П.АМГАЛАНБАЯР
Өдөр ирэх тусам алсран холдож буй өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хайрлан хамгаалах нь бидний үүрэг хариуцлага билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Өв соёл” буландаа эртний ховор олдвор хийгээд өв уламжлагчдаа цувралаар хүргэж буй. Бид энэ удаа Завхан аймгийн уран хатгамалч, зоосон ширээний сүлжмэлийг түгээн дэлгэрүүлж буй Б.Мөнхтуяаг онцолж байна.
Үнэ цэнэ, хөдөлмөр, шингэсэн “Зоосон ширээний сүлжмэл”
Б.Мөнхтуяа Ховд аймгийн Дуут сумын Урианхай эмэгтэй аж. Одоо Завхан аймгийн төвд амьдарч байна. Тэрбээр анх 2014 онд уран хатгамал сонирхож оёж эхэлжээ. Түүнээс хойш 2016 оноос одоог хүртэл уран хатгамал, зоосон ширээний сүлжмэл урлаж, түүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байна. Эмээ нь үйл сайхан урладаг хүн байсан нь түүнд үйлчин болох замналыг тавьсан хэмээлээ. Анх эмээгээсээ урианхай оёог сурчээ. Ийнхүү эмээгийнхээ удмын үргэлжлэл болсон охин, үйлчин хэмээх эрхэм алдрыг нь өвлөн явна. Тэрбээр өнгөрсөн сард болсон “Нүүдэлчин Монгол-2022” өв соёлын наадамд Төрийн долоон эрдэнэ, зоосон ширээний сүлжмэлээр урласан бүтээлүүд, уран хатгамалаар чимэглэсэн дээл бүс гэсэн нарийн хийцтэй бүтээлээрээ оролцжээ.
Тэрбээр зоосон ширээний сүлжмэлээ хийж суугаа нь тун ч ихэмсэг, донжтой харагдах аж. Ийн сүлжихдээ найман утаснаас дээш ямар ч өнгөөр сүлжиж болдог. Энэ нь уран хатгамалын хамгийн дээд охь бол зоосон ширээний сүлжмэлийн онцлог аж. Ширээ нь их гарын жинхэнэ зоостой байна. Зооснууд нь тухайн утсыг доош нь хүндрүүлж, сүлжмэлээ хийхэд хялбар болгож өгдөг гэнэ. Оюун ухаан хийгээд гарын чамбай хөдөлгөөн шаардсан зоосон ширээний сүлжмэл нь үнэхээр давтагдашгүй өв соёл аж. Ийнхүү зоосон ширээний сүлжмэлээр сүлжсэн утсаар дээл, эдлэлийг чимэглэх боломжтой бөгөөд үнэ цэнэ, хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн бүтээл гардаг байна. Б.Мөнхтуяагийн үйлээ урлаж суугаа сүлжмэлийн ширээ нь Өмнөговь аймгийн харьяат н.Баярсайхан хэмээх хүний бүтээл аж. Уг ширээ Монголд цөөхөн байдаг ховор эд гэнэ.
Завхан аймагт уран хатгамал урладаг 5-6 эмэгтэй байдаг
Уран хатгамалч Б.Мөнхтуяа өв соёлын олон тэмцээнд оролцжээ. Тэрбээр 2019 онд уран хатгамалчдын уралдаанд оролцсон байна. Энэ тухайгаа “Анх сонирхогчийн түвшинд оролцсон юм. Өөрийгөө ямар түвшинд байна, цаашаа юуг хөгжүүлвэл болох вэ гэдгээ харахыг хүссэн. Дараа нь Ховд аймагт зохион байгуулагдсан өв тээгчдийн уралдаанд оролцож, зоосон ширээний сүлжмэлээр чимэглэсэн урианхай дээлний зах, үсний гэр гэсэн төрлөөр оролцож тэргүүн байр эзэлсэн. Мөн Ховд аймгийн өв тээгчидтэйгээ хамт Баян-Өлгий аймгийн Толбо суманд болсон Урианхай, Тува түмний соёлын их наадамд оролцож тусгай байр эзэлсэн. Эх орныхоо олон гайхалтай өв соёлыг харж, суралцсан цаг хугацаа байсан” гэлээ. Б.Мөнхтуяагийн багш нь Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Монгол Улсын уран хатгамалч С.Оюундарь, Завхан аймгийн уран хатгамалч Даваахүү аж. Тэрбээр “Багш маань хэзээ ч загнаж заадаггүй. Тийм болохоор би ч гэсэн шавь нартаа аргадаж заадаг. Хүмүүс буруу оёчоод айгаад байдаг. Уран хатгамал тэвчээр шаарддаг хүнд урлаг учраас хүнд зөв ойлгуулах хэрэгтэй” гэсэн юм. Б.Мөнхтуяа уран хатгамалч хэмээх өв соёлоо тээж яваагаас гадна олон хүнд зааж сургадаг байна. Завхан аймагт уран хатгамал урладаг 5-6 эмэгтэй байдаг аж. Уран хатгамалынхаа оёо шаглаанаас шалтгаалаад дээл бусад бүтээлийн дуусах хугацааг тодорхойлох боломжгүй аж. Б.Мөнхтуяа уран хатгамалыг сүүлд сурсандаа харамсдаг гэнэ. Хэрэв эрт сурсан бол илүү ихийг түгээн дэлгэрүүлэх байсан гэсэн юм.
“Хүннүгийн үеийн гутал олдоход түрүүн дэх зүү ороосон хэсэг нь хэвээрээ байсан гэдэг”
Уран хатгамал маш их үнэ цэнэ шингэсэн урлаг гэдгийг Б.Мөнхтуяа онцолж байлаа. Энэ тухайгаа “Ховд аймгийн Мөнххайрхан сумаас Хүннүгийн үеийн гутал олдоход түрүүн дэх зүү ороосон хэсэг нь хэвээрээ байсан гэдэг. Миний урласан бүтээлүүд ч гэсэн 400-500 жил болоход анхны хэв шинжээрээ байна гэхээр үнэхээр гайхалтай. Тийм болохоор эх орныхоо гайхалтай өвийг түгээн дэлгэрүүлж яваадаа их баярладаг. Мөн хүмүүст зүү ороосон оёдол орсон дээлийг үнэтэй материал дээр хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Та дээлээ охиндоо, ачдаа уламжлуулаад явна шүү дээ” гэлээ. Тэрбээр зоосон ширээний сүлжмэл хийх, уран хатгамалаар бүтээл урлахдаа тухайн орчноосоо тасарч, бясалгал хийж буй мэдрэмжийг төрүүлдэг гэсэн юм. Заримдаа гоё зүйл бодоод уйлах тохиолдол байдаг гэнэ. Хааяа илүү ихийг хийх санаанууд төрдөг аж. Гэхдээ энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэх боломжгүй агшин байдаг гэсэн юм. Мөн өөрийнх нь цаг хугацаа, сэтгэлээ шингээж урласан бүтээлийг хүмүүс хэрэглэж байхыг харахад сайхан санагддаг аж. Энэ тухайгаа “Би өнгөрсөн жил Ховд аймагт цагаан сараар очиход гэр бүлийнхэн маань ихэнх нь миний урласан даалинг барьсан байхыг хараад гоё мэдрэмж төрсөн” гэлээ. Б.Мөнхтуяа дээлээ өдөр тутамд өмсөж хэвшээсэй гэж боддог.
Ингэснээр өв соёлоо хамгаална, түгээн дэлгэрүүлнэ шүү дээ гэсэн юм. Тэрбээр өдөр тутамдаа үндэснийхээ дээлээр гоёхыг зорьдог гэнэ. Завхан нутгийн дээлний онцлог төв халх тал руугаа байдаг аж. Хэдий дээлийг загвар, материалыг нь өөрчлөөд хийж байгаа ч төв халх талаа илүү барьж оёхыг эрмэлздэг байна. Харин Б.Мөнхтуяагийн уугуул нутаг болох Ховд аймаг 12 ястанаас бүрдсэн учраас өөр өөр төрлийн хувцаснууд өмсдөг аж. Урианхий эхнэр сэвгэр дээл өмсөх гэх мэтээр янз бүр. Тиймээс баруун аймгууд руу хувцасны төрөл онцлог, насны ангилал өргөн дэлгэр байдаг гэдгийг онцолж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 174 (6906)