З.БАТЦЭЦЭГ

 

НҮБ БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, тэр дундаа коронавирусын эсрэг тэмцэх зорилгоор ажилтнуудаа илгээхэд бэлэн байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ойрх Дорнод, Ази, Номхон далайн асуудал хариуцсан туслах Халед Хиари мэдэгдэв. Тэрбээр "НҮБ олон улсын болон хүмүүнлэгийн түншүүдтэйгээ хамтран БНАСАУ-д COVID-19 тахалтай холбоотой эмчилгээ, хүмүүнлэгийн хэрэгцээг даван туулахад нь туслах ажилтнуудаа илгээж, тусламж үзүүлэхэд бэлэн байна" гэж дэлхийн байгууллагын Аюулгүйн зөвлөлийн уулзалтын үеэр хэлсэн.

БНАСАУ тавдугаар сарын 12-нд тус улсад коронавирус илэрсэн талаар анх мэдээлсэн. Үүний үр дүнд онцгой байдлын арга хэмжээ авчээ. Наймдугаар сард БНАСАУ-ын удирдлага COVID-19-ийг ялсанаа зарласан. Энэ долоо хоногт Өмнөд Солонгосын тагнуулынхан БНАСАУ-ын хил орчмын бүс нутгуудад вакцинжуулалтын кампанит ажил эхлүүлсэн тухай мэдээлсэн байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн сарын эхээр энэ намар бөөнөөр нь вакцинжуулах боломжийн талаар ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn