Б.ДОЛЖИНЖАВ

 

Холливудын нэрт жүжигчин Брэд Питт "Bullet Train" шинэ киноны нээлтэд ирэхдээ юбка өмссөн байсан нь одоог хүртэл хамгийн халуун ярианы сэдэв хэвээр байна. Энэ хувцаслалтынхаа тухай “Яагаад ийм хувцас сонгосноо сайн мэдэхгүй юм. Нэгэнтээ бүгд үхэхээс хойш өөрийнхөөрөө, дураараа байцгаая” хэмээн “Variety” сэтгүүлд ярьжээ. Үүний дараагаар Оскар Исаак, Лил Нас Х, Билли Портер, Дэн Леви гэсэн эрэгтэй жүжигчид юбка өмссөн эрэгтэй жүжигчдийн эгнээг тэлсэн юм. Эдгээрийн дараа эрэгтэй сагсан бөмбөгчид, репперүүд хүртэл хүйсээс үл харгалзан юбка сонгон өмсөх чиг хандлагыг дагаж байна. 


“Зууны мэдээ” сонин өнгө, мэргэжил сонголт, тоглоомонд хүйс хамааралгүй тухай өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан.Тэгвэл энэ удаа эмэгтэй хүн л зөвхөн даашинз, юбка өмсөх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн тулд энэ нийтлэлээ “CNN” сайтаас орчуулан уншигчдадаа хүргэж байна.


АНУ-д эрэгтэйчүүдэд зориулсан юбка зардаг цахим дэлгүүр хүртэл нээгджээ. Тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч Карл Р.Френд “Алдартнууд юбка өмсөж эхэлснээс хойш борлуулалт нэмэгдсэн. Ер нь эрэгтэй хүн юбка өмсөхийг зөвшөөрвөл цаг үе илүү сайхан болох байх” гэж ярив. Гэхдээ эрчүүд юбка өмсөх нь зөвхөн орчин үеийн тренд биш. Түүх сөхвөөс 16 дугаар зууны үед Шотланд эрэгтэйчүүд юбка өмсөх нь үндэсний бахархал байсан аж.


Алдартай хөлбөмбөгчин Дэвид Бекхэм 1998 онд шоотой урт юбка өмсөж байсан зураг нь одоо хүртэл алдартай. Энэ тухайгаа тэрбээр “Тухайн үед юбка өмссөндөө би хэзээ ч харамсахгүй. Үнэхээр сайхан харагдаж байсан учир би одоо ч хааяа өмсдөг” гэж ярьсан байдаг.


Цаг үе өөрчлөгдсөнөөс шалтгаалан одоо үед юбка өмссөн эрэгтэйчүүдийг гутаан доромжлох бус даган дуурайж байгаа тухай дээр дурдсан. Тухайлбал, TikTok дээр #boysinskirts буюу “юбкатай эрчүүд” гэсэн хаштагтай бичлэгийг 240 сая удаа үзэж, эрэгтэйчүүд юбкатай зургаа хуваалцаж, үүнийг хэрхэн бусад хувцастай зохицуулж өмсөх талаар харилцан зөвлөгөө өгч байгаа нь цаг үе өөрчлөгдсөнийг илтгэж байна. Юбка өмсөх нь эмэгтэйлэг зан чанартай ямар ч холбоогүй. Хэн ч өмсөж болох хувцасны нэг төрөл билээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)