З.БАТЦЭЦЭГ
Мьянмарын цэргийн шүүх төрийн зөвлөх асан, сөрөг хүчний удирдагч, Нобелийн энхтайвны шагналт 77 настай Аун Сан Су Чид хахууль авсан хэргээр дахин гурван жилийн хорих ял оноолоо. Энэ тухай эх сурвалжаас эш татан Reuters мэдээлэв. Тус улсын эрх баригч Хунта Су Чиг хээл хахууль авахаас эхлээд сонгуулийн луйвар хүртэл 18-аас доошгүй гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Хэрэв бүх зүйл дээр буруутай нь тогтоогдвол 200 орчим жилийн хорих ял авч магадгүй юм. Су Чи өөрт нь тулгаж буй буруутгалуудыг утгагүй гэж үзээд ямар нэгэн буруутай үйлдлийг үгүйсгэсэн байна. Түүнийг Нейпидоу хотод ганцаарчлан хорьж байгаа бөгөөд шүүх хурал хаалттай болж байна.
2021 оны хоёрдугаар сарын 1 Мьянмарын Зэвсэгт хүчний командлал 2020 оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийг будлиантуулсан гэх иргэний засгийн газрын мэдэгдлийн үндсэн дээр онц байдал зарлав. Ерөнхий командлагч Мин Аун Хлейнийн цэргүүд Засгийн газрыг татан буулгаж, тус улсын ерөнхийлөгч Вин Мяин, Төрийн зөвлөх (ерөнхий сайдтай бараг дүйцэхүйц албан тушаал) болон Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Аун Сан Су Чи болон бусад дэмжигчийг баривчилжээ. Эрх мэдлээ алдсан депутатууд Мьянмарын үндэсний эв нэгдлийн засгийн газрыг зохион байгуулж, цэргийн дэглэмтэй тэмцэж эхлэв. Тэд одоогоор албан ёсоор цөллөгт байгаа. Тус улсад албан тушаал хаших эрхгүй.
Эх сурвалж: www.polit.mn