Казахстаны нэрт улстөрч Галымжан Жакияновыг монголын хууль, хяналтын байгууллагаас залилан хийж, их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй билээ.  Энэ тухай мэдээлэл  ОХУ-ын хэд хэдэн цахим сайтад мөн нийтлэгдээд байна.  Тэгвэл түүнийг чухам ямар хэргээр шалгаж буй талаар мэдээлэл хүргэе.

Галымжан Жакияновыг “ALGT” компанийн нэхэмжлэл бүхий гомдлоор 775.000 ам.долларыг хууль бусаар хувьдаа завшсан хэргээр шалгаж буй аж. Тодруулбал, түүнийг Монгол дахь бизнесийн түншүүдээ залилж, их хэмжээний мөнгийг хууль бусаар хувьдаа завшсан хэрэгт холбогдуулан ЦЕГ-тт 12021505 тоот эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Уг хэрэгтэй холбоотойгоор Жакияновыг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон ба энэхүү хориг нь өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байна.

 

ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГАЛЫМЖАН ЖАКИЯНОВ ГЭЖ ХЭН БЭ

 

Галымжан Жакияновыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл олон нийтэд хүрсний дараа түүний өмгөөлөгч гэх хүн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү хандан мэдээллээ нягтлахыг сануулж байжээ.  Тэгвэл Галымжан Жакияновын холбогдсон хэргийн араас эрэн сурвалжилж дараах мэдээллүүдийг олж авсан юм.

Улстөрч Галымжан Жакияновын хувьд Казакстанд асар хурдтай карьер хийсэн нэгэн аж. Энгийн слесарь-цахилгаанчнаас эхлээд тус улсын Павлодар мужийн захирагч хүртэл бүх шатны албан тушаалыг хашсан байдаг. Улмаар 2002 оны найман сард албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр тус улсын шүүхээс долоон жилийн хорих ял сонсож байжээ. Тухайн үед Жакиянов Павлодар мужид үйл ажиллагаа явуулж байсан томоохон аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хууль бусаар хамгаалж, лобби хийж, эрх мэдлээ урвуулан ашигласан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Гэвч 2006 оны нэрдүгээр сард тэрбээр хугацаанаасаа өмнө суллагдсан байна.

Үүний дараа Жакиянов БНХАУ-д хэсэг хугацаанд ажиллаж байгаад удалгүй манай улсад суурьшиж, Ховд аймагт төмрийн хүдэр олборлох бизнес эрхэлж, түүхий эдээ урд хөрш хятад руу экспортолдог болсон аж.

Галымжан Жакияновын хувьд мужийн засаг даргаар ажиллаж байх үедээ өөрийн эрх ашгийн лоббигоо сурамгай явуулдаг байсан нэгэн гэгддэг. Түүнийгээ ч манай улсад хэрэгжүүлж, өөрийн халаасаа зузаатгасан гэх мэдээлэл бий.

Энэ цаг үед “Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна” гэх шүүмжлэлийг дээр дооргүй ярьцгааж байгаа ч худалч, хулгайч, залилагч этгээдүүдийг хэрсүүгээр ялах учиртайг энэ жишээнээс харж болохоор. Монголчууд бид “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” ч гэж ярьдаг. Уг нь монголчууд Галымжан Жакияновт манай улсад шударгаар, хууль ёсны дагуу бизнес эрхлэх /төмрийн хүдэр буюу ашигт малтмалыг олборлох, борлуулах, их хэмжээний ашиг орлого олох/ боломжийг олгосон. Харамсалтай нь “хар” аргаар мөнгө олох хэрэгсэл болгосон байж болзошгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин