Т.САЙХАН

УИХ-ын  чуулганаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тагнуулын ерөнхий газрын харьяанд байсан Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний бүтцэд шилжүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийн тушаалаар Цэргийн тагнуулын газрын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилсон байна. 

А.Ганбат нь 2019 оны гуравдугаар сард ЗХЖШ-ын даргаар томилогдоод зургаан сарын дараа буюу мөн оны есдүгээр сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.  

Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашсан байна.

Түүнд 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртээсэн билээ.

Эх сурвалж:www.polit.mn