П.АМГАЛАНБАЯР

Газар хөглөрсөн шаргал навчис. Зам дээр тогтсон ус. Хаа нэг тийш яаран алхах хүмүүс. Машины цуваа. Нам гүм орчныг мэдрүүлэх өглөөний гудамж гээд их хотын өнгө төрхийг бодит мэт уран зурагт буулгажээ. Энэ бол зураач С.Пүрэвхүүгийн “Миний Улаанбаатар” үзэсгэлэнд дэлгэсэн түүний ертөнцөөр буусан нийслэлийн өнгө төрх. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дүрслэх урлаг” буландаа зураач С.Пүрэвхүүг онцолж байна.

 

“Судалбар зураг бол миний ямагт орших орон зай” 

Тэрбээр уран зурагтай хүүхэд байхаасаа холбогджээ. Зургаан настайгаасаа уран зургийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурсан байна. Арван жилээ төгсөөд хүсэл мөрөөдлөө даган, Кино урлагийн дээд сургуульд орж, уран зураач, кино зураач гэсэн хос мэргэжилтэй төгсжээ. Сургуулиа төгссөнөөс хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Ингэхээр түүний амьдралаас  уран зургийг ялгаж салгахын аргагүй орон зай нь бололтой. С.Пүрэвхүү анхны бие даасан үзэсгэлэнгээ 2016 онд “Судалбар” нэртэйгээр гаргажээ. Анхны үзэсгэлэндээ  35 бүтээл дэлгэсэн бөгөөд хөрөг, байгаль, хотын хийгээд хөдөөгийн байгалийг дүрслэн буулгасан байна. Судалбар зураг бол  зураачийн гайхалтай  уран бүтээл төрөх гол суурь юм. Тиймээс миний  ямагт орших орон зай судалбар зураг  гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Энэ удаагийн их хотын өнгө төрхийг буулгасан “Миний Улаанбаатар” нь түүний тав дахь удаагийн үзэсгэлэн бөгөөд 39 цуврал зургаар уран зураг сонирхогчдын хүртээл болжээ. Тэрбээр анхны үзэсгэлэнгээ гаргаж байх үеэс хотын өнгө төрхийг уран зурагт буулгахыг зорьжээ. Тиймээс олон жил бодол санаандаа буулгасан хотын өнгө төрх цаасан дээр буусан байна. Хотын хаа нэгтээ орших байшин, дүр дүрслэлүүд хэдэн жилийн дараа үгүй болсон ч, яг л тэр үеийн дүр төрхөөрөө үлдэх нь уран зургийн мөн чанар юм гэдгийг тэрбээр онцолж байсан юм.

 

С.Пүрэвхүү “Ану” хатан “Хийморь” киноны зураачаар ажиллажээ

 

Түүний бас нэгэн ертөнц бол кино зураач. С.Пүрэвхүү 2012 онд  “Ану” хатан кинонд план зураачаар ажиллаж дэлгэцийн уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. Үүнээс хойш “Хийморь” зэрэг арав гаруй киноны зураачаар ажилласан байна. Түүнээс кино зураач хийгээд уран зураачийн ажлын онцлогийг асуухад “Кино бол олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг зүйл. Тиймээс олон хүнтэй хамтарч ажиллаж, нэгэн цогц бүтээл төрдөг. Мөн цаанаас өгөгдсөн зохиолын дагуу ажилладаг. Харин уран зураачийн бүтээлийн сэдэв санаа, хязгааргүй.

 

“Миний уран бүтээлийн онгодыг хөглөдөг зүйл бол байгаль”

Ан амьтан, ургамал, гол горхи гээд  бүгд  өөр өөрийн  ертөнц, мэдрэмжийг түгээдэг. Тиймээс уран бүтээлийн минь онгодыг хөглөдөг нэг зүйлийг нэрлээч гэвэл би байгалийг хэлнэ. Дан ганц уран зураач гэлтгүй бүх уран бүтээлч байгалиас давтагдашгүй санааг авдаг байх гэдгийг гэдгийг С.Пүрэвхүү онцолж байлаа. Тэрбээр “Зураач мэргэжил цаг ямагт эрэлч хайгуулч байхыг шаарддаг. Уран бүтээлч нийгмийнхээ түүчээ байх  хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 170 (6902)