Б.ДОЛЖИНЖАВ
Бага насны ихэнх хүүхэд “Би том болоод ангийн багш шигээ багш болно” хэмээн ярьдаг. Гэхдээ дийлэнхдээ охид л ийм мөрөөдөл тээдэг. Учир нь сургуулийн орчинд болоод эргэн тойрон дахь багш мэргэжилтэй хүмүүс нь эмэгтэйчүүд байх нь түгээмэл. Ийм хүрээлэл дунд хүмүүжсэн хүүхдүүд мэргэжлийг хүйстэй хамааруулан ойлгодог хэвшмэл ойлголттой иргэн болон төлөвшдөг. Багшийг эмэгтэйгээр, цагдааг эрэгтэйгээр л төсөөлж өссөн хүүхдүүд мэргэжил сонгохдоо ч охид балетчин, хөвгүүд программист болох нь хамгийн оновчтой сонголт хэмээн үзэх нь бий. Үүнээс үүдэн ямар нэгэн салбарыг эрэгтэйчүүдийнх, эмэгтэйчүүдийнх хэмээн өмчилж, улмаар энэ нь цалингийн зөрүү үүсэх, тухайн мэргэжлийн хүйсийн тэнцвэрт байдал алдагдах гэсэн олон асуудлын үндэс суурь болдог байна. Тиймээс “Зууны мэдээ сонин” энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа багш нарын хүйсийн харилцаа нийгмийн хэвшмэл ойлголтод хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг хөндлөө.
ЕБС-ийн багш нарын 20 хүрэхгүй хувь нь эрэгтэй
Манай улсын ерөнхий боловсролын сургуульд 35110 багш ажиллаж байна. Үүний 28 мянга гаруй нь эмэгтэй, 6500 орчим нь эрэгтэй байна. Тодруулбал, ЕБС-ийн багш нарын 82 хувь нь эмэгтэй, 18 хувь нь эрэгтэй байна. Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны тоон мэдээллийг илүү нарийвчлан шүүж үзвэл цэцэрлэгт 8824 багш ажилладагаас 96 хувь нь эмэгтэй, үлдсэн дөрвөн хувь нь эрэгтэй багш байна. Харин бага ангийн багш нарын 97 хувь нь эмэгтэй, гурван хувь нь эрэгтэй байгаа нь манай улсын боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдал ямар их алдагдсан болохыг илтгэж байна. Энэ хүйсийн тэнцвэргүй байдлын сөрөг нөлөөллийн талаар бид боловсролын салбар дахь жендэрийн чиглэлээр мэргэшсэн судлаачдаас тодруулсан юм.
МУБИС-ийн НХУС-ийн багш, дэд профессор С.Түмэндэлгэр “Манай улс социалист төрийн үеийн сурган хүмүүжүүлэх үйлд төрөлхөөс авьяастай охид, эмэгтэйчүүдийг татан оролцуулах зорилт тавьж ажилласан нь эрэгтэй давамгай байсан багш нарын бүрэлдэхүүнийг аажмаар эмэгтэйчүүд болгон хувиргасан. Гэтэл охид, хөвгүүд сэтгэц танин мэдэхүйн болон нийгэмшсэн сэтгэл хөдлөлийн ялгааг харгалзсан сургалт, хүмүүжлийн үйл хэрэгт эрэгтэй, эмэгтэй багш нарын тэнцвэртэй оролцоо чухал үүрэгтэй юм. Бидний судалгаагаар хөвгүүд эрэгтэй багш нарт илүү эерэг хандлагатай болох нь ажиглагдсан. Иймд эрэгтэй багш нар үгүйлэгдэж бна. Харамсалтай нь өрх гэр бүлээ тэжээнэ гэсэн хэвшмэл үзэл нь эрэгтэй хүнийг цалин багатайгаас улбаалаад багш болох, энэ мэргэжлээр тогтвортой ажиллахад саад болсоор байна. Хэвшмэл ойлголт нь түүхэн урт хугацааны явцад байсаар ирсэн тул хүний нийгэмшилтэд онцгой үүрэг бүхий институтуудын цогц нөлөөллийн үр дүнд өөрчлөгдөнө. Гэхдээ одоогийн олон нийтийн хандлага 20 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад нэлээд өөрчлөгдсөн” гэж ярилаа.
Харин МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, докторант Н.Үүрийнтуяа ”Боловсролын салбарт ажиллагсдын хүйсийн тэгш бус байдал нь хэвшмэл ойлголтыг хадгалах нэг үндэс болдог. Тухайлбал, жендэрийн нийгэмшилтийн онолоор тухайн хүүхэд юу харж, хэнийг сонсож, ямар орчинд өсөх нь жендэрийн талаарх ойлголт төлөвшихөд хамгийн ихээр нөлөөлдөг. Жишээлбэл, зургаан настай хүүхэд сургуульд элсээд 12 жилийн турш бүх хичээлээ эмэгтэй багшаар заалгавал багш мэргэжил нь зөвхөн эмэгтэйчүүдийн сонголт гэсэн хэвшмэл ойлголт бий болгодог.. Сургуулийн орчин дахь хүйсийн тэнцвэргүй байдал нь залуучуудын мэргэжил сонголтод ихээхэн нөлөөлдөг. Хүний нийгмийн талаарх ойлголт, хандлагын ихэнх нь бага насанд төлөвшдөг. Гэтэл бага насны хүүхдийн төлөвшилтөд эрэгтэй багш нарын нөлөөлөл дутагдаж байна. Тиймээс боловсролын салбарт ажиллагсдын хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт юм” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан.
Боловсролын салбарт нийт 50 мянга орчим багш ажилладаг. Тэдгээрээс 541 нь зөвлөх зэрэгтэй. Тэдний 89 хувь нь эмэгтэй, ердөө 11 хувь нь эрэгтэй байна. Тодруулбал, манай улсад ЕБС-д 442 эмэгтэй, 59 эрэгтэй зөвлөх багш байдаг. Харин сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн 40 зөвлөх багш бүгд эмэгтэй байна. Үүнээс харахад сургуулийнхаа бусад багш нарт зөвлөгөө өгч, заах арга барил, сургалтыг чанарыг сайжруулахад нь чиглүүлэх чухал үүргийг хариуцдаг зөвлөх багш нарын тухайд ч хүйсийн тэнцвэрт байдал хэдийнэ алдагджээ. Тодруулбал, боловсролын салбарт эрэгтэйчүүдийн заах арга барил, нөлөөлөл дутмаг, дуу хоолой, мэдлэгээ хуваалцах орон зай хомс байгаа нь энэ салбарын хөгжлийг хойш татаж буй том хүчин зүйл гэдгийг судлаачид тодорхойлсон.
Эрэгтэй багш нарын ур чадварыг сурталчилъя
Хүүхдүүдийн сургалт, хүмүүжилд эрэгтэй, эмэгтэй багш нарын тэнцвэртэй оролцоо юунаас ч илүү чухал билээ. Одоогийн энэ нөхцөл байдлыг өөрчлөхөд багш нарын жендэрийн мэдлэг ойлголт, хандлага хамгаас чухал юм. Багш нар жендэрийн мэдрэмжтэй байж чадвал сурагчид мэргэжлийг хүйстэй холбон ойлгохоо больж, багш мэргэжил төдийгүй бусад салбарт ч жендэрийн тэгш байдал хангагдах юм. Ялангуяа хүүхдүүдийн нийгмийн талаарх төсөөлөл төлөвшдөг цэцэрлэг, бага ангийн эрэгтэй багш нарын тоо нэмэгдэхэд ЕБС-ийн багш нарын хандлага чухал нөлөөтэй юм. Багш нар мэргэжил сонголтод хүйс хамааралгүй гагцхүү ур чадвар, хүсэл тэмүүлэл чухал гэдгийг сурагчдадаа ойлгуулж чадваас багшийг эмэгтэйчүүдийн л сонголт хэмээх ойлголт багасч, эрэгтэй багш нарын тоо нэмэгдэх юм.
Нийслэлийн 14 дүгээр сургуулийн хувьд бага ангийн гурван эрэгтэй багштай. Тэдний нэг О.Гантүшигийг бага ангийн багш мэргэжлээр сурч байгааг найзууд болон ангийнхан нь буруугаар ойлгох нь элбэг байжээ. Тухайлбал, “Олон эмэгтэйтэй сурч байгаа учраас эмэгтэйлэг болно. Сургууль авч чадаагүй болохоороо энэ мэргэжлийг сонгосон юм уу.Эмэгтэй хүний мэргэжил сонгосон” гэж хэлэх тохиолдол гарч байжээ. Харин түүний хувьд хамаатан нь бага ангийн эрэгтэй багш байсан учраас эрэгтэй хүн энэ мэргэжлийг эзэмшиж болдог гэж боддог байжээ. Энэ тухайгаа “Оюутан болоод анхны хичээлдээ суухдаа бүх хүүхэд эмэгтэй байсанд их гайхаж, сандарсан. Хаана суухаа ч мэдэхгүй, анги андуурсан юм шиг мэдрэмж төрж байсан. Мөн бага ангийн багшийн мэргэжил гэдэг эмэгтэйчүүдийн мэргэжил юм шиг санагдаж байсан. Харин одоо Монголын ирээдүйг бэлтгэж байна гэж бодож мэргэжлээрээ бахархдаг Өдөр ирэх тусам чадваржиж, мэргэжилдээ дурлаж байна” хэмээн манай сонинд ярьж байв.
Цар тахлын үеийн теле хичээлийг зөвхөн эмэгтэй бус эрэгтэй багш нар хослон заасан нь хүмүүсийн хэвшмэл ойлголт өөрчлөгдөхөд нөлөөлсөн зөв шийдэл байсан билээ. Яг ийм аргачлалаар эрэгтэй багш нарын ур чадвар, сурах арга барилыг сурталчлах чиглэлд төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. МУБИС-ийн багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөнд ерөнхий суурийн сонгон суралцах багцад “Жендэр ба Тогтвортой хөгжил” хичээлийг оруулсан нь боловсролын салбар дахь хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлагыг халах онцлох санаачилга болсон юм. Тус хичээл нь улирал бүр оюутнуудын хамгийн их сонирхон судалдаг хичээлүүдийн нэг болоод байна.
Боловсролын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах олон баримт бичиг байдаг ч үр дүнд хүрсэн нь цөөн. Тиймээс боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах бодлогодоо шинэчлэл хийж, эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарахгүй бол өөр ямар ч шинэлэг зүйл санаачлаад энэ салбарт ахицтай өөрчлөлт гарахгүй л болов уу.Бүх мэргэжилтэн боловсролын байгууллагаас төрөн гардаг тул энэ салбарын багш нарын тэнцвэрт байдал нэн тэргүүний асуудал билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 168 (6900)