П.АМГАЛАНБАЯР

“Миний хүү одоо ангийхантайгаа хамт хичээлдээ сууна шүү. Ээж нь хичээлийг нь тарахаар хүүгээ ирж авна” хэмээн хүүтэйгээ ярих эмэгтэй нүдэнд туслаа. “1г” гэсэн пайз барьсан нэгэн эмэгтэйн араас жагсан зогсож буй, хүүхдүүд эцэг эхчүүдийн  ард ийнхүү  ээж, хүү хоёр ярилцан зогсоно. Эрдмийн их гараагаа эхлүүлж сургуулийнхаа босгыг давахаар ирээдүйн  эрдэмтэн, багш, эмч нар анхны хичээлийн жилийн нээлтэндээ оролцож буй нь энэ. Ийнхүү манай сурвалжлах баг Сонгинохайрхан дүүргийн IV хороонд байрлах,  шинэ хичээлийн жилд ашиглалтад орж сурагчидаа хүлээн авч буй Ерөнхий боловсролын 162 дугаар сургуулиас сурвалжилга бэлтгэлээ. Биднийг очиход  сурагчийн дүрэмт хувцсааар ижилдэн гоёсон хүүхдүүд  анги ангиараа эгнээ болон зогсож, багш нар нь сурагчидтайгаа танилцаж харагдав. Хүүхдүүдийн инээд хөөр, хүсэл мөрөөдөл, эцэг эхчүүд багш нарын хайр халамж цалгисан дүр тод буух аж. Тэнд цугласан эцэг эхчүүд хүүхдүүд нь гэртэйгээ ойрхон сургуультай болж байгаад баяртай байгаагаа хуваалцаж байсан юм. Хичээлийн шинэ жил, сургуулийн жаврыг үргээж  “Хуур магнай” дууг морин хуурын аялгуутай хамт эгшиглүүллээ. Дараа нь тус сургуулийн  1а ангийн  сурагч Э.Чаминцэцэг, Х.Очир-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн  анхны хонхыг цохиж, үеийн найзууд болон  ах эгч нараа эрдмийн их өргөөнд хөтөлсөн юм. Ийнхүү багш нар эцэг эхчүүд, хүүхдүүд сургуулийнхаа босгыг алхлаа.

 

МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН, ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬ БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА

 

Шинээр ашиглалтад орж буй тус сургуулийн шавийг анх 2019 онд тавьж байжээ. Ерөнхий боловсролын 162 дугаар  сургууль нь тус дүүргийн III, IV, XXVI хорооны хүүхдүүд суралцаж байгаа аж. Тус сургууль нь хичээлийн 24 танхимаас гадна спорт, урлагийн заал  зэргийг шийдэж өгсөн байна. Мөн 08:00, 13:30 гэсэн хоёр ээлжээр хичээллэхээр төлөвлөжээ. Тус сургуулийн захирал С.Чулуунбилэг “Энэ хичээлийн жилд  1100  гаруй суралцагч, 60  гаруй багш ажиллана. Шинэ үүдээ нээж байгаа сургууль ч гэсэн хүүхдийн төлөө олон зүйлийг хийхээр төлөвлөсөн. Юуны түрүүнд хүүхэд бүрийн нийгэм сэтгэлзүй эрүүл мэнд, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих боловсрол олгоход анхаарна. Мөн сурч хөгжихөд тулгарч буй бэрхшээлийг арилгаж,  хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй сурах орчинг бүрдүүлж ажиллахыг зорьж  байна. Мөн 162 дугаар сургуулийн хувьд цаашид Монгол-Оросын хамтарсан, гадаад хэлний сургалттай сургууль болгон өргөжүүлж, сурлагын чанар, багшийн чадавх, сурагчдын амжилтад онцгойлон анхаарч ажиллана” гэв. Ахлах бүлэгт суралцах 8а ангийн сурагч И.Ундармаа “Хүүхдүүд бид эх орныхоо хөгжлийн нэг үндэс шүү дээ. Тиймээс ирээдүйн хүсэл мөрөөдлөө хүрэх боломжийг олгох шинэ сургууль  нээлтээ хийж, суралцах болсондоо баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Ийнхүү нийслэлийн хүн ам ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүрэгт шинэ сургууль үүдээ нээж, тус дүүргийн гурван хорооны хүүхдүүд гэртэйгээ ойр сурах боломж бүрдэв. Мөн сургуулийн нээлтэд тус тойргоос сонгогдсон Улсын Их хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Жаргалмаа нар оролцсон юм.

 

“ХИЧЭЭЛД СУУХАД ГОЁ ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА”

Эрдмийн гараагаа эхлүүлж буй нэгдүгээр ангийн хүүхдүүд анги ангиараа багш нарыгаа дагаж  анхны  хичээлдээ суухааар анги руугаа оров. Хичээлийн танхимд ороход ширээ бүрт өнгө өнгийн шаар наасан нь бяцхан багачуудад ихэд таалагдаж буй харагдана.  “Заа хүүхдүүд ээ багшруугаа хараарай.  Ямар мундаг хүүхэд вэ” хэмээх  эмэгтэй бол нэгдүгээр ангийн хүүхдүүд тосон авч буй багш юм. Тэрбээр “Манай анги 37 хүүхэдтэй. Шинээр ашиглалтад орж байгаа сургуульд багшаар ажиллахын зэрэгцээ нэгдүгээр анги дааж авч байгаадаа баяртай байна. Энэ олон хүүхдийн ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилго, төлөвшил багш хүнээс эхтэй учраас хариуцлагатай. Шавь нараа өөрийн хүүхэд мэт хайрлаж, эрдмийн их гараанд нь хөтөлнө дөө. Шавь нар маань анх удаа сууж, самбар дээр нь хүртэл би анх удаа бичиж байна гэж бодохоор миний амьдралын сайхан дурсамжийн нэг.  Хүүхдийн энэрги гэдэг хамгийн агуу зүйл учраас багш мэргэжил эзэмшсэнээрээ бахархдаг. Би өмнө нийслэлийн ЕБС-ийн 87-р сургуульд ажиллаж байсан. Одоо гэртэйгээ ойрхон сургуульд  ажиллах болсон нь их давуу тал боллоо”  хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ үед хамгийн эхний ширээнд сууж байгаа Г.Жавхлантөгс хүү “Хичээлд суухад гоё юм шиг санагдаж байна. Ээж аав минь надад гоё зурагтай цүнх, дэвтэр, авч өгсөн. Би том болоод уурхайны эзэн болно” хэмээсэн юм. Харин хүүгийн ээж “Цахимаар бүртгүүлээд энэ сургуульд хуваарилагдсан. Бүх зүйл нь шинэ болохоор  сайхан санагдаж байна.  Манайх IV хороонд амьдардаг болохоор хүүгийн минь сургууль ойрхон. Хүүхэд маань нэгдүгээр ангид орж байгаа болохоор өөрөө сургуульд орох гэж байгаа юм шиг их догдолж байна. Нэгдүгээр ангийн нэг ангид хуваарилагдсан хүүхдүүдийн тоо харьцангуй цөөн юм шиг санагдсан” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 169 (6901)