М.ЗҮЙР

 

Монгол Улсын түүхэнд анх удаа хоккейн дэлхийн аваргын тэмцээн болохтой холбоотой Мөсөн өргөө ордны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Булганбаяртай ярилцлаа. Тэрбээр одоо АНУ-д энэ чиглэлээр туршлага судалж байгаа аж. 

 

-Монголын түүхэнд анх удаа хоккейн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн аваргын IV дивизийн тэмцээн болох гэж байна. Үүнд мэдээж таны оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг бий байх? 


-Монголчуудын, ялангуяа хоккейчид, хоккей сонирхогч, дэмжигчдийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Тэртээх 1945 оны арванхоёрдугаар сарын 23-нд III, IV хорооллын дэнжид Ю.Цэдэнбал дарга тэргүүтэй тухайн үеийн төр, засгийн удирдлагууд Монголын анхны задгай мөсөн талбайг сүр дуулиантайгаар нээж байсан энэ спорттой холбоотой түүх, дурсамж байдаг.  
Үүнээс хойш 78 жилийн дараа 2021 онд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санаачилгаар Монгол Улсад анхны битүү дээвэртэй мөсөн өргөө ашиглалтад орсон нь бидний төсөөлөлд байсан мөрөөдөл биеллээ олох боломжтой болсон юм. 

Дашрамд Мөсөн өргөө ордны бүтээн байгуулалтыг санаачилсан Степпе Арена ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан, түүний санаачилгыг дэмжсэн ЮПС, МАК, Степпелинк холдинг компани, хөрөнгө санхүүжилтийн ачааны хүндийг үүрсэн “Ачит Ихт” компанийн удирдлага, хамт олонд хоккейчид, хоккей сонирхогчдын өмнөөс чинь сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. 
Энэ хүмүүс зоригтойгоор Мөсөн өргөө ордны бүтээн байгуулалтыг эхлүүлээгүй бол Монголын хоккейн хөгжил дахиад 20-30 жилээр хоцрох байв. Монгол шинэ ордонтой болсноос хойш ердөө нэг жилийн дотор Дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо хүлээн авах шийдвэр гаргуулж чадлаа. Мөн шайбтай хоккейн Дэлхийн аваргын IV дивизийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Олон хүний уйгагүй, нүсэр хөдөлмөр зүтгэлээр Монголд энэ төрлийн спорт хөгжлийн шинэ шатанд гарсан юм. Монголчууд хоккейн спортоор дэлхийн дэвжээнд тоглох өдөр ирэхийг, түүнийг цэнхэр дэлгэцээр, эх орныхоо нийслэлд олон улсын стандарт, шаардлагын дагуу баригдсан Мөсөн өргөөнд тухлан сууж үзэх өдөр биеллээ оллоо. 

 


-Ингэхэд та өөрөө хоккей тоглодог уу. Ярианы өнгөнөөс ажиглахад хоккей их сонирхдог бололтой?


-Би хүүхэд байхдаа Булган голын мөсөн дээр тоглож өссөн. Тэр үед хоккейтой төстэй тоглоом тоглодог л байж. Гарын доорх мод чулуугаар цохиур хийж, үхрийн хөлдүү аргалаар хоккейн шайбыг орлуулаад тоглодог байсан гэхээр хоккейтэй их төстэй санагдаж байна /инээв/. Миний хувьд хоккей тоглохоосоо илүү сонирхдог, хоккейн спорт Монголд дэлхийн жишгээр хөгжөөсэй гэж хүсдэг монголчуудын нэгэн төлөөлөл. Хүүхэд наснаас хойш мөсөн дээр гарч ингэж тоглохгүй 18 жил болсон байсан. 2014 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байхдаа энэ спортод элэгтэй, сонирхолтой хүмүүстэй “Мэргэн” хоккейн академид очиж тоглодог боллоо. Үүнээс хойш бид хамтдаа хоккейн спортыг олон нийтэд сурталчлах зорилгоор хоккей сонирхдог, тоглодог бизнес эрхлэгчид болон нөлөө бүхий улстөрчдийг оролцуулан томоохон тоглолтыг хоёр удаа  зохион байгуулсан. Эдгээр тоглолтод Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга, Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, МАОЭН холбооны Ерөнхийлөгч Х.Ганбаатар, Хоккейн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Мэргэн Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт зэрэг олон хүн энэ спортыг сонирхож, хорхойсч оролцож байсан. “Мэргэн” хоккейн академийн ерөнхийлөгч А.Мэргэн энэ спортод улс төрийн дэмжлэг авахын төлөө, баг тамирчдаа олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцуулж байснаараа өнөөдрийн энэ амжилт, нэгэн цагт мөрөөдөж байсан бүхэн бодит болоход хүчтэй нөлөө үзүүлсэн хүн.


-Удахгүй Монголд болох дэлхийн аваргын тэмцээн хэзээ, ямар зохион байгуулалттай болох талаар товч мэдээлэл өгөөч?


-Зохион байгуулалтын ажлыг хариуцаж байгаа хүмүүс бас дэлгэрэнгүй, сонирхолтой мэдээлэл өгөх байх. Шайбтай хоккейн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 11-18-нд, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV дивизийн тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Мөсөн өргөө ордонд болохоор товлогдсон байна. Энэ тухай шийдвэр намайг ажил хариуцаж байх үед яригдаж эхлээд, өнгөрсөн аравдугаар сард Абу Дабид болсон Олон улсын шайбтай хоккейн холбооны конгрессын хурлаар эцэслэгдсэн юм. Дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулна гэдэг тухайн улсад маш олон талын давуу байдлыг, үр өгөөжийг өгдөг. Наад зах нь олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах туршлага, арга ажиллагаанд суралцах, тамирчин, дасгалжуулагчдын ирэх явах зардал, үзэгч хөгжөөн дэмжигч, байр хоол унааны зардал хэмнэнэ. Нөгөө талаар тэмцээнд оролцож буй орон орны тамирчдаар дамжуулан эх орноо олон улсын мэдээллийн хэрэгслээр дэлхийд сурталчлах маш том боломж нээгддэг. Монгол дэлхийн сая сая үзэгч, сонсогчдод хүрснээр манай аялал жуулчлал хөгжих, эдийн засаг сэргэхэд бас нэг томоохон алхам болдог. 


-Монголын хоккейчид хэзээ дэлхийн топ дивизд тоглох бол?


-Монголын хоккейчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний топ дивиз рүү орох боломж байгаа, бүрэн боломжтой. Манайхтай ойр хиллэдэг, түүх соёл, байгаль цаг агаар, газарзүйн байрлалын хувьд олон зүйлээрээ төстэй Казахстаны эрэгтэй шигшээ баг топ 16-д багтдаг. Манайд нөхцөл боломж, бэлтгэлийн орчин, бааз бүрдсэн нь ойрын жилүүдэд дээд ангилал руу шат дараатай ахиад явах боломжтой. Мэдээж энэ бүхэн алга эргүүлэхтэй адил 1-2 жилийн дотор биеллээ олоход хэцүү. Олон жилийн, олон хүний хамтын ажиллагаа, дэмжлэгээр бүтдэг ажил. Хоёр жилийн өмнө Монголд байнгын ажиллагаатай анхны мөсөн ордон ашиглалтад орж байсан бол одоо Нүхтэд, Чингэлтэй дүүрэгт жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилт хийх боломжтой байгууламжууд ашиглалтад ороод байна. 

 


-Монголын хоккейчид эх орондоо дэлхийн хоккейчидтой хүч үзэхийг удахгүй харах нь ээ. Энэ удаагийн ДАШТ-д аль орны тамирчид ирж оролцох вэ?


-Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Арабын нэгдсэн Эмират, Энэтхэг, Индонез, Иран, Хятадын Макао, Сингапур, Тайланд, Узбекстан улсууд, дэлхийн аваргын тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, Филлипин улсын тамирчид оролцоно. Дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо хүлээж авахад хатуу шалгууртай. Тухайлбал, бүх насны ангилалд лигийн багуудтай байх ёстой. 
Мөсөн өргөө баригдахаас өмнө Монголын хоккейчид гадаа талбайд өвлийн хасах 20-30 хэмийн хүйтэнд харанхуй болтол тоглож, бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан бол одоо олон улсын стандартын дагуу баригдсан дулаан, тав тухтай орчинд бүх насны ангилалд лигийн тэмцээнээ зохион явуулах боломжтой болсон. Цаашдаа аймгуудын лигийн багууд хүчирхэгжээд ирэхээр Монголын хоккейн одод илүү гялалзах өдөр ирнэ дээ.  


-Мөсөн өргөөнд олон улсын чанартай ямар, ямар арга хэмжээ зохион байгуулагдав?


-Мөсөн өргөө бол мөрөөдлийн өргөө. Урлаг спортын торгон мөчийг хажуухнаас нь мэдрэх боломжтой амьд орчин. Энд зарим нь дэмждэг багийнхаа тамирчдын ялалтыг тэмдэглэж хөөр баяр болж байхад зэрэгцээд ялагдсан багийн тамирчид, дэмжигчид нь гуниглаж, харамсаж байдаг. Нэг үгээр хэлбэл хүний сэтгэл хөөрлийн бүх мөчийг нэг дороос харах боломжтой ид шидийн орчин. Өнгөрсөн жил бид Олимпын наадмын оноо тоолох жүдо бөхийн 2022 оны хамгийн анхны тэмцээн Улаанбаатарын их дуулгыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Тэмцээний хаалтын арга хэмжээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбооны Ерөнхий захирал Marinescu Vlad манай хамт олонд талархсанаа илэрхийлж өөрийнхөө энгэрт байсан олон улсын жүдо бөхийн холбооны тэмдгээ миний энгэрт зүүж өгч байсныг дурсахад таатай байна. 


Мөн Азийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг авахаар бэлтгэлээ бүрэн хангаад, тасалбар борлуулалтаа эхлүүлчихсэн байсан ч харамсалтай нь ковидын үеийн Японы транзит тээврийн зохицуулалтын хүндрэлээс үүдэж тэмцээн гэнэт цуцлагдсан.  Гэхдээ өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улс энэ тэмцээнийг эх орондоо хүлээн авч Мөсөн өргөөнд болсныг санаж байгаа байх. Олон улсын хоккейн “Friendship Cup Mongolia 2022” нөхөрсөг тэмцээнийг мөн амжилттай зохион байгуулсан. 


Мөсөн өргөө ордонд бид анх удаа Мөсөн дээрх циркийн шоу тоглолтыг гурван өдрийн турш үзэгч олондоо хүргэсэн. Циркчдийн хувьд жинхэнэ мөрөөдөл биелсэн үйл явдал болсон юм, тэгэхэд. Сагсан бөмбөгийн Оюутны лигийн финал, Үндэсний лигийн аваргын финал, Бүх оддын тоглолт зэрэг дотоодын болон олон улсын маш олон тоглолт, арга хэмжээнүүд болсон байна. Бас нэг зүйлийг онцлоход Япон улсад суралцаж буй Г.Марал-Эрдэнийг ээжтэй нь хамт урьж авч ирж Монголын охид хөвгүүдэд уран гулгалтын анхан шатны мэдэгдэхүүн олгох, чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулсан нь маш олон хүний талархлыг хүлээсэн юм. Мөсөн өргөө манай нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг МУИС-ийн ЭЗХ-ээс судлахад их сонирхолтой тоо, статистик гарсан байдаг юм билээ. Ганцхан жишээ дурдахад 2022 оны эхний хагас жилийн байдлаар гадна, дотоодын 200.000 гаруй үйлчлүүлэгч Мөсөн өргөөгөөр үйлчлүүлсэн байдаг. Хүн амын тоотойгоо харьцуулахад ийм том тоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ямар ч спорт, урлагийн танхимын түүхэнд сонсогдож байгаагүй гэдгийг онцолж хэлье.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 7 (6992)