Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа бүсгүй хүний торгон мэдрэмж, авьяасаараа хөглөгдөж,  уянгалаг хайрын  шүлэг болон “Удвал”, “Нисдэг цэцэг” “Сүүжин ээмэг” зэрэг сонирхолтой тууж өгүүллэгээрээ уншигчдад танигдаад буй  МЗНЭ-ийн гишүүн, Сэр-Одын нэрэмжит шагналт сэтгүүлч, зохиолч Б.Дэлгэрцэцэгийг урьж, ярилцлаа.

 

-Таны  хувьд “Бүсгүй л хүн болохоор” ээлжит  номоо өлгийдөн аваад удаагүй байна. Жижиг богино өгүүллэгүүд багтжээ?

-“Бүсгүй хүн болохоор” бүтээлээ эмэгтэй хүмүүст зориулан гаргасан. Амьдралд бүсгүй хүн цаг зав бага, ачаалал ихтэй байдаг. Миний хувьд ч бас ижил. Тухайлбал, ажлаасаа тараад гэртээ очоод хоолоо хийнэ, хүүхдүүдээ асрах гээд л ажил дуусахгүй. Үүний хажуугаар зохиол, роман унших зав багатай. Гэсэн хэдий ч ажилтай гээд уншихыг  орхиж болохгүй. Зав гаргаад кофе уугаад нэг шүлэг эсвэл өгүүллэг унших хэрэгтэй. Мөн залуу охид ном уншаасай гэж бодсон. Тэд том зузаан роман цүнхэлж яваад унших амаргүй. Магадгүй зарим нь эхлүүлээд орхидог байж мэднэ. Одоо үед ном уншихаас илүү сошиалыг илүү ашигладаг болсон юм шиг. Эсвэл ямар нэгэн тоглоом тоглохыг илүүд үзэх ч хүн бий. Хүн бүрийн хобби сонирхол өөр. Зарим  хүүхдүүд ном анхлан уншиж байгаа бол “Бүсгүй л хүн болохоор” зохиолыг цүнхлээд завтай үедээ нэг өгүүллэг уншаад явах боломжтой.  Тиймээс цаг зав хэмнэсэн бүтээл байхыг чухалчилсан. Нэг өгүүллэг уншихад ухаарал, мэргэн санаа ойлгоно. Тус бүртээ агуулгатай болохоор аль ч хэсгээс нь уншиж болох юм. Гэхдээ өгүүллэгүүд нь ямар нэг сэжмээр хоорондоо холбогдоно. Хэмжээний хувьд  авч явахад хялбар байдлаар хэвлүүлсэн.

-Хэлхээ өгүүллэгийн ном намар мэндэлсэн ба шаргал өнгийн навч хавтсыг нь чимсэн байсан. Магадгүй энэ л улиралд унших зохиол байх, ямар санаа ойлгуулахыг зорьсон бэ?

-Намар бол урлаг, бусад нь зүгээр л улирал гэдэг. Гэвч намрын улирал гунигтай мэт боловч гэгэлгэн. Би бүтээлээ намар бичсэн,  гарч буй хугацаа нь ингэж таарлаа. Тиймдээ ч намар л унших өгүүллэгүүдтэй. Намарт дуртай хүн энэ зохиолыг бусад улиралд уншаад намрын дурсамжаа сэргээж болно. Уншигчид маань нэгэн зүйл олж хараасай гэж бодож байгаа. Одоогоос өмнөх үеийнхэн амжилттай, баян, өндөр албан тушаалтай, олны танил од  байж хүлээн зөвшөөрөгдөх ёстой мэт хандлагатай байсан. Эдгээр шиг биш бол өөртөө итгэлгүй байх шалтгаан үүсдэг. Харин одоо үеийн залуус өөрчлөгджээ. Учир нь өөрийнхөө дуртай зүйлд цагаа зарцуулж, хүссэн ажлаа хийдэг, минимал байхыг чухалчилж байна. Эх дэлхийдээ хоргүй байвал цөөхөн хувцас өмсөх ёстойг ухамсарлан соёлтой, боловсролтой болжээ. Ном маань хийлч бүсгүйн  энгийн амьдралыг өгүүлдэг. Би урлагийн хүн учраас од байх ёстой гэсэн хандлагагүй. Хэн нэгэнд таалагдахын төлөө, сайн яваагаа харуулахын тулд биш өөртөө таалагдаж амьдарч буй эмэгтэй юм. Хүн ямар ч ажил эрхэлж болно. Гагцхүү өөрийн дуртай ажлаа л хийх хэрэгтэй. Ийм санааг гаргахыг зорьсон. Мэдээж зохиол учраас адал явдалтай, сонирхолтой байхыг чухалчилсан. Залуу охид хийж байгаа зүйлдээ үнэнч байж, өөрийгөө үнэлдэг байхыг  зохиолоороо дамжуулж хэлэхийг хүслээ. Мөн амьдалд сайн, муу зүйл тохиолдоно. Цагаан баг өмссөн хар хүмүүс, хар баг зүүсэн цагаан хүн бий. Тиймээс өөрийгөө хамгаалах ухаан хэрэгтэй.  Энэ зүйлийг бүтээлдээ шингээсэн.

-Та шүлэг тууж, өгүүллэгийн найман ном гаргасан. “Удвал” туужийн  уншигчид урам зориг нэмсэн болов уу ?

-Хүүхэд байхдаа ном унших дуртай, шүлэг бичих сонирхолтой охин байлаа. Анхны уран бүтээлээ 2017 онд 247 хайрын шүлэгтэй номоо өлгийдөн авсан. Аав маань “чи бичгийн хүн, бичих бичихдээ үргэлжилсэн үг бичнэ” гэж хэлдэг байлаа. 2019 онд “Үүлсийн дундах оргил” бүтээлээ бичсэн. Зохиолчид зохиодог, сэтгүүлчид баримтад тулгуурладаг. Тус бүтээлд мэргэжлийн маань давуу тал гарсан даа. Харин 2020 онд өгүүллэгүүд орсон “Нисдэг цэцэг” бүтээл уншигчдад хүргэсэн. Эхний хэвлэлтийг нь миний эргэн тойрны хүмүүс аваад дуусгахдаа “Ийм хурдан дууссан уу, ном ингэж зарагддаггүй” хэмээн хэлэх нь  надад их урам зориг өгсөн. Дараа жил нь цар тахал гарахаас өмнө амжиж “Удвал” туужаа хэвлүүлсэн. Тус бүтээлээ Соён гэгээрүүлэгч телевизийн захирал Ш.Хишигсүрэн эгчид редакторлуулахаар өгөхөд  дөрвөн цагийн дараа утсаар яриад “Ойрд ийм сонирхолтой тууж уншаагүй” гээд урам өгсөн. Эгч маань шинжлэх ухаан чиглэлийн  ном уншиж, судалдаг болохоор жижиг хөнгөн зүйл уншихаар таалагдсан болов уу. Надад бэлэг барихдаа номын чинь тухай нэвтрүүлэг хийж өгнө гэж амласан юм. “Удвал” номын тухай нэвтрүүлэг хийж өгснөөр захиалга их ирсэн. Орон нутгаас хүмүүс захиалахдаа  “Нисдэг цэцэг” номтой хамт захиалсан. Нөгөөтэйгүүр хөл хорионд хүмүүс гэртээ цагийг өнгөрүүлэхдээ ном их уншсан. Тиймдээ ч “Удвал” тууж маань хүмүүст хүрсэн. Одоогоор уншигчдаас цувралыг нь гаргах хүсэлт их ирж байна. Уран бүтээл маань эмэгтэй хүн рүү чиглэсэн болохоор эрэгтэй найзууд бидэнд унших ном маань гаргаач гэсэн. Өмнө жил номын баярт шинэ бүтээлтэй оролцохоор шийдэж “Сүүжин ээмэг” бүтээлээ гаргасан. Саяхан болсон номын баяраар залуус, бүсгүйчүүд зорин ирж авсан. Цаг хугацаанд баригдаж, хурдан хугацаанд гаргасан болохоор бага зэрэг алдаа байсан. Хүмүүс ч бас надад хэлсэн. Засаж сайжруулаад дахин хэвлүүлнэ. UBS телевизийн сэтгүүлч, яруу найрагч Б.Наранмандах эгч “Удвал” туужийг уншаад намайг настай хүн гэж бодсон гэсэн. Нэвтрүүлэгтээ уриад  очиж уулзтал ийм залуу бүсгүй юм уу гээд гайхаж билээ. “Хаанаас чинь амьдралын их ухаан гардаг юм” гэж хэлсэн шүү. Тэр бүгдээс урам авч дараагийн бүтээлээ хийх хүсэлд хөтлөгддөг. Цаг хугацаа өөрчлөгдөх тусам бодол өөрчлөгддөг. Энэ бүхнээ бүтээлдээ шингээхийг боддог доо.  "Энхрий" номын шүлгүүд маань хайрын сэдэвтэй. Залуу хүн болохоор гүн ухаан, философи, түүх, улс төр зэргийг мэдэрч гаргаж чадахгүй байх. Тиймээс өөрт ойрхон дурлаж, хайрлуулж гэгэлзэж, гуниглаж, баярлаж яваа болохоор хайрын тухай бичдэг.

-Та зохиол бүтээлдээ болон ажил амьдралдаа ямар зарчим  баримталдаг вэ?

- Яг тогтсон зарчим байхгүй. Эхэлсэн зүйлээ дундаас нь хаях дургүй. Эхэлсэн л бол дуусгаж санаа амардаг. Болж бүтэхгүй зүйлийн араас явсан үедээ болохгүйг нь мэдэхдээ дүгнэлт хийгээд орхидог. Тухайлбал, номын баяраас өмнө шинэ бүтээл гаргахаар зорьсон. Хүмүүс богино хугацаанд амжихгүй гэж байсан ч баярын өглөө хэвлэлтээс номоо авсан. Дургүй зүйлээ би хийдэггүй. Сүүлийн үед эрүүл байхыг эрхэмлэж байна. Хүн амьдралынхаа туршид дандаа аз жаргалтай, гунигтай байдаггүй. Өөрийн мэдэрсэн, харсан сайхан  зүйлээ хүмүүст хүргэхийг зорьдог. Мөн чанартай бүтээл хийхийг чухалчилдаг. Мөнгөтэй болохын тулд дуртай зүйлээ орхихгүй, дуртай зүйлээ хийгээд мөнгөтэй болохоос татгалзахгүй.

-Өөрөө зохиол бичнэ. Гэхдээ ямар зохиолч, уран бүтээлчийн  бүтээлийг унших дуртай вэ?

-Сайн муу гэж ялгахгүйгээр бүхий л зохиолч, яруу найрагч нарын номыг уншдаг. Үе үеийн уран бүтээлч нараа  хүндэлж, суралцдаг. Учир нь тэд монголчуудыг ном унших хүсэлд хөтөлсөн. Бүтээлээрээ мөнгө олдоггүй байх үед шантралгүй туурвиж л байсан зохиолч нартаа хайртай. Учир нь тэд суурийг нь тавьсан гавьяатанууд билээ. PM-д ажилладаг байхдаа сонсдог ном уншиж, хараагүй хүмүүс их сонсдог байсан. С.Пүрэвсүрэн ахын өгүүллэг ном бүрийг нь  аудиогоор уншиж хүргэсэн.  Бусдад туслах дуртай учраас хараагүй хүмүүст аудио ном уншиж өгдөг. Мөн ном унших дуртай болохоор энэ л хүсэл сонирхолууд маань нэгдсэн юм. Орчин цагийн зохиолч нарын номыг унших дуртай. Сүүлийн үед хятад япон орчуулгын зохиол сонирхон уншиж байна. Эдгээр бүтээлийг уншихаар найруулга тал дээр эвдрэх байдал ажиглагддаг. Цаашдаа монголын зохиолуудаа уншина.

-Хүн бүрийн дотор өөр хүн байдаг шиг санагддаг. Уран бүтээлч эмэгтэйн дотор ямар ертөнц оршдог бол?

- Номын баярын эхний өдрийн  эргэн тойрны зургаас өөрийгөө олж харсан. Тэгсэн миний зовхинд үрчлээ суужээ. Өмнө нь би огт олж хараагүй. Тиймдээ ч миний дотор хэзээ ч том болохгүй,эрсдэлээс айхгүй, сахилгагүй  жаахан хүүхэд байдаг. Зохиолчид өөр өөрийн төрөл жанртай. Харин би төрөл бүрийн сэдэв рүү ороод бичиж байна. Ажил мэргэжлийн хувьд ч гэсэн салбар бүрийг сонирхоод. Pм-д ажилласан, иргэний нийгэмлэгийн  байгууллагад ороод хүний төлөө ажиллаж чадах эсэхээ сориод л явж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд зөвөөр ойлгуулан, таниулах контент нь ямар зорилготой вэ?

-“Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн М.Баясгалан гээд хүн бий.  Надад “Манай байгууллагын гүйцэтгэх захирал болооч, чамтай хамтарч ажилламаар байна” гэсэн санал тавьснаар зөвшөөрсөн. М.Баясгалан ах хүний эрхийг хамгаалах чиглэлээр  20 гаруй жил ажиллаж буй зүтгэлтэн юм. Миний хувьд сэтгүүлч хүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү чиглэсэн юу хийж болохыг бодсон. Энэ хүмүүсийг нийгэм эерэг байдлаар хүлээн авах хандлага түгээхээр контентоо эхэлсэн. Бид ярилцаад байгууллагынхаа дэргэд “Эм Эн Си Ди” студи байгуулсан. Азийн хөгжлийн банктай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай эерэг ойлголт төрүүлэх контентынхоо 20 дахь удаагийн дугаараа бэлтгэн хүргэхээр ажиллаж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү чиглэсэн олон байгууллага байдаг. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гэрт нь халамж өгөөд, асрах хандлага тогтсон. Тэдгээр хүмүүс зүгээр амьд байх биш, амьдрах хэрэгтэй. Гадуур хөгжлийн бэрхшээлтэй хүн явахад энэ ингэж  байхаар гэртээ байж байхгүй, ажилд орохоор очиход нь эрүүл хүн ажиллавал илүү хялбар гэсэн хандлага байдаг. Тэгэхээр нийгэмд тогтсон ойлголтыг контентоороо  өөрчлөх зорилготой. Тэдэнд тэгш нийгэм  бүтээж өгөхийг хүсдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 184 (6916)