Б.БАЯРЖАВХЛАН

Их, дээд сургуулийн элсэлт болон ажлын байрны хүртээмжийн талаар “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа хөндөж бичсэн. Тодруулбал, Их, дээд сургуульд суралцагчдын 40-50 хувь нь бизнес, хүмүүнлэг, хуулийн чиглэлээр суралцаж байна. Тус мэргэжлүүдийн хувьд боловсон хүчний нөөц хангалттай байгаа ч сургуулиуд элсэлт авсаар байгаа юм. Энэ нь дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмсээр байгаа. Жил бүр орон нутгаас 40 орчим мянган оюутан Улаанбаатарт ирдэг. Харин төгсөөд орон нутаг руу боловсон хүчин болж явах нь цөөн байдаг нь судалгаагаар гарсан байдаг. Энэ нь мэргэжил сонголт буруу эсвэл орон нутагт тухайн мэргэжлээр ажлын байр байхгүй, тав тух муутай зэргээс үүдэж Улаанбаатар хотод шингэж үлдэхээс өөр сонголтгүй болгодог аж. Энэ талаар БШУЯ-ны дээд боловсролын газрын дарга Х.Тамир "Бизнес, нийгэм, хүмүүнлэг, хуулийн чиглэлийн боловсон хүчний нөөц хангагдсан. Тиймээс боловсон хүчний нөөц ханасан мэргэжлүүдээр элсэлт авахгүй байх тал дээр салбарын түвшинд анхаарч ажиллана” гэсэн юм.

1960-аад онд Улаанбаатарт үйлдвэр хөгжүүлэхийн тулд боловсон хүчнийг хөдөөнөөс хот руу төрийн бодлогоор татсан. Хөгжлийн өндөрлөгт хүрсэн өрнөдийн орнууд хүн амаа төвлөрүүлснээр хурдацтай хөгжсөн түүх бий. Тэгвэл энэ жишиг өргөн уудам газар нутаг, цөөхөн хүн амтай манай улсын хувьд тохирохгүй нь тодорхой харагдлаа. Монголчууд бидний хувьд хүн амын хэт төвлөрөл нийгмийн сөрөг үр дагавар авчирч байна. Тухайлбал, Улаанбаатарт хүн ам олноор төвлөрснөөр утаанаас үүдэлтэй агаарын бохирдол, хөрсний бохирдол, авто замын түгжрэл гээд тоо томшгүй олон бэрхшээл бий боллоо. Эсрэгээрээ хөдөө эзгүйрч, тэнд өндөр настнууд, мэргэжил боловсролгүй цөөн залуус, малчид л бууриа сахин үлдэв. Иргэдийг орон нутагт тараан байршуулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй бол 2025 онд манай улсын 57 хувь Улаанбаатарт амьдрах тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг.  Тэгвэл төв рүү татах хүчийг сааруулах бодлого юу вэ...

Энэ бол орон нутагт ажлын байрыг бий болгож, боловсон хүчнийг орон нутаг руу явуулах явдал юм. Ингэхийн тулд эхлээд боловсон хүчний нөөц хангагдсан мэргэжлүүдээр элсэлт авахгүй байх. Мөн орон нутагт дутагдалтай байгаа  мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх нь чухлаас гадна  Хөдөлмөр халамжийн газрууд шинэ төгсөгчийг ажлын байраар хангаж орон нутаг руу татах нэн шаардлагатай.

Энэ тал дээр Дорноговь аймаг сайн жишиг хэрэгжүүлжээ. Тодруулбал, багш мэргэжлээр төгссөн бүх оюутнуудтайгаа өнгөрсөн долдугаар сард уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтаар багшийн орон тоо дутуу сумдууд болон сургуулиудад ажиллах урилгыг шинэ төгсөгчдөд гардуулжээ. Энэ нь шинэ төгсөгчдийг ажлын байраар хангах, орон нутагт ажлын байр бий болгож байгаа юм. Энэ талаар шинэ төгсөгч О.Нарангэрэл “Миний хувьд МУБИС-ийг мэдээлэл зүйн багшаар төгссөн. Би Дорноговь аймгийн Айраг суманд ажиллах урилга авсан. Есдүгээр сарын нэгнээс ажилдаа орсон. Энэ нь шинэ төгсөгч бидэнд ажил хайж цагаа үрэхгүй байх боломжийг олгож байгаа юм. Шинэ төгсөгчдийн хувьд шууд ажлын байртай болох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна амьдрах байраар хангаж байгаа нь таатай байна” гэсэн юм. Мөн сумдад дутагдалтай байгаа мэргэжлээр жил бүр тус сумаасаа нэг хүүхдийг үнэгүй сургаж боловсон хүчний асуудлаа шийдэж байгаа аж.

Харин бусад аймгуудын хувьд ямар байдаг талаар дараах аймгуудын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тодрууллаа.

 

Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Х.Буянбаяр: Шинэ төгсөгчид орон нутгийг сонирхохгүй байна

-Говьсүмбэр аймгийн хувьд ажлын байранд зуучлах ажлуудыг хийсээр байгаа. Түүнчлэн, орон нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжлээр сурах оюутнуудад Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгодог. Шинэ төгсөгчдийн хувьд орон нутагт ажиллах сонирхолгүй болсон. Ялангуяа, төрийн захиргааны мэргэжилтний ажлын байр хүнгүйдээд байна. Энэ нь цалин мөнгө муутайгаас гадна өндөр шалгууртай байгаа нь залуу боловсон хүчнийг татахгүй байна. Аймгийнхаа шинэ төгсөгчдийг ирж ажиллахыг хүсдэг ч орон нутгийг сонирхохгүй байна.

 

Говь-Алтай аймгийн нийгмийн бодлогын ахлах мэргэжилтэн н.Ариунзаяа: Ажлын байранд иргэдийг зуучилсаар байна

-Говь-Алтай аймгийн хувьд алслагдмал, дэд бүтэц муутай учраас хүмүүс тэр бүр ажиллахаар ирдэггүй. Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран шинэ төгссөн ажил хайж байгаа иргэдийг чиглэл чиглэлээр нь бүртгэсан байгаа. Сул ажлын байруудын зарыг өдөр бүр зарласаар байна.

 

Ховд их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Пүрэвсүрэн: Орон нутагт нь Боловсон хүчнийг бэлтгэдэг болох хэрэгтэй байна

-Баруун бүст байгалийн ухааны багшийн орон тоо эрэлттэй байна. Тодруулбал, физикийн багшийн орон тоо Говь-Алтайд тав, Завханд гурав, Ховдод гурав, Баян-Өлгийд дөрөв байна. Гэвч нэг ч хүн энэ орон тоон дээр ажилд орох гэж ирдэггүй. Харин эмчийн орон тоо зарлахад 4-5 материалаа ирүүлдэг. Энэ нь хими биологиор өндөр оноо авсан сурагчид АШУИС-д, Математик, Физикээр өндөр оноо авсан нь ШУТИС-д элсдэгтэй холбоотой. Үүнээс үүдэж байгалийн ухааны багшаар сурах хүүхэдгүй болдог. Манай Ховд их сургуульд сүүлийн 10 жил багш мэргэжлээр элсэж орж ирэх хүүхдийн цоо цөөрсөн. Тиймээс орон нутаг эрэлттэй байгаа мэргэжлээр боловсрол эзэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн Бүс нутгийн боловсон хүчинг бүс нутагт нь бэлтгэх нь хамгийн зөв юм. Ховд их сургуульд 150 орчим оюутан элсдэг байсан. Энэ жил яамнаас манай сургуульд элсэж буй хүүхдийн төлбөрийг 50 хувиар хөнгөлсөн. Үүнтэй холбогдуулан элсэлт 40 хувиар нэмэгдсэн байгаа. Тиймээс төрийн бодлого чухал байна.

 

Дээрх жишээнүүдээс харахад шинэ залуу боловсон хүчнийг орон нутаг руу татах  ажлыг аймгууд тэр бүр хийдэггүй байгаа юм. Бүх аймагт залуучуудын холбоо гэж бий. Тэд гар бөмбөгийн тэмцээн, шинэ жил, сагсан бөмбөгийн тэмцээн, цасны баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулж байгаа харагддаг. Ингэж тэмцээн уралдааныг зохион байгуулж болдог юм чинь одоо залуучуудаа дэмжиж, ажлын байранд зуучлах, урилга өгөх тал дээр анхаарч ажиллавал үр дүнтэй. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 177 (6909)