Т.САЙХАН
Өнөөдөр дэлхийн улс орон бүр логистикийн салбарыг оновчтой хөгжүүлэх бүх боломжийг эрэн хайж байна. Энэ талаар 2022 оны есдүгээр сарын 5-8-нд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын төр, засаг, бизнесийн төлөөлөгчид ярилцана. Их Евразийн логистикийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох БАМ болон Транссибирийн төмөр замыг эрчимтэй хөгжүүлэх асуудалд чуулга уулзалтын оролцогчид онцгой анхаарал хандуулна гэсэн хүлээлттэй байна.
Өнөөдөр Монголын эдийн засгийн зүтгүүр, гол хөдөлгөгч хүч нь ашигт малтмал, түүхий эдийн салбар бөгөөд Хятад болон Ази, Номхон далайн бүс нутгийн бусад орнуудад нүүрс экспортлоход голлон чиглэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Монгол Улс коронавирусын цар тахал гарахаас өмнө жилд 30 гаруй сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын дараах үед экспортын хэмжээ эрс буурсан байна.
Далайд гарцгүй Монгол Улс нь экспортоо БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар явуулдаг ба нүүрсний 85 хувийг Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор гаргадаг. Үүний зэрэгцээ Монгол Улс 2022 оны эцэс гэхэд БНХАУ-тай хамтран шинээр таван төмөр замын боомт нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд 36 сая тонн нүүрс экспортолж гурван тэрбум ам. долларын орлого олгох хүлээлттэй байгаа.
Гэвч одоогийн байдлаар Монголын байгалийн түүхий эдийг тээвэрлэхэд саад болж буй гол хүчин зүйл бол цар тахлын улмаас БНХАУ-ын зүгээс тавьсан ложистикийн хязгаарлалтууд юм. Монгол Улс үндсэндээ Хятадын “тэг ковид” бодлогын барьцаанд орсон бөгөөд энэхүү хязгаарлалтууд хэзээ дуусаж хилийн боомтуудын үйл ажиллагааг сэргээх нь тодорхойгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс ОХУ-ын Алс Дорнодын боомтоор дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах боломжийг эрэлхийлж байна.
Харин энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай нөхцөлийг “Оросын төмөр замууд” нийгэмлэгээс энэ оны эхээр зарласан "Дорно руу чиглэсэн том эргэлт" бүрдүүлж байгаа юм. Тус нийгэмлэгийн ерөнхий захирлын орлогч Алексей Шило “Бид нийгэмлэгийнхээ зүүн бүсийн туршилтын талбайн дэд бүтцийг идэвхтэй ашиглах зорилготой байна” гэв. "Одоо бид Алс Дорнод дахь боомтын дэд бүтцийг хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулна. Боомтын хүчин чадлын 76 хувь нь нүүрс шилжүүлэн ачих, 12-14 хувь нь нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэхэд чиглэгдэж байна" гэж тэрээр онцлон тэмдэглэв.
Тээврийн дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь хоёр талын нэн тэргүүний зорилт юм. Үүнтэй холбогдуулан Чойбалсан-Соловьевск (Монголын зүүн хэсэг-Оросын Өвөрбайгалийн хязгаар)-ыг Монгол Улсын төмөр зам буюу зүүн, өмнөд, зүүн өмнөд бүсүүдтэй холбосон 400 гаруй км урттай Монгол, Оросын шинэ төмөр зам барих юм.
Энэхүү төсөл нь эдгээр бүс нутагт нүүрс, хүдэр, металлургийн түүхий эдийн томоохон нөөцийг олборлох, мөн БНХАУ-Монгол-ОХУ-ын коридороор Евроазийн ачаа тээврийн транзит тээврийг хөгжүүлэх зорилготой юм. Шинэ замаар жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн ойрын ирээдүйд энэхүү замыг зэргэлдээ орших ӨМӨЗО-ны төмөр замын сүлжээтэй холбохоор төлөвлөж байгаа билээ. Ийнхүү Транс Сибирьтэй холбогдох Азийн шинэ коридор (Хятадын Өвөр Монгол - Монгол Улс - ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар) бий болно.
Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын гол сэдэв нь олон туйлт ертөнц рүү шилжих хөдөлгөөн байх болно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч, тус чуулга уулзалтын Зохион байгуулах хорооны дарга Юрий Трутнев “Өнөөдөр ОХУ болон Ази, Номхон далайн бүс нутгийн эсрэг авч буй барууны хориг арга хэмжэээнүүд нэг талаас дэлхийн эдийн засгийн хөгжилд саад тотгор учруулж баййна. Гэхдээ нөгөө талаас тэд бидэнд шинэ боломжуудыг олгож, биднийг шинэ чадвар эзэмшихийг шаардаж байна" гэж онцлон тэмдэглэв.
Эх сурвалж:www.zms.mn