Д.ДАРАМБАЗАР
“Зууны мэдээ” сонин “Төрийн хишигтэн” булангийнхаа ээлжит зочноор 1968 оны Мехсикийн Олимпод эх орноо төлөөлөн амжилттай оролцсон эмэгтэй спортын гимнастикийн анхдагчдын нэг, Монгол Улсын Гавьяат багш Д.Норолхоог урилаа. Тэрбээр гимнастикийн спортод 55 жил зүтгэхдээ Спортын мастер болон олон улсын шилдэг тамирчдыг бэлтгэсэн юм.
-Олон жилийн цаг хугацаа, хөдөлмөрийг тань үнэлж, Монгол Улсын Гавьяат багш хэмээх цолыг олголоо. Шагналаа гардах мөч амьдралд тань хамгийн сайхан мэдрэмж төрүүлсэн агшин байсан байх?
-Шагналаа гардах мөчид сандрал, догдлол дүүрэн байлаа. Бас өнгөрсөн дурсамжууд сэтгэлд минь хөвөрч, халгилаа. Анх гимнастикаар хичээллэж эхлэхэд гимнастикийн анхдагч Д.Норов багш маань өөрийн шавиа болгон тосон авч байсан. Түүнийг нь мэдэхгүй зааланд ороод л бэлтгэлээ хийдэг байж билээ. Энэ бүхэн минь шагнал хүртэж байх агшинд тодхон санагдаж, гимнастикийн спортоор хичээллэж байсан алтан нөхөдтэйгөө Олимпын наадамд оролцож байсан үе минь нүдэнд харагдаж байлаа.
-18 хан настайдаа Олимпод оролцож явсан үеэ дурсахгүй юу?
-1964 оны Токиогийн олимпод манайх таван төрлөөр орохоор болсон юм. Үүнд манай улсын гимнастикчид баг хамт олноороо амжилттай оролцоод ирсэн. Харин хоёр дахь олимпод баг нь бүрдэж амжаагүй байсан тул Д.Норов багш намайг бэлтгэлдээ дуудаад тэмцээнд оролцоно шүү гэж хэлсэн. Тухайн үед тэмцээн гэдгийг нь хэлээгүй. Би ч өдөр бүр зааландаа ирж ах эгч нартайгаа тууштай бэлтгэл хийсэн. Тэгэхэд манай багт гурван эмэгтэй тамирчин байсан. Би багийнхнаасаа хамгийн бага нь 18 настай. Олимпод гимнастикийн төрлөөр гурван тамирчин оролцсоны хоёр нь олон улсын тэмцээнд оролцож байсан туршлагатай байсан. Харин би ямар нэгэн том тэмцээнд оролцож үзээгүй л онгоцонд суусан. Онгоцноос буусны дараа эгч нараасаа асуухад “Чи Олимпод оролцохоор Мехсик улсад ирсэн шүү дээ” гэсэн. Би ихээр гайхаж, цэнгэлдэх хүрээлэн рүү орсон. Гимнастикийн тэмцээн зохиогдох талбайд төрийнхөө далбааг өргөн явж байгаа тамирчны хажууд зогсоод өөрийгөө аварга болчихсон юм шиг төсөөлж, их баярлаж байлаа. Олимпод оролцоно гэдэг ховор хувь заяа юм шүү.
-Олимпод оролцож байхдаа бэртэлтэй байсан гэдэг нь үнэн үү?
-Спортын гимнастик гэдэг олон янзын техникүүдийг үзүүлдэг. Спортын хэрэглэл хүртэл өөр санагдаж, бэлтгэл хийх мэдрэмж үнэхээр сайхан байлаа. Гэтэл бэлтгэл хийж байхдаа өвдгөндөө гэмтэл авчихсан. Тэмцээн ч хоёр хоногийн дараа болж, хөлдөөгч цацаад л тэмцээндээ оролцсон. Үзүүлбэрүүдээ гүйцэтгэж байх үедээ ямар ч бэртэлгүй мэт дасгалаа хийж тэмцээнийг дуусгасан. “Хэрэглэл” гээд ярихаар манайхан гайхаж магадгүй. Спортын гимнастикийн төрөл бүр өөр өөрийн гэсэн хэрэглэлтэй байдаг. Модон морь, савлуур, чөлөөт хөдөлгөөн, дамжуурга гэсэн дөрвөн хэрэглэл нийлж байж нийт амжилт нь тооцогддог хүндхэн спортын төрлүүдийн нэг. Спортын цагаан толгой гэгддэг гимнастик дотроо уран сайхны болон спортын гимнастик. Үүнээс манай тамирчид спортын гимнастикаар илүү амжилт үзүүлсэн байдаг.
-Тухайн үеийн олимпоос манай улс ямар амжилттай ирсэн юм бэ?
-Нэгдсэн дүнгээр өндөр амжилт гаргаагүй ч чөлөөт хөдөлгөөн, савлуур, дамжуурга, модон морины харайлт гээд төрөл тус бүрээр ярьвал оролцсон тамирчдын маань амжилт нэлээн дээгүүр байсан. Харин бидний хувьд хамгийн том амжилт нь Олимп болон ДАШТ-ээс 18 алтан медаль хүртсэн Оросын домогт гимнастикч Лариса Ладининатай анх олимпын дэвжээнээ танилцсан нь бидний медаль авсантай дүйцэхүйц туршлага, амжилт болсон. Бид чинь тэр үед Зөвлөлтийн сэтгүүлүүдээс Ларисагийн зургийг олж хайчлаад дэвтэртээ нааж шүтэн биширдэг байснаас биш нэг зааланд, нэг тавцанд зэрэгцэж зогсоод өрсөлдөнө чинээ төсөөлж байгаагүй.
-Та олимпод 18 настайдаа оролцож байсан гэхээр их л багаасаа спортод хөл тавьж дээ?
-1950-1960 аад оны үед бүх нийтийн биеийн тамир, тэр дундаа уран хөдөлгөөнт гимнастикийг сургуулиудаар их заадаг байсан. Гимнастикаар сургуулиасаа шалгарсан хүүхдүүд улсын наадамд оролцдог байлаа. Харин миний хувьд 1960 оны дундуур Ардын хувьсгалын 40 жилийн ойн гимнастикийн тоглолтод орох сурагчдын шалгаруулалтад орж тэнцсэнээрээ энэ спорттой холбогдсон. Анх 1961 оны биеийн тамирын их наадамд гимнастикийн төрлөөр оролцсоноор тэмцээний маань гараа эхэлсэн түүхтэй.
-Та сургуулиа төгссөнийхөө дараа энэ спортын багш дасгалжуулагч болсон юм билээ. Багш болоод хамгийн түрүүнд шавь нартаа ямар бэлтгэлийг зааж байв?
-Сургуулиа төгсөөд л спортын гимнастикийн багшаар томилогдсон. Багш болсоныхоо дараа очсон сургуулийнхаа хүүхдүүдэд 16 тоот дасгал зааж эхэлсэн. Ингэснээр спортын гимнастикийн суурь шатыг хүүхдүүд маань сурч, шилдэг тамирчид болох эхлэл нь тавигдсан. Гимнастикийн спортоор хичээллэх гэж байгаа хүүхдүүд суурь сайн байх хэрэгтэй. Тиймээс л 16 тоотыг хийлгэх нь анхан шатны хичээл болсон.
-Гимнастикаар хичээллэснээр илүү уян хатан болдог байх?
-Гимнастик бол бүх спортын цагаан толгой гэдэг. Энэ спортоор хичээллэж байгаа тамирчин ямар ч спортоор хичээллэсэн зөв суурьтай болдог. Гимнастикийн спорт нь биеийг өв тэгш болгодгоороо онцлогтой. Мөн спорт, урлагийн нийлмэл учир энэ спортод орох хүүхдүүдийн хүслийг илүү бадрааж өгдөг.
-Аль ч спортод бэртэл гэмтэл тохиолддог. Та хүүхдүүддээ бэртлээс хамгаалах талаар юу гэж захидаг вэ?
-Спортын гимнастикчид бэлтгэл дээрээ алдаа гаргаснаасаа болж бэртэх нь их тохиолддог. Бэлтгэлээ сайн хийсэн хүн тэмцээн дээр түрүүлэх боломж нэмэгддэг. Тиймээс бэлтгэлээ аль болох болгоомжтой хийж, өөрийгөө эрсдлээс хамгаалах нь чухал. Мөн сунгалт сайн хийх хэрэгтэй. Ингэснээр эрсдлээс өөрийгөө сайн хамгаалж чадна. Энэ бүхнийг л бэлтгэл эхлэхийн өмнө хүүхдүүддээ сайн хэлж, хамгаалдаг.
-Спортоор хичээллэх нь хүүхдэд бие бялдрын болон хүмүүжлийн зөв төлөвшил олгодог шүү дээ. Тэгвэл гимнастикаар хичээллэсэн хүүхэд ямар төлөвшил олдог юм бол оо?
-Гимнастикаар хичээллэсэн хүүхдийн хөгжмийн сонсгол дээд зэргээр хөгждөг. Ямар ч хөгжим дээр тохируулан хөдөлгөөн хийх чадвартай болдог. Хоёрдугаарт, хөдөлгөөний эвсэлтэй болно. Гуравдугаарт, гоо зүйн төгс хүмүүжил гимнастикаас бий болдог. Гимнастикаар хичээллэсэн хүүхдийн бие зөв хөгжиж, төгс галбиртай болно.
-Гар, хөлийн хөдөлгөөн зэрэг гимнастикийн нарийн элементүүдийг суралцахад хүүхдээс их тэвчээр шаардана биз?
-Олон жилийн хугацаанд тууштай бэлтгэл хийж л амжилт ирдэг. Зарим нэг спортын төрлүүдэд хувь хүнээс шалтгаалаад гурван жилийн хугацаанд сурах элементийг жилийн хугацаанд сурах боломж байдаг бол гимнастикт тийм биш. Гар, хөлийн хөдөлгөөн, өлмий жийлт зэргийг хүүхэд байхдаа л зөв техниктэй суралцахгүй бол том болоод засч өөрчлөх боломжгүй. Хүүхэд байхаасаа л урт хугацааны туршид тууштай бэлтгэл сургуулилт хийж л тив дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой. Их тэвчээр шаардана даа. Тиймээс хүүхдүүддээ тууштай байхыг эрхэм болгодог.
-Энэ спортоор хичээллэсний үр шим нь юу юм бэ?
-Спортын гимнастикаар хичээллэж байгаа хүүхдүүд хаана ч явсан үргэлж өөрийгөө аваад явах чадалтай байдаг. Үүнээс гадна үеийн хүүхдүүдээс илүү бие даах чадвартай болж, бусдаас үг сонсож, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, нээж чаддаг. Ямар ч спортоор хичээллэсэн түүнийг гаргууд эзэмших боломжтой. Мөн эрүүл саруул байх нэг хүчин зүйл болдог. Тиймээс ямар ч төрлийн спортоор хичээллэх гэж зорьж байгаа бол эхлээд спортын гимнастикаар хичээллээд үзээрэй гэж хэлэхийг хүсдэг.
-Манай улсын гимнастикчид сүүлийн жилүүдэд чамгүй амжилт үзүүлж байна. Энэ амжилтаа ахиулахын тулд юу хийвэл зохистой вэ?
-Гимнастикийн тамирчид тууштай байж амжилт гаргана гэж хэлдэг. Уян хатан болохын тулд сунгалт их хий, том бэрхшээлийн ард гар гэдэг. Харин өсвөр насны тамирчдын хувьд өмнөх алдаагаа тэмцээний дэвжээн дээр давтахгүйн тулд хичээгээрэй гэж захьдаг. Учир нь тэд сэтгэлээр унах магадлалтай байдаг. Тиймээс сайн дэмжих хэрэгтэй. Үүнээс гадна гимнастикийн спорт сүүлийн хэдэн жил зогсонги байдалтай болсон тул. Үүнийг өөрчлөлийн тулд гимнастикийн холбоо хамгийн сайнаараа ажиллаж тэмцээн уралдаанд явах зардлыг дааж байна. Мөн шигшээ багийн дасгалжуулагч нар хэсэг хугацаанд сайн биш байсан учраас томоохон тэмцээнд амжилт үзүүлэх нь багассан гэж боддог. Гэхдээ сүүлийн жилүүдэд багш нар олширч энэ спортоор амжилт гаргах нь ч ихэслээ. Алтан үеийн багш нар ч өөр өөрсдийн сургалтын газруудыг нээснээрээ илүү хөгжиж байна. Эдгээрээс гадна спорт зарчимч байдалд сургадаг. Хүнтэй зөв харилцаж, хүний үгийг сонсож сурах ёстой гэж захидаг. Тамирчин болохгүй ч дуртай зүйлээ хийснээр аз жаргалтай болж, биеэ зөв авч явж сурна. “Гоо сайхан, биеийн галбир, эрүүл мэнддээ анхаарч бай” гэж үргэлж захих хэрэгтэй. Ингэснээр тухайн хүүхэд ч илүү уян хатан болохоос гадна амжилт гаргах нь ихэсдэг.
-Таны амьдрал гимнастикийн спорттой салшгүй холбоотой. Шавь нартаа зааж байсан дурсамжуудаас хамгийн сайхан нь юу вэ?
-Хүүхдүүдтэйгээ тэмцээнд оролцох хамгийн сайхан. Багш болсныхоо дараа спортын их наадамд анх тамирчидтайгаа оролцож байсан. Тэр үед оролцож байсан дурсамжаа одоо шавь нартайгаа ярилцаад суух дуртай. Мөн олон шавь нарынхаа ач тусаар спортын өндөр цолонд хүргэснийхээ үр шимийг хүртэж чадсандаа баяртай байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 4 (6989)