Д.ДАРАМБАЗАР 

 

Мас-рестлинг буюу модон барилдааны спорт манай улсад эрчимтэй хөгжиж буй төрлийн нэг билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа өнгөрсөн онд Орос улсын Саха Якутад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн мас-рестлингийн тамирчин Б.Энхтуяаг онцоллоо. Түүний хувьд Укбекстан улсад болсон Азийн аваргаас мөн хүрэл медаль хүртсэн бөгөөд Турк улсад болсон Дэлхийн нүүдэлчдийн наадмын шагналт байранд шалгарсан шилдэг тамирчин юм. 

 

ХАМГИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧ БОЛ БИ ӨӨРӨӨ 

Мас-рестлинг буюу модон барилдаан нь ОХУ-ын Сахагийн ард түмний баялаг өв соёлын салшгүй нэг хэсэг болох бие бялдар, оюун санааны бэлтгэлийн бэлгэдэж ажээ. Энэхүү спорт нь хүүхэд, залуучуудад хүмүүжил, төлөвшил,  бие бялдар, оюун санааны боловсрол олгох олон талын ач холбогдолтой халз тулааны төрөл гэж Б.Энхтуяа тамирчин тайлбарласан юм. Тэрбээр “Энэ спорт монгол хүний биеийн онцлогт тохирсон гэж би  боддог. Хөл гар, нуруундаа бяртай бол техникээ сураад энэ спортоор хичээллэхэд ямар ч хүндрэлгүй” гэсэн юм. Үүнээс гадна Б.Энхтуяа тэмцээний өмнө ямар ч тамирчинтай таарсан, өөрийгөө ялах нь чухал байдаг. Амжилт бол хичээл зүтгэлийн үр дүн хэмээн ярьж байсан юм. Түүний хувьд 2022 онд энэ спортоор хичээллэх саналыг Модон барилдааны холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгээс авч байжээ. Хичээллэж эхэлсний дараа өдрөөс л энэ спортод дурлаж, амжилт гаргахыг хүсдэг болсон гэнэ. Тиймээс өмнөх амжилтаа ахиулан дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлэх нь миний хамгийн том зорилго гэж байлаа. 

 

САВАА МОД БУЛААЛДАЖ БАЙГАА Ч АВХААЛЖ САМБААГ ИЛҮҮ СОРЬДОГ

Модон барилдааны спортод зөвхөн чадалтай байгаад амжилт гаргана гэж ойлгож болохгүй гэнэ. Энэ спорт нь техникээ зөв сурч, мэдрэмжтэй байхыг шаарддаг. Хэрэв тухайн тамирчин чадалтай байлаа ч техникээ муу эзэмшсэн бол өөрийгөө гэмтээх аюултай ажээ. Үүнээс гадна харааны чадвар  сайн байх хэрэгтэй гэсэн. Тэмцээний үед давхар ажиглалт хийж барилдах нь амжилтад нь нөлөөлдөг ажээ. Б.Энхтуяа тамирчин “Манай улсад модон барилдааны спорт дөнгөж л хөгжиж эхэлж байна. Энэхүү спортыг эхнээс нь сайн ойлгож, зөв хичээллэж чадвал тив дэлхийд гарах боломж бүрэн бий” гэж хуучилсан юм. Тэрбээр цааш нь “Үзэгчдийн нүдээр хоёр хүн суугаад саваа мод булаалдаж байгаа мэт харагдавч тамирчид тухайн үед маш их энерги, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, техник, ур ухаан гаргаж өрсөлддөг. Энэ спортоор хичээлснээр хүн сайн төвлөрч сурдгаас гадна бүх биеийн булчинг жигд хөгжүүлдэг” гэв. Тиймээс ямар ч спортын тамирчин энэ төрлөөр хичээллэх боломжтой гэнэ. Одоогоор Монголд Мас-рестлингээр хичээллэдэг 300 гаруй залуус бий. Энэхүү спортоор Якут, Кергизийн тамирчил өндөр амжилт гаргадаг ажээ. Энэ улсын тамирчид техникийн бэлтгэлдээ түлхүү анхаардаг юм байна. Харин монгол тамирчдын хувьд бие бялдар, тэсвэр тэвчээр, биеийн хөгжлөөрөө илүү байдаг тухай Б.Энхтуяа тамирчин онцолсон юм.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 26 (7011)