Б.ОД

Энэтхэг улсын Ченнай хотод болсон шатрын дэлхийн 44 дүгээр олимпиадад манай тамирчид амжилт арвинтай оролцсон билээ. 

Тухайлбал, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн болж, олон улсын мастер Т.Мөнхзул Их мастерын цолны болзол хангасан зэргийг дурдаж болох юм. 

Ийнхүү дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэн Жуух бичгээр шагналаа. Түүнчлэн Их мастер цолны болзол хангасан Т.Мөнхзулд Засгийн газрын 173 тогтоолын дагуу 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох батламжийг гардуулав. 

Энэ удаагийн олимпиадад 188 орны тамирчид оролцсон бөгөөд дараагийн удаагийнх Унгар улсад болох юм байна.

 Эх сурвалж:www.polit.mn