Б.ДАРЬСҮРЭН

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар "Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкин дахь нийт эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрсэн. Онцолвол, 86.6 тэрбум  төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны нэр дээр гэрчилгээг гаргуулсан. Бусад нь Монголбанкны төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгө байршиж байна" гэв.

Мөн эргэн төлөлт хийсэн зээлдэгчдийг танилцууллаа. 11 зээл бүрэн төлөгдсөн. Тодруулбал, “Кью Эс Си”, “Вертекс Майнинг партнер”, “Макс роуд”, “Монгол эм импекс концерн”, “Вояжер минерал ресурсес”, “Сод монгол групп”, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, “Ди Би Эм лизинг”, Голомт банк, “Эрд хул” компанийн зээл бүрэн хаагдсан аж.

Капитал банк болон “Монгол мах экспо” гэсэн чанаргүй зээлдэгчийн эргэн төлөлтийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах ажиллагааг хийж, 86.6 тэрбум төгрөгийг үл хөдлөх хэлбэрээр шйиджээ.

Түүнчлэн "АТГ-аас 19 хэргийг шалгаж дуусаад, прокурор руу шилжүүлэхэд бэлэн болсон. ШШГЕГ-т чанаргүй есөн зээлийн 233 тэрбум төгрөгийн асуудал байна. Ойрын хугацаанд төрийн өмчит компаниудын өр зээлийн асуудал шийдэгдэхээр хүлээж байна. Бид энэ сарыг дуусахаас өмнө хэд хэдэн томоохон асуудлыг шийднэ. Онцлоход, ТОСК-ийн 180, “Эрдэнэс Монгол” компанийн 160 тэрбум төгрөгийн асуудал бий.

Энэ сард дээрх эргэн төлөлт шийдэгдвэл Хөгжлийн банкны баланст том нэмэх болох юм. МИАТ компанийн зүгээс энэ долоо хоногтоо багтааж үлдсэн өр төлбөрөө төлж барагдуулах чиглэлтэй ажиллаж байна.

Зээл төлөлт удаашрах гэхээс илүүтэй процесс их цаг авдаг юм байна. Хагас жилийн байдлаар 500 гаруй тэрбумын эргэн төлөлтийг хийж байсан. Эргэн төлөлт өдөр бүр багаар хийгддэг. Жин дарсан томоохон төлөлт хийгдэх юм бол бидний хувьд өөрчлөлт авчирна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn