С.САРУУЛ

Монгол Улсад уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд томоохон цуврал арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдре Лингенфэлдер үг хэлэв. Тэрбээр “Миний бие анх удаагаа Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд оролцож буйдаа сэтгэл нэн хөдөлж байна. Цар тахлын улмаас гурван жилийн хугацаанд завсарласны эцэст Монголдоо хөгжил дэвшил авчрах чин хүсэл эрмэлзлээр нэгдсэн та бид урьд хожид тохиолдоогүй сорилтын ард ийнхүү гарч илүү хурцлагдсаныг харахад таатай байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Оюу толгойг дэлхийн энтэй зэсийн уурхай болгож Монгол Улсыг дэлхийн тавцанд аваачих бүтээн байгуулалт чамгүй урагшиллаа. Энэхүү амжилтын эзэд бол (ханган нийлүүлэгч) та бүхэн билээ. Уурхай үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг хүргэхийн өмнө түүхэнд тохиож байгаагүй нийтийн эрүүл мэндийн хямралын үеэр Оюу толгойн уурхай болон төсөл зогсолтгүй урагшлахад сэтгэл зүрхээ дайчлан ажилласан компанийнхаа 4000 ажилтан, 14 мянган гэрээт ажилчид болон хамтран ажиллагч 800 ханган нийлүүлэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цар тахлын үеийн хүндрэл, геополитикийн тодорхойгүй байдлын үед ч Оюу толгой үндэсний эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж ирлээ. Өнөөгийн байдлаар нийт хөрөнгө оруулалт 14 тэрбум ам.доллар давсны 10 орчим тэрбум нь ханган нийлүүлэлттэй холбоотой байна. Энэ нь ажиллах хүч хийгээд дотоодын ханган нийлүүлэгчдийн Оюу толгой, цаашлаад Монгол Улсын хөгжил цэцэглэлд оруулж байгаа өсөн нэмэгдэж буй оролцоог илтгэж байна. Бид ханган нийлүүлэгчидтэйгээ тогтоосон харилцааг хадгалж хамтын ажиллагааг бэхжүүлснийг энд мөн бахархан тэмдэглэх нь зүйтэй. Манай 800 ханган нийлүүлэгчдийн 600 нь Монголын аж ахуйн нэгжүүд. 10 ам.доллар тутмын 9 ам.доллар нь дотоодод зарцуулагдаж байна. Мөн орон нутгийн буюу Өмнөговийн ханган нийлүүлэгчдээс өнгөрсөн онд 216 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авч дээд амжилт тогтоолоо. Энэ жилийн хувьд 256 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. Манай ханган нийлүүлэлтийн сүлжээний ард 40 гаруй мянган ажлын байр бийг мөн тэмдэглэе. Энэ томоохон амжилт бол хамтын ажиллагаа, түншлэлийн хүч юм. Гэвч бид үр өгөөжийг үргэлж нэмэгдүүлэхийг зорино. Энэ хүрээнд Оюу толгой гадаад худалдан авалтын дотоодоос авахад анхаарлаа хандуулж Монголд үлдэх санхүү болоод мэдлэг чадварыг нэмэгдүүлэх үр өгөөжийн чиглэлд чамгүй амжилт олж байгааг онцлоё.

Оюу толгой гүйцэтгэх захирлын хувиар тэргүүлэх ач холбогдол өгөх чиглэлийг сонирхож байгаа хүн та бүхэн дотор байгаа байх. Миний бие аюулгүй, найдвартай олборлолт, байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтүүд (ESG)-г эн тэргүүнд тавихын зэрэгцээ бат бөх түншлэлээр илэрхийлэгдэх хүндлэл, итгэлцэл, анхаарал халамж болон “хэлсэн амандаа хүрэх”-эд анхаарах болно. Бид бүхний хөгжүүлсэн харилцаа ирээдүйд улам бэхжинэ гэдэгт та бүхэн итгэл төгс

байгаарай. Өнөөгийн нөхцөл байдал ч итгэлцэл, нягт хамтын ажиллагааг биднээс шаардаж байна. Миний бие түншлэл, хамтын ажиллагаанд гүнээ итгэдэг бөгөөд Африк, Өмнөд болон Хойд Америкт олж авсан ажлын туршлага хамтын хүчээр хүрч үл болох газар үгүй гэдэгт бат итгүүлсэн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn