Р.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Эрүүл мэнд” булангийн зочноор БНСУ-ын “Airman” компанийн ерөнхий захирал Ким Пён Сү /Kim Pyung Soo/-г урилаа.

-Компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Би Солонгосын “Корейн эйр” байгууллагад олон жил ажилласан. 2001 оны есдүгээр сард “Airman” компаниа байгуулсан. Мөн “Атлас” карго онгоцны бүртгэлийг хийх ажлыг эхлүүлж байлаа. Одоо том компани болсон. 2012 онд Монгол талын төлөөлөгч Г.Болормаатай танилцаж, эрүүл мэндийн аялал жуулчлалыг эхлүүлээд 10 жил болсон байна. Өнгөрсөн долоо хоногт гурван удаа бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ, уржигдар  Монгол дахь “Airman” компанийнхаа 10 жилийн ойг тэмдэглэлээ. Г.Болормаа захирал Монголд 10 жил идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсан. Бид Солонгост байхдаа монгол орчуулагчтай эмнэлэг зуучлалын үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Манай компани эрүүл мэндийн аялал жуулчлалаар төрөлжсөн. Мөн карготой холбоотой ажлуудыг хийдэг. БНСУ-д хоёр терминал байдаг. МИАТ нэг дэх терминал дээр нь буудаг. МИАТ-ийн онгоц бууж, хөөрдөг терминалд манай төв байр байрладаг. 

-Эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн аялал жуулчлал гэхээр янз бүрээр биеэ эмчлүүлэх эсвэл урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжилгээ өгөх багцтай аяллыг хэлж байгаа юм. Ганцхан аялаад зогсохгүй эмнэлэгт үзүүлнэ. Өөрийнхөө оронд бус гадаадад очоод эмнэлэгт үзүүлж байгаа болохоор аялал нь дагаад ирж байгаа гэсэн үг. Аялал дотроо эрүүл мэнд, хурал зөвлөгөөн, бизнес уулзалтад оролцонгоо аялах боломжтой.

Энэ олон төрлөөс бид эрүүл мэндийн аялал жуулчлал буюу эмнэлэгт зуучлангаа аялуулахыг сонгож үйл ажиллагаагаа явуулдаг. БНСУ-ын 150 гаруй эмнэлэгтэй гэрээтэй ажилладаг. Очиход нь монгол орчуулагч нь бүх юмыг нь зохицуулаад өгнө. Тухайн хүн өвчний шинж тэмдгээ хэлэх эсвэл түрүүлээд оношоо явуулахад зардал нь хэд болох, хэд хонох хэрэгтэй гэсэн мэдээллийг нь өгдөг. Монголд байгаа “Airman” компаниар дамжуулаад мэдээллүүдээ Солонгос руу явуулдаг гэсэн үг.

-Монгол иргэд эрүүл мэнддээ анхаарч Солонгос руу их очдог. Энэ талаар та юу хэлэхсэн бол?

-Монголчуудын хувьд хамгийн ойрхон нь Орос, Хятад боловч Солонгос шиг эрүүл мэндийн систем нь хөгжөөгүй. Тиймээс эрүүл мэндийн систем нь хөгжсөн, ойрхон гэдэг утгаараа Солонгос руу их ирдэг. Солонгосын эмчилгээний ур чадвар дэлхийд АНУ, Японтой адил өндөр түвшинд хөгжсөн. Мөн энэ хоёр улсаас зардал хямд байдаг. Монголчууд их байдаг болохоор Солонгост ойрхон тусдаг байх гэж бодож байна. Манай компанид кординатор буюу эрүүл мэндийн орчуулгаар мэргэшсэн ажилтан бий. Мөн өвчтөн бүрт орчуулагч гаргаж өгнө. Энэ ажлыг хүн бүр хийж чадахгүй. Тиймээс заавал эмнэлгийн мэргэжлийн орчуулагч байх ёстой. Сургалтад суусан хүмүүсээсээ анкет бөглөж авдаг. Одоо эмнэлгүүд олон орчуулагчтай болсон.

-Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахад үнэ төлбөрийн хувьд ямар байдаг вэ?

-Монголтой адилхан I, II, III шатлалын эмнэлэг гэж байгаа. I нь өрх, II нь дүүрэг, III шатлал гэхээр Монголын том эмнэлгүүд шиг үзэхгүй тасаг гэж байхгүй. Тиймээс шатлалаасаа хамаарч үнэ нь өөр.

-Шинэ үйлчилгээ эхлүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тэргэнцэртэй хүмүүс ирвэл онгоцны буудалд ажилладаг манай хүмүүс үнэмлэхээ уншуулаад онгоцноос гарч ирэхээр нь хүлээж авах боломжтой. Мөн буцахад нь онгоц руу нь хүргэж өгнө. Монгол Улстай олон жил хамтарч ажилласан болохоор энэ сараас ийм шинэ үйлчилгээг эхлүүлсэн. Өмнө нь ийм үйлчилгээ байгаагүй. Зөвхөн байгууллагаар биш өөр компаниар ирсэн ч гэсэн бид тусална.

-Танай компани эрүүл мэндийн аялал жуулчлал үзүүлэхээс гадна карго үйлчилгээ үзүүлдэг гэлээ?

-Манайх карго явуулдаг ажил хийдэггүй. Харин АНУ-ын карго онгоц бууж, нисэхэд хэрэгтэй бүх юмыг нь зохицуулдаг. Тухайлбал, зөвшөөрлийг нь авах, карго онгоцны нисгэгчдийг буудалд нь хүргэж өгнө. Би өмнө нь “Корейн эйр”-т ажиллаж байхдаа карго нислэгүүдийг хариуцдаг байсан. Монголоос ирж байгаа үйлчлүүлэгчдийг эмнэлэг, зочид буудал руу нь хүргэж өгөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн Инчон, Сөүлийн эмнэлгүүдтэй гэрээтэй учраас тэдний өвчтөнүүдийг буудал, эмнэлэгт нь хүргэж өгдөг. Манай байр Инчоны онгоцны буудалд байдаг болохоор тосож аваад эмнэлэг, буудалд нь хүргэх буцаагаад авчрах үйлчилгээ үзүүлдэг. Энэ ажлыг маань үнэлээд манай компанийг Инчон хотын “Тэргүүлэх эмнэлэг зуучлалын байгууллага”-аар шалгаруулсан.  

-Монголчуудтай харилцахад бэрхшээл гарч байв уу?

-Энэ хугацаанд өвчтөн, үйлчлүүлэгчид үл ойлголцох зүйл бага байсан. Монгол ажилтандаа баярлаж явдагаа “Зууны мэдээ” сониноор дамжуулан хэлмээр байна. Монгол захирал Г.Болормаа Солонгост найман жил амьдарсан. Монгол төдийгүй Солонгосыг сайн мэддэг учраас зөвлөгөө сайн өгдөг. 2018 онд “Улаанбаатар хотын хүндэт иргэн” болсноороо бахархаж явдаг. Хоёр дахь бахархмаар зүйл нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас өгдөг цахим виз олгох эрхтэй байгууллагаар шалгарсан.

-Цахим виз авахад ямар давуу талтай вэ?

-Бүрдүүлэх материалын хувьд бага болдог. Визний хариу гарахад долоо хоног зарцуулна. Цахим виз олгох эрх авахын тулд энэ компаниар очсон хүмүүс хууль бусаар үлдээгүй, хугацаандаа буцсан байх ёстой. Солонгост эрүүл мэндийн аялал жуулчлал буюу гадаадад өвчтөн зуучилдаг 1000 байгууллага байдаг. Үүнээс цахим виз мэдүүлэх компани тав бий. Цар тахлын үед аль ч компанид цахим виз мэдүүлэх эрх байгаагүй. Харин саяхнаас үүнийг сэргээгээд виз мэдүүлэх эрхтэй болсон. Цахим виз маань хэрэгжсэн болохоор монголчууд үйлчлүүлэх байх гэж бодож байна.

-Цар тахлыг хэрхэн давж гарав?

-Цар тахлын үеийг ашиглаад бид ажилтай үедээ хийж чаддаггүй бэлтгэл ажлуудаа хангасан. Тухайлбал, цахимтай болсон. Монгол боршур, монгол танилцуулгатай бичлэг, эрүүл мэндийн мэдээлэл авах боломжтой цахим ажиллуулаад эхэлсэн. Бэлтгэл сайн хангагдаад үйл ажиллагаа явагдаж байна. Монгол “Airman” компани маань эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч байгууллага гэж хэлж болно. Бид үнэнч шударгаар 10 жил үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Сая ойгоо хийхдээ дараагийн 10 жилд идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэж амласан. Хүмүүст тусалдаг энэ ажлаараа бахархдаг.                  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 185 (6917)