Б.НЯМСҮРЭН
Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутнууд эрх ашиг нь зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ. Оюутнууд сургууль нь МУИС-тай нэгтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэв. БШУЯ-наас Их дээд сургуулийн элсэлт, бүртгэл, чанарын талаар мэдээлэл хийхдээ шаардлага хангаагүй 24 сургуулийг татан буулгаж, найман сургуулийг нэгтгэсэн гэж мэдэгдсэн. Оюутны зөвлөлийн тэргүүн Б.Майдарбат “Нэг нам буугаад, нөгөө нам гарахаар их сургуулиудыг салгаж, нийлүүлж байгаа нь оюутан бидэнд тулгамдсан асуудал боллоо. ХҮИС нь 99 жилийн түүхтэй, 45 салбарт маш олон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг. Биднийг сургууль нь татан буугдсан зэргээр ялгаварлан гадуурхаж байна. Үнэхээр муу сургууль байсан бол гурван удаа магадлан итгэмжлэгдэхгүй. Орон тоо, сургалтын бааз нь хангалттай биш байсан бол үйл ажиллагаа нь эрт хаагдах байлаа. Тодорхой албан хаагчаас нь мэдээлэл авахын тулд энэ мэдээллийг хийж байна” гэв. Мөн Бизнесийн сэтгэл судлалын оюутан Э.Энхцэцэг “Манай сургууль бизнесийн гарааг эхлүүлж өгдөг. Эко сургууль юм. Энэ сургуулийг сонгоод суралцахаар элссэн. Гэтэл МУИС-тай нэгтгэсэн. Элсэгчийн сонгох эрхийг зөрчиж байна. Оюутнуудын өмнөөс гомдолтой байна. Бидэнд МУИС руу шилжүүлэх тухай тодорхой мэдээлэл өгөөгүй. Хоёр сургуулийн хооронд сургалтын төлбөрийн ялгаа, төлөлтийн хугацаа зэрэг нь өөр байна. Манай сургууль нэгдүгээр курст элссэн оюутнууддаа “Гарааны бизнесийн үндэс” хичээл ордгоороо онцлогтой” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 178 (6910)