Д.ДАРАМБАЗАР 

 

“Зууны мэдээ” сонин Монголд дэлгэрээд удаагүй байгаа Японы уламжлалт каратэгийн клуб болох “JKA MONGOLIA”-ийн аварга шалгаруулах тэмцээнээр зочиллоо. Гурав, дөрвөөр нас насны ангилалдаа өрсөлдөхөөр дэвжээн дээр гарч ирсэн хүүхдүүд бие биедээ хүндэтгэл үзүүлэн ёслоод өөрсдийн сурсан “ката”-гаа үзүүлж өрсөлдөв. Үүний дараагаар кумети төрлөөр хоорондоо өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм. Хичээллэж буй хүүхдүүд насны хувьд таваас дээш ажээ. Энэ клубын онцлог нь гадаад багштай. Үүнээс гадна хүүхдийн нас, насны ангиллаар нь бие бялдарын хөгжилд нь тааруулан тусгай хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулдаг юм байна. Тэмцээний тухай дасгалжуулагч Фиованни Вирарди "Энэхүү тэмцээн Монголд анх удаа болж байна.

JKA каратэ нь дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг Японы уламжлалт клуб. Би 30 жил энэ спортоор хичээллэж байна. Энэ хугацаанд олон улсад очиж каратэ заасан. Эцэст нь Монголд ирлээ. Манай клуб байгуулагдаад нэг жил болж байгаа ч 100 гаруй гишүүн тамирчинтай болж өргөжжээ. Анх тамирчидтайгаа ойлголцоход хэцүү байсан. Одоо бэрхшээл тулгарахаа больсон" гэсэн юм. Харин энэ тэмцээнд амжилттай оролцсон Каратэгийн шар бүстэй тамирчин О.Баярмаа “Миний хувьд өнгөрсөн есдүгээр сараас эхэлж хичээллээд ката төрөлд түрүүлж, кумети төрлөөр дэд байрын шагнал хүртлээ. Тэмцээний бэлтгэлээ сарын өмнөөс тууштай хийж эхэлсэн. Энэ тэмцээнд оролцсоноор өөрийнхөө дутагдалтай талыг олж авлаа. Анх энэ клубт элсэхэд багштайгаа ойлголцохгүй асуудал үүсэж байлаа. Тэр үед багшийн үйл хөдлөлийг харж техникүүдээ ойлгодог байсан” гэв.  


Мөн энэ тэмцээний эрэгтэй 13 насны ангилалд ката болон кумети төрөлд түрүүлсэн Ө.Дөлгөөн “Би жилийн өмнөөс энэ клубт элсэж, бэлтгэл хийж эхэлсэн. Бид бэлтгэлийн үед найзууд байдаг ч дэвжээн дээр гараад өрсөлдөгчид болдог. Гэхдээ дэвжээнээс буугаад буцаад найз хэвээр үлддэг нь  сайхан. Миний насны ангилалд өндөр хүүхэд их. Гэхдээ тэднээс туршлага илүү байсан болохоор кумети төрөлд ялж чадсан. Харин ката бол хүн бүхэн хоосон тулалддаг төрөл. Өөр өөрсдийн сурсан зүйлээ дэвжээн дээр ганцаараа хийдэг. Би энэ төрөлд түрүүлнэ гэж бодоогүй учир шагналын тавцан дээр гараад нулимсаа барьж дийлээгүй” гэж байлаа. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 246 (6978)