Сүрнээгийн УЯНГА
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Тэгвэл энэ удаа Орхоны хөндийд Хархорум хот байгуулах ажил эрчимжиж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг урилаа.
ТҮҮХ, СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИШИГ, ЭКО БАЙДЛААР ХАРХОРУМ ХОТОО СЭРГЭЭН БАЙГУУЛАХ НЬ ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ
-Билэгт сайн өдөр төрийн тэргүүн Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргалаа. Гэхдээ Хархорумд хот байгуулах санал 1990 оноос хойш олон удаа гарч байсан ч тогтвортой, өргөн цар хүрээтэй судалгаа хийгдээгүй гэдэг. Ер нь хангалттай үндэслэл болохуйц үндэсний хэмжээний томоохон судалгаа байдаг уу?
-Их эзэн Чингис хааны 860 жилийн ойг тохиолдуулан 2023 оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхоны хөндийд шинээр Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргалаа.
Хархорум хот сэргээх хэд хэдэн үндэслэл шалтгаан бий. 800 жилийн тэртээ, Эзэн Чингис хаан их ор суусан 15 дугаар он, Цагаан луу жил буюу нийтийн тооллын 1220 онд Чингис хаан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг Монгол түмний ариун гал голомт, Орхон голын уудам хөндийд байгуулах зарлиг буулгаж байсан түүхтэй. Орхоны хөндий бол Монголчуудын өвөг дээдсийн ариун дагшин орон байж найман их эзэнт гүрэн байршсаны дотор Хүннү гүрний Луут хот, Жужаны Мөөмт, Уйгурын Хар балгас, Түрэгийн эзэнт гүрний томоохон хот суурин газрууд байсан ул мөр олдоод байна. Тэр хэрээр манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг гэж үздэг. Түүх уламжлал талаасаа Их эзэн Чингис хааны түүхт ойгоор 800 жилийн өмнө гаргасан их хааны зарлигийг Төрийн тэргүүн өнөөгийн Монгол Улсын төрийн залгамж чанарыг хүндэтгэн сэргээлээ гэж хэлж болно.
Хархорум хотыг сэргээн байгуулах асуудал сүүлийн жилүүдэд маш идэвхтэй яригдаж ирсэн. Ялангуяа, 1990 оноос хойш хэд хэдэн удаагийн УИХ, Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулагдсан. Анх 1998 онд Хархорум хотыг сэргээн байгуулах ажлын хэсгийг УИХ-ын түвшинд байгуулж байлаа. 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр шийдвэр гарган хот байгуулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулж, Орхоны хөндийд аль хэсэгт нь хүн ам суурьшиж суурьшлын томоохон бүс бий болох боломжтойг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах, түүнийг дагасан ус, хөрс, агаарын судалгааны ажил хийгдэж байсан.
Энэ хүрээнд шинэ Хархорум хот байгуулах асуудлаар томоохон хөшөө дурсгал болгож шав тавьж байсан түүхтэй. УИХ-аар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн баримт бичигт Орхоны хөндийд шинэ суурьшлын бүс байгуулах асуудлыг тусгаад явж байна. Суурин иргэншилтэй болж хотжилт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед нийт хүн амын тал хувь нь дан ганц Улаанбаатар хотод аж төрж байгаа нь нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг дагуулж байна. Тиймээс нэг ёсондоо Улаанбаатарын утаа, түгжрэлийг бууруулах, нийслэлийг чиглэн ирж байгаа их нүүдлийг зогсоох, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, улс орны хөгжил зөвхөн Улаанбаатарыг түших биш хөгжлийн таталцлын дахин шинэ төвтэй болох зайлшгүй шаардлага бий болсон. Өнөө үед бий болж байгаа шинэ шаардлагыг хангах газар орны хувьд уламжлал түүхээ бодсон ч судалгаа шинжилгээгээ харсан ч Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах нь зүйтэй гэж үзсэн.
-Монголчуудын 2000 гаруй жилийн төрт ёсны уламжлал тасралтгүй үргэлжилсэн түүхт газар дахин нийслэл байгуулах нь. Хархорум бол дэлхийн соёл иргэншлүүдийг холбосон гүүр, Евразийн худалдаа арилжааны төв байсан гэдэг. Түүхэн судалгаа талаас нь тодруулбал сонин байх болов уу?
-Түүх соёлоо таниулж эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх байдал дутмаг байгаа. Гадны жуулчид ирээд 13 дугаар зуунд дэлхийг эзэгнэж байсан их гүрэн ямар байсан юм. Нүүдлийн соёл иргэншлийг тээж байгаа ард түмэн гэхээр малчин ахуйгаас өөр юу байх вэ гэдгийг сонирхохоос гадна олон зуун жилийн турш хадгалагдсан археологийн түүхэн олдворыг зөвхөн жуулчид гэхгүй ирээдүй хойч, шинэ залуу үедээ үзүүлж эх оронч үзлийг төлөвшүүлж байх ёстой. Тийм ч учраас төр засгаас санаачлан Чингис хаан музейг байгуулах зэргээр түүх соёлын бүтээн байгуулалтад анхаарч байна. Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулагдах юм бол мэдээж түүх соёлын гайхамшигтай бүтээн байгуулалтууд хийгдэх шаардлага бий болно. Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг 800 жилийн өмнө байгуулахдаа дэлхийн нийслэл гэж нэрлэгдэх хэмжээнд очтол алдаршсан байдаг. Түмэн амгалант ордноос эхлээд маш олон гайхамшигтай орд өргөө нь хүмүүсийн нүд, сэтгэл баясаж шагшин магтсан түүх тэмдэглэлүүд бий. Хархорум хотод ирж байсан олон судлаач, жуулчид, эрдэмтэн мэргэд судар бичгээ үлдээсэн.
Тухайлбал, Гийом де Рубрук “Хархорум хотыг орд харш, засаг захиргааны байшин барилгуудтай, олон улс орны Амбан сайдын төлөөлөгчийн газартай, худалдаа наймааны захууд, гар урлал, үйлдвэрийн газруудтай космополитан буюу олон соёлын дэлхийн хот” хэмээн тодорхойлсон. Сирийн түүхч Аль-Умари 1340 онд Хархорум хотыг дүрслэн бичихдээ “… гайхамшигтай сайхан хот, Эзэн хааны цэргийн дийлэнх нь байрладаг томоохон хуаран, үнэт гоёмсог, сүлжмэл эдлэл, тансаг эд агуурсын төв” гэжээ. Германы нэрт археологич, профессор Ханс-Георг Хюттель “Хархорум хот Монголын Их эзэнт гүрний нийслэл хот болохын хувьд Эзэнт гүрний харьяанд байсан олон үндэстэн угсаатны соёл, шашин шүтлэгийн янз бүрийн урсгалыг өөртөө агуулж байсан халуун цэг, дундад зууны үеийн Төв Азийн ертөнц дэх дахин давтагдашгүй онцлог бүхий төвлөрөл байсан юм. Аливаа шинэлэг таньж мэдэхгүй юм бүхэнд туйлын нээлттэй, хүлээцтэй ханддаг Монголын хаадын хичээл зүтгэлээр Хархорум хот нь XIII-XIV зууны үеийн олон соёлын нэгдэл болж байсан” гэж бичсэн байдаг. Тиймээс Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадын үйл хэргийг өнөө цагт судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх учиртай. Тийм ч үүрэгтэй. Төрт ёс, түүх, соёлын үнэт өвийг шингээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн, нүүдлийн болон суурин соёл, уламжлалыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, түүх, соёл, аялал жуулчлалын жишиг, эко хот байдлаар Хархорум хотоо сэргээн байгуулах нь түүхэн ач холбогдолтой үйл хэрэг хэмээн үзэж Ерөнхийлөгч зарлиг гаргасан.
ШИНЭ ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛСЭН
-Парламент, Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж шинэ хот байгуулах ажлыг шуурхайлахаар боллоо. Одоогийн байдлаар юу тодорхой болов, ажлаа эхлүүлэх хөрөнгө мөнгийг шийдвэрлээд явж байна уу?
-XX зуунд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд олон нийслэл, хотуудыг байгуулж ирсэн. Харин XXI зуун гарснаас хойш томоохон хот байгуулах ажил Хархорумаар эхлэх нь гэж хэлж болно. 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах тухай тогтоол баталсан. Өнөөдрийн Үндсэн хуулиар хот байгуулах процесс парламентын бүрэн эрхэд хамаардаг. Тэгэхээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, түүх соёл, аялал жуулчлал, төрийн захиргааны томоохон суурьшлын бүсийг бий болгох зорилгоор шинэ хот байгуулахаар тогтоолд тусгасан. Энэ хүрээнд 2023-2030 онд Хархорум хотыг байгуулахтай холбоотойгоор үе шаттай хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаад байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах ажлыг хариуцах Үндэсний хороо байгуулж Барилга, хот байгуулалтын сайд ахлахаар болж, дэд даргаар нь миний бие ажиллах шийдвэр гарлаа. Үндэсний хороо байгуулагдаж ажиллаж байгаатай холбогдуулан шинэ Хархорум хот байгуулах ашиглалтын өмнөх түр захиргааны төсөв мөнгө нь шийдэгдэж энэ долоо хоногоос ажилдаа орлоо.
Бүтцийн байгууллагуудын хийх эхний ажил бол шинэ хот байгуулахтай холбоотой газрын байршил хэмжээг тогтоох, хууль тогтоомжийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авна. Мөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр дэд бүтэц, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулахад олон улсын жишигт нийцүүлж ажиллах учиртай. Үүний тулд олон улсын мэргэжлийн байгууллага, үндэсний аж ахуйн нэгжийг татан оролцуулах ажлыг эхний ээлжинд хийх юм. Эдгээр ажлыг хийхэд Засгийн газраас 11.4 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 50 тэрбум төгрөгийн төсвийг гаргаж өгч байгаа. Ер нь шинэ Хархорумыг эко, ухаалаг хотын концепциор ТЭЗҮ, ерөнхий төлөвлөлт хийгдэх ёстой.
Хархорум хотыг Улаанбаатартай холбох эхний ээлжийн дэд бүтцийн шийдлүүдийг гаргах нь чухал байна. Өмнө нь олон улсын түвшинд ярьж, хэлэлцэж ирсэн зүйлсээ сэргээж идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-г боловсруулах ажлыг БНСУ-тай эхлүүлэхээр боллоо. Шинэ Хархорум хотод олон улсын зэрэглэлтэй нисэх онгоцны буудал байгуулахад Турктай хамтрахаар 2018 оноос ажлаа эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Туркаас судалгааны ажлын хэсэг хоёр удаа манай улсад ирж салхины урсгал, ерөнхий зураг төслөөс эхлээд байгаль цаг уурын нөхцөл байдал хангагдах эсэхийг судалсан. Мөн хурдны галт тэрэг, дөрвөн эгнээ хагас хурдны авто замыг ч төлөвлөх шаардлагатай байна.
-Хот байгууллаа гэхэд эрчим хүчний эх үүсвэр, усны нөөцийг хэрхэн тооцож байна вэ. Цахилгаан станцыг нүүрсээр хангана гэвэл хаанаас зөөх вэ гэдэг асуудал гарч ирнэ?
-Өмнөх судалгаануудыг харж байхад Хархорумд тулгамдаж байгаа нэг томоохон асуудал нь эрчим хүчний эх үүсвэр. Ойрын бүсэд нүүрсний эх үүсвэр бараг байхгүй. 300 гаруй км-т гэвэл Баянтээгийн уурхай бий. Булганд жижиг хэмжээний нүүрсний илэрцүүд байгаа. Баянхонгор, Архангайд нүүрсний орд байхгүй. Хэрэв нүүрсээр цахилгаан станцын асуудлыг шийднэ гэвэл маш холоос татах хэрэг гарна. Үүнээс гадна эко хот байгуулах зорилготой уялдуулаад харвал нүүрсний эх үүсвэр төдийлөн зохимжгүй. Тиймээс нар салхины станц, сэргээгдэх эрчим хүчээр хангах судалгуунууд багагүй хийгдсэн. Магадгүй шинэ Хархорумд атомын цахилгаан станц байгуулахыг ч үгүйсгэхгүй.
ШИНЭ ХАРХОРУМ ТҮҮХ, СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ТӨРИЙН ЗАХИРГАА, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ТӨВЛӨРСӨН ЭКО, УХААЛАГ ХОТ БАЙХ ЮМ
-Суурьшлын шинэ бүс, хоёр дахь том хот нь Хархорум байх нь. Хархорум хотыг сэргээн байгуулах нь асар том бүтээн байгуулалт бөгөөд ихээхэн цаг хугацаа, төсөв хөрөнгө, нөр их хөдөлмөр, зүтгэл шаардагдах нь ойлгомжтой?
-Түүхэн талаасаа хот байгуулахад зохимжтой гэж Орхоны хөндийг сонгосон. Сүүлийн 30 гаруй жилд нэлээдгүй судалгааг үндэсний хэмжээний мэргэжилтнүүд хийлээ. Ус, хөрс, агаар, байж болох дэд бүтцийн уулзваруудыг судаллаа. Гэхдээ 500 мянган хүн амтай томоохон хот суурин байгуулах юм бол олон улсын стандарт, жишигт нийцүүлсэн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж байж гаднаас хөрөнгө оруулалт татна. Үүний тулд олон улсын хөгжлийн чиг хандлагаар эко, ухаалаг хот байгуулахыг зорьж, эхний ээлжинд гадаадын зээл тусламжийн хүрээнд 10 гаруй сая ам.долларын хөрөнгө гаргаад урьдчилсан ТЭЗҮ зураг төслийг боловсруулахаар цаашид хэр хэмжээний төсөв шаардлагатай, хэдэн үе шаттай хийгдэх, хэчнээн хүн суурьшиж болох гээд тооцоо судалгаа гарч ирнэ. Энэ бүхний дараа илүү тодорхой болно. Ер нь бол шинэ Хархорум руу Ерөнхийлөгчийн институт, хууль шүүхийн байгууллага, зарим их, дээд сургуулийг шилжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, шинэ Хархорум бол түүх, соёл, аялал жуулчлалын, төрийн захиргааны, боловсролын байгууллага төвлөрсөн эко хот байгаасай гэж хүсч байна. Зураг төсөл гарсны дараа зарим зүйлс тодорхой болно.
-Ерөнхийлөгчийн институт нүүхтэй холбоотойгоор олон нийтийн дунд зарим нэг шүүмжлэл гарсан. Төрийн гурван өндөрлөг, хууль шүүхийнхэн нь шинэ хот руу нүүвэл Улаанбаатарт “хэн” үлдэх вэ. Төрийн үйл хэрэг хэрхэн үргэлжлэх вэ гэдэг асуудал хөндөгдсөн?
-Ерөнхийдөө төрийн захиргааны зарим байгууллагуудаа шилжүүлж байж суурьшлын бүс болох юм гэснээс биш урьдчилсан зураг төсөл, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөлт ч гараагүй байхад хэн, хаашаа нүүхийг ярих боломжгүй. Ялангуяа, ард түмэн Улаанбаатарт үлдэнэ гэсэн асуудал байхгүй. Хот байгуулна гэдэг бол хүн амьдрах аятай таатай нөхцөл, суурь дэд бүтцийг нь төр бий болгож өгөх ёстой. Үүний дараа шинэ хотод хүссэн хэн бүхэн очоод амьдарч болно. Харин дэд бүтэц, төр, нийгмийн үйлчилгээ гээд бүх нөхцөл боломжийг бий болгож байж хүн амьдарна. Улаанбаатараас хүн очих уу, өөр аймгуудаас уу гэдгийг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй. Улаанбаатар Хархорин хоорондоо 360 км зайтай. Шинэ нисэх онгоцны буудал, хурдан галт тэрэгтэй болчихвол Улаанбаатар Хархорумын хооронд 20 минутаас цагийн дотор ирж очих боломжтой. Энэ мэт дэд бүтцийн шийдлүүдийг хийж өгч байж хүмүүс очиж амьдарч суурьшил бий болно.
Төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, нийгмийн суурь үйлчилгээг хангасан, суурьшлын шинэ бүсүүдийг байгуулах шаардлагатай.
Өнөөдөр Улаанбаатар хотод саяас илүү хүн амьдрахад бэрхшээлтэй. Дөрвөн уулын дунд, агаарын урсгал нь задгай биш. Дээр нь жил бүр 30-40 мянган хүн Улаанбаатар руу шилжиж ирж байна. 5-10 жилийн дараа нийслэлийн хүн ам, ачаалал ямар байхыг мэдэхгүй. Ерөнхий дүр зургаар харвал шинэ Хархорум Монгол Улсын дараагийн 50-100 жилийн хөгжлийн шийдэл байхаас гадна ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг илтгэсэн, оюун санаа, шинжлэх ухаан, соёл, боловсрол, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн XXI зууны хөгжлийн шинэ төв болох боломжтой гэж үзэж байгаа.
-Орчин үеийн шинэ хот барьж байгуулахад техник технологийн өөрчлөлтөөр Орхон Тамирын хөндийн дурсгалуудад нөлөө үзүүлэх вий, мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох талаас нь анхаарах хэрэгтэй зэргээр эрдэмтэн судлаачид санал шүүмжлэл хэлсэн байна лээ?
-Яг өнөөдрийн Хархорин сум байрлаж байгаа бүс нутаг бол ЮНЕСКО-гийн дэлхийн өвд ордог. Тодруулбал, олон зуун түүхэн сурвалж, археологийн судалгааны баримт нотолгоонд үндэслэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо 2004 онд Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалуудыг хүн төрөлхтний түгээмэл үнэ цэнт соёлын өв мөн болохыг хүлээн зөвшөөрч, “Соёлын дурсгалт газар” ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан. Тиймээс Орхоны хөндийг бүхэлд нь хамруулж судалгаа хийж байгаа. Эхний ээлжинд 500 мянган хүнтэй хот байгуулах төсөөлөл бий. Магадгүй эхэндээ 100 мянган хүнтэй хот байгуулах, хоёрдугаар шатандаа 300, дараа нь 500 мянган хүнтэй байж болно. Энэ үүднээс харвал одоогийн Эрдэнэ зуугаас эхлээд Тоглохын тал буюу Хүннүгийн Луут хотын хэсгийг бүхэлд нь судалж байна. Эхний ээлжинд гурван газарт хүн амын суурьшлын бүс байж болох юм гэсэн судалгаа гарсан.
Нэгдүгээрт, Хархорин сумын хойд талд байдаг Орхоны онгоцон ухаад 40 гаруй мянган га газрыг барилгажуулж болох юм. Хоёрдугаарт, Уйгурын Хар балгас гэж ярьдаг Түрэгийн хөшөөг хамруулж Орхон голын баруун, зүүн хоёр эрэгийг дагасан 140 мянган га газар, үүнээс хойшлоод Архангайн Өгий нуур, Хотонт, Тоглохын талд 40 гаруй мянган га газрыг барилгажуулж хот байгуулах бүрэн боломжтой гэсэн судалгааны дүгнэлтийг урьдчилсан байдлаар Монгол Улсын эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын түвшинд гаргаж ирсэн. Энэ судалгаан дээр түшиглээд 200 гаруй мянган га газрыг барилгажуулж болох гэсэн үндэслэл гарч, хаана нь ямар байршилд хот байгуулах боломжтойг судалж байна. Орхоны хөндий 30-40 км өргөнтэй, 100 гаруй км үргэлжилдэг. Энэ хөндий дэх түүх соёлын дурсгалт газруудыг яаж авч үлдэх, археологийн судалгаануудаа хэрхэн хийх, хаана нь барилгажуулж газрын хөрсийг нь хөндөж болох юм гэдгээ нарийвчилж гаргана. Тэгэхгүйгээр Хархорин суманд ч юмуу хот байгуулна гэвэл тэнд дэлхийн өвд бүртгэгдсэн түүхийн дурсгалууд хөндөгдөх эрсдэлтэй. Тиймээс Хархорин сумаас хойш Орхон голын усны эх үүсвэрийг дагуулж судалгааны ажлууд хийгдэж байна.
-Таны хувьд нэлээн эртнээс Хархорум хот байгуулах ажилд идэвхтэй оролцож ирсэн. Гэтэл санаачлага гараад 30 гаруй жил болж байхад яагаад ажил хэрэг болохгүй удсан юм бэ?
-Хот байгуулах санаачилга олон удаа гарсан. 2005 оноос хойшхи бүр процесст миний бие оролцож байлаа. Тухайн цаг үедээ төсөв мөнгөтэй холбоотой хүндрэлүүд байсан. Мөн эрчим хүчний эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг судлах шаардлага үүссэн. Төр засгийн удирдлагууд ойрхон солигдож байсантай холбоотойгоор бодлого тогтвортой байж чадаагүй. Сүүлд 2019 онд УИХ-аар баталсан “Алсын-Хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг гаргахдаа Хархорумаас өөр шинэ хот байгуулах газар байхгүй гэдэгт санал нэгдлээ. Одоо энэ ажил нэлээн эрчимтэй, тогтвортой явна гэж бодож байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 31, 32 (7016, 7017)