гэж үгүй. Үүнээс гадна миний бүтээлүүд хүнд сэтгэлийн таашаал өгч, эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлж байна гэдэг хамгийн сайхан” гэж байв. Мөн Т.Должмаа том жижгээс нь шалтгаалаад нэг цэцгийг хоёр цагт хийж дуусгадаг гэнэ. Тэрбээр бүтээгдэхүүнээ өөрийн албан ёсны пэйж болох “Бэр цэцэгс” хуудсаараа захиалга авахаас гадна “Баян зүрх”, “Амгалан”, “Асайт” зэрэг дэлгүүрээр худалдаалдаг юм байна. Түүний “Бэр цэцэгс” пэйж цахим ертөнцөд алдартай. Т.Должмаа энэ тухайгаа “Би давсан цэцгээ бэр эгчтэйгээ хамтарч хийдэг. Эгч маань ч ялгаагүй гурван жаахан хүүхэдтэй.Нэг ёсондоо нэг айлын хоёр бэр нийлээд энэ бизнесээ эхлүүлсэн. Тиймээс пэйжээ Бэр цэцэгс гэж нэрлэсэн” гэв. 

 


САКУРА НЬ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ГОО ҮЗЭСГЭЛЭНГ БЭЛГЭДДЭГ

Хөдөлмөрч ээж Т.Должмаа одоогоор сакура, сарнай, гоо даль гээд олон төрлийн цэцэг урлаж байна.Эдгээрээс үйлчлүүлэгчид сакура болон сарнай цэцгийг илүү захиалдаг гэнэ. Учир нь сакура цэцэг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг бэлгэддэг бол сарнай нь үнэнч хайрын илэрхийлэл ажээ. Т.Должмаа бүтээлээ хийхийн тулд эхлээд давсаа хүнсний будагт оруулдаг. Ингээд бэлэн болсон түүхий эдээ зориулалтын хэвэнд цутгаж, чимхлүүр ажлуудыг хийж гүйцэтгэдэг гэнэ. 
Хийж байхыг нь хажуунаас нь  харахад цэцгийн дэлбээ, иш навч гээд бүхий л хэсгүүдийг нь төгс хийхийн тулд мэдрэмжээс гадна асар их сэтгэл зориулдаг нь харагдаж байв. Т.Должмаагийн хамгийн орлоготой үе нь удахгүй болох гэгээн хайрын баяр болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэнэ. 
Энэ үеүдэд хайртай гэргийгээ, найз бүсгүйгээ баярлуулах хүсэлтэй залуус ихэвчлэн түүнд ханддаг юм байна. Харин Т.Должмаагийн бэр цэцэгс үнийн хувьд том жижгээсээ хамаараад  30-40 мянган төгрөгийн хооронд байдаг гэнэ.  

 

“ЧАДАХГҮЙ НЬ ГЭЭД ХОЙШ СУУХЫГ ХҮСДЭГГҮЙ”

 

Т.Должмаагийн хувьд дөнгөж 25 настай, хоёр хүүхдийн ээж. Гэрийнхээ бүхий л ажлыг амжуулж, хүүхдээ харах, дээрээс нь цэцэг урлаж бүтээл хийдэг гэж бодохоор ийм турьхан бүсгүйгээс яасан их хүч хөдөлмөр, сэтгэл гардаг бол гэж залуухан ээжээр бахархаж суусан юм. Тэрбээр “Бага насны хүүхдийнхээ хажуугаар бүтээл хийх хэцүү. 
Гэхдээ чадахгүй нь гээд хойш суухыг хүсдэггүй. Хажууд хань болоод гэр бүлийнхэн минь дэмждэг учир би хөдөлмөрлөсөөр байх болно” гэв. Түүний хамгийн том туслах, зөвлөх нь түүний хань гэнэ. Нөхөр нь гэргийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж, бүхий л үед туслахаас гадна хүргэлтийг нь хариуцаж ажилладаг юм байна. Залуу гэр бүлийн хувьд байнгын захиалагчтай болж, энэхүү бизнесээс тодорхой, багахан орлого олчихдог тул цаашлаад өргөжүүлж, өөрсдийн лангуутай болохоор төлөвлөж байгаа гэнэ. 
Т.Должмаагаас хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүдэд урам өгөөч гэхэд “Гэртээ хөөрхөн мамагаа хардаг ээж нартаа хэлэхэд өөрийнхөө сонирхлыг нээж, цаг завтай үедээ түүнийгээ бага багаар хийж, өөрийгөө хөгжүүлээрэй. Миний хувьд  их захиалгатай үедээ хүүхдүүдээ хоёр талын аав ээжээрээ харуулдаг. Тиймдээ ч захиалга өгсөн хүмүүсийнхээ сэтгэлд бүтээл маань  100 хувь  хүрч байгаа . Манайхаас цэцэг авсан хүн заавал дахин захиалдаг. Анх ийм гоё бүтээлүүдийг хийх боломж олгож сургалтад суулгах эрх бэлэглэсэн ээждээ баярлалаа.  Мөн үргэлж дэмждэг гэрийнхэндээ хайртай гэдгээ уламжилъя" гэсэн юм. Хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөж байж амжилтад хүрдгийн тод жишээ нь Т.Должмаа ээж байсан юм. Түүний хийсэн цэцэгс эхлээд сэтгэлийнх нь гүнд соёолж, хүч хөдөлмөрөөр нь услагдсаар “Бэр цэцэгс” болон дэлбээгээ нээж, мянга мянган ээж, эмэгтэйчүүдийн  баяр баясал, аз жаргалтай мөчийн гэрч болж мөнхөрдөг ажээ.  

Эх сурвалж: "Зууны  мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 34 (7019)