Д.ЦЭРЭННАДМИД
Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн бүтээн цогцлоосон түүх, соёлын хосгүй өвийн нэг нь хадны зураг юм. Хад чулуунаа хадгалагдан үлдсэн сүг зургууд нь тухайн үеийн хүмүүсийн шүтлэг бишрэл, соёлыг харуулсан бүтээл болох учир тэдний ахуй амьдралын хэв шинжийн талаар үнэтэй мэдээллийг агуулж байдаг. Монгол орны хадны зургийн үндсэн сэдэв нь эрт үед эрхэлж байсан аж ахуй, оюун сэтгэлгээтэй холбоотой. Тухайлбал дээд палеолитын үед голдуу ан амьтдын дүрс зонхилж байсан бол неолитын үеэс эхлэн хүн өөрийгөө таньж мэдэх улмаар эрхэлж буй аж ахуй нь өөрчлөгдөхийн зэрэгцээ ухаарал санааны хувьд дэвшил гарч түүнийг илэрхийлсэн үйл ажилтай холбоотой зургуудаар баяжиж агуулга, дүрслэл нь ч өөрчлөгджээ. Мөн хадны зургуудад тухайд үеийн амьтны аймгийн гол төлөөлөгчид, эртний овог аймгуудын амьдралын салшгүй хэсэг малаа хариулах, ан ав хийх зэрэг үзэгдэл тусгалаа олсон гэдэг.
Мөн үр удмаа үлдээхүй хийгээд үржиж олшрохыг билгэдсэн хүн, амьтны нөхөн үржихүйн сэдэвт дүрслэл, тамга тэмдэг домгийн амьтад, шүтлэг бишрэлтэй холбоотой зураг цөөнгүй байх ажээ. Энэ өв соёлтой танилцая гэвэл уншигч та бүхэн Үндэсний түүхийн музейд очоорой. Тэнд "Хаданд сийлсэн зураг-дэлхийн өв" үзэсгэлэнг Монголын шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргаад байгааг дуулгая. Уг үзэсгэлэн дээр очсон хүмүүс өв соёлоороо бахархана гэж энэ дээ гэцгээж байна лээ шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 220 (6952)