Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Спорт” буландаа “Ховд Ижил алтай торгууд” багийн ахлагч Г.Саруулгэрэлийг урилаа. Энэ жилийн Залуучуудын улсын аварга, үнэ цэнтэй тоглогч түүнтэй хэсэг хором ярилцсан юм.
-Волейболын спорттой амьдралаа холбосон хүүхэд насны дурсамжаас нь яриагаа эхэлье.
-Би Говь-Алтай аймгийн Дарви суманд төрж, өссөн. Манай гэр бүлийнхэн спортод их дуртай хүмүүс байдаг. Бага байхаас аав сагс, ээж волейбол, теннис тоглоно. Дөрвөн эгч маань бас аав ээжтэй адилхан. Ааваасаа үлгэр дуурайлал авч сагсан бөмбөгөөр хичээллэж, спортод анх хөл тавьсан гэж болно. Эгч нартайгаа хашаандаа гар бөмбөгөөр харилцахаас гадна заалнаас салдаггүй хүүхэд байлаа. Сумын сургуулийн тэр зааланд хамгийн сайхан дурсамжийг бүтээжээ. Манай үеийнхэнд спортоор хичээллэдэг, дуртай олон хүүхэд байдаг. Энэ бүхэн Д.Булгантамир багшийн минь ач билээ. Нэг сумаас хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй сурагч хамруулж аймгийн төвд япон багш волейболын сургалт орно гэх мэдээллийг Д.Булгантамир багш маань хэлж энэ спорттой холбогдох үүдийг нээсэн юм. Тэр сургалтаар цохих, давуулахаас эхлэн суурь техникүүдээ системтэйгээр эзэмшсэн. Түүний дараа өөрөө өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажиллаж, эргэлт буцалтгүйгээр энэ спортод татагджээ.
Солонгосын ихэр довтлогч Ли Жэ Ён тамирчны тоглолтыг их үздэг байлаа. Гэтэл 2021 онд “Энагурэ” клубээсээ лигт тоглоход тэр тамирчны “17” номерийг авах боломж олдсон юм. Түүнээс хойш анхны лигээсээ анхны лигийн медаль хүртсэн анхны гэсэн сайхан тодотголоор энэ номертоо дуртай.
-Тамирчин болоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Таны бодлоор спортын үнэ цэнтэй, сайхан зүйл нь юундаа оршиж байна?
-Волейбол бол мэдрэмж, ухаан, ур дүй шаардсан спорт. Нэгэн зорилгын төлөө багаараа хөдөлмөрлөж, хөлс хүчээ зарцуулдаг. Багийн гишүүдээ мэдэрч, дутуу орон зайгаа нөхөж ялалт, ялагдлын алийг ч хамтдаа туулдаг. Үүнд л үнэ цэн нь оршдог болов уу. Мөн намайг болон багийнхныг маань дэмждэг үзэгчдийнхээ уухайн дуу, алга ташилт дор оноо аван талбай тойрох тэр мэдрэмж их сайхан.
-Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Би өөрийгөө түргэн ууртай, хүний үг сонсохдоо тааруу, бүрэг, дотогшоо зантай хүүхэд байсан. Харин энэ спортод хөл тавьснаар өөртөө итгэх итгэл хамгийн түрүүнд нэмэгдсэн. Ганц үүгээр зогсохгүй хүнтэй зөв мэндлэхээс эхлээд харилцааны соёл, тэсвэр хатуужил, бусдыг сонсох, ойлгох чадварт суралцаж, өөртөө өөрчлөлт хийж чаджээ. Волейбол нь бие бялдраас гадна хувь хүний хөгжил, төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг спорт юм. Тэр ч үүднээс олон ахиц, дэвшлийг өөртөө бий болгожээ.
-Таны хувьд “Эрчим” клубээс мэргэжлийн тамирчны гараагаа эхэлсэн. Энэ хугацаанд тэмцээнээс тэмцээний хооронд олон зүйлийг сурсан болов уу?
-Хамгийн анх “Эрчим” клубт Говь-Алтай аймгийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Ж.Уранчимэг багш маань Говь-Алтай аймгийн тамирчдаа элсүүлж байсан юм. Багийн гишүүн болж клубт харьяалагдаж тоглох болсондоо их баярлаж, догдолсон. “Эрчим”-ийн дараа “Энагурэ”, “Тэнүүн огоо” клубт тогложээ. Тамирчин хүн оролцсон тэмцээн бүрээсээ суралцаж, алдаа онооноосоо сургамж авдаг. 2022 онд “Тэнүүн-Огоо” клубтэйгээ Үндэсний дээд лигийн дөрөвдүгээр байрт орж, медаль хүртэж чадаагүйдээ харамсаж, нулимс унагаж байлаа. Хэдийгээр тэмцээнээ харамсалтай өндөрлүүлсэн ч дахин тийм зүйл мэдрэхгүйн тулд дараагийн бэлтгэлдээ орсон. 2023 онд “Тэнүүн-Огоо” клубтээ баг удирдаж лигт ороход удирдлага, баг хамт олон маань надад их итгэл хүлээлгэсэн. Олон хүний итгэл, сэтгэлийг алдахгүй байхын төлөө хөдөлмөрлөж, хамтдаа хичээсний хүчинд хүрэл медаль хүртсэн юм. Олон сарын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэх сайхан байсан. Харин одоо “Ховд ижил алтай торгууд” багтаа тоглож байна.
-Энэ хугацаанд шинэхэн багтайгаа чамгүй амжилт гаргаад байна. Танай багийн онцлог юу вэ?
- “Ховд Ижил Алтай торгууд” багтайгаа энэ оны тавдугаар сард гэрээ байгуулсан юм. Түүнээс хойш хоёр тэмцээнд амжилттай оролцож, аваргын цом хүртээд байна. “Ховд Ижил Алтай торгууд” багийн хуучин гишүүдийн 80 хувь нь солигдож, шинэ бүрэлдэхүүнтэй болсон. Ер нь шинэ баг гэж хэлж болно. Манай баг намхан нуруутай тамирчид олонтой. Гэхдээ бие жижиг ч бэлчээр том гэж боддог. Үсрэлт, тэсрэлт сайтай тоглодог нь бидний онцлог юм болов уу. Богино хугацаанд нэгнээ мэдэрч, ойлголцож байгаа нь манай багийг амжилтад хөтөлж байна. Үүнд “Ховд Ижил Алтай торгууд” багийн эзэд, ивээн тэтгэгч, менежер, дасгалжуулагч, сэтгэл зүйч нарын дэмжлэг холбоотой билээ.
-Сүүлд Залуучуудын улсын аварга болохоос гадна “Үнэ цэнтэй” тоглогч шагналыг хүртсэн. Энэ тухайгаа эргэн дурсвал?
-Залуучуудын улсын аварга болоход үнэхээр баярлаж, сэтгэл хөдөлсөн. Учир нь олон удаагийн дархан аварга болсон багийг ялж, цом хүртсэн юм. Миний хувьд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний анхны алтан медаль , анхны үнэ цэнтэй тоглогч хүртсэн болохоор их баярласан. Хамгийн анх 2019 онд “Супер 8” улсын аварга шалгаруулах тэмцээнд “Шилдэг довтлогч” болж байлаа. Тухайн үед өөрийгөө энэ шагналыг хүртэнэ чинээ санаагүй болохоор аавынхаа нэрийг сонсоод итгэж ядан баярлаж, догдолж байснаа тодхон санадаг юм.
-Амжилтын буухиа нь үргэлжилсээр байгаа залуу тамирчны дараагийн зорилго юунд оршиж байна?
-Миний хувьд өөр улсын лигт тоглож үзэхийг их хүсдэг. Мөн Монгол Улсын шигшээ багийн тамирчны хувьд олон улсын тэмцээнд амжилт гаргахыг л ирээдүйн зорилгоо болгож байна. Волейболын спортыг сонирхож хичээллэдэг дүү нартаа үлгэр дуурайлал болсон тамирчин болохыг хичээдэг дээ. Ойрын зорилго гэвэл “Үндэсний дээд лиг” байна. Энэ жилийн лиг өмнөх жилүүдээс илүү өрсөлдөөнтэй гал гарсан тоглолтуудыг үзүүлэх байх. Тэмцээний эхнээс багууд легонер тоглогчидтойгоо бэлтгэл сургуулилтаа хангасан учраас ширүүхэн, хариуцлагатай гурван сар өнгөрөх болов уу. Манай багийн хувьд хамгаалалт болон хаалт дээрээ илүү анхаарч бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.
Өнгөрсөн зуныг бэлтгэлдээ зориулж өнгөрүүлсэн болохоор түүнийхээ үр шимийг гаргаж, зорилгынхоо төлөө хамтдаа хичээх болно. Би энэ жилийн лигт багийн ахлагчаар ажиллах хариуцлагатай мөч ирээд байна. Багийг манлайлах, удирдах, атгасан гар шиг байлгах, тамирчдаа ойлгож, ярилцахаас гадна Г.Саруулгэрэл тоглогчийнхоо хувьд үүргээ сайн биелүүлнэ. Багаа хэрэгтэй ,хэрэгцээтэй үед нь зөв чиглүүлж, дэмжиж, сэргээж чанартай тоглолт гаргах тал дээр анхаарахыг зорилго болж багийн эзэд, хамт олныхоо итгэлийг алдахгүйг хичээнэ.
-Үндэсний дээд лиг-2021 “Хүрэл медаль”
-Үндэсний дээд лиг-2024 Хүрэл медаль
-Клубүүдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2024он Алтан медаль MVP
- 2024он Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Алтан медаль “MVP”
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 224 (7468)