П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Ариунтөрийн Хонгорзулыг урилаа. Тэрээр энэ оны арваннэгдүгээр сард АНЭ улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан бүсний ангилалтай Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “-63 кг” жинд аваргын алтан медаль хүртсэн юм.

 

-Олон улсын тамирчдаас  онцгойрон аваргын алтан медаль хүртлээ. Тэмцээний талаар эргэн дурсвал?

-Сэтгэгдэл өндөр, таатай сайхан байна. Анхны дэлхийн аваргадаа оролцлоо. Өмнө нь ийм хол зам туулж, том тэмцээнд орж байсангүй. Үеийн залуус, олон улсын шилдэг тамирчдаас суралцаж, туршлага хуримтлуулсан дурсамж дүүрэн тэмцээн боллоо. Юун түрүүнд дэлхийн аваргын энэ том тэмцээнд оролцсон өөрөөр их бахархсан. Үүний зэрэгцээ итгэл хүлээлгэж баг хамт олон, багш дасгалжуулагч, гэр бүлийнхнээ бодож бүх хүчээ дайчиллаа. Олон улсын шилдэг тамирчидтай барилдах нэр төрийн хэрэг байсан. Энэ үеэр өөрийн ур чадвар, техникийг ямар хэмжээнд байгаа мэдэрч, аль талаа илүү хөгжүүлэх вэ зэргээр шинэ зүйлсийг эрэлхийллээ. Мэдээж эх орныхоо нэрийг дуудуулж, Монгол Улсын тамирчин гээд шагналын тавцанд зогсох мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

- Жюү жицүгийн спортоор хэзээнээс хичээллэсэн бэ. Дэлхийн дэвжээнд өрсөлдөх хүртэл энэ амжилтын үндсийг юу гэж хардаг вэ?

-Жюү жицүгийн спортоор хичээллээд есөн сар болжээ. Хэдий богино хугацаа мэт боловч тууштай хийгээд тасралтгүй хичээж, өөртөө итгэлтэй байсан минь амжилтын үндсийг тавьсан болов уу. Үүнээс  гадна гэр бүл, багш нарын минь ач гавьяа их билээ. Үргэлж тусалж, дэмжиж, урам зориг хайрладаг энэ хүмүүстээ баярлаж явдаг даа. Гэр бүлийнхэн маань спортод их хайртай хүмүүс л дээ. Багаасаа тэдний спортоор хичээллэхийг харж өссөн болохоор өөрийн эрхгүй татагдсан. Тэр дундаас жюү жицү сонирхолтойгоос гадна, хэр барагтай хийчихгүй хэцүү санагдсан учраас хичээллэх сэдэл төрсөн юм. Жюү жицүгийн  тэмцээнүүд нь энэ спортоор хичээллэж байгаа хүмүүс рүүгээ чиглэдэг. Мөн Монголын жюү жицүгийн холбооноос сургалт, зөвлөгөө тогтмол явуулдаг нь их үр өгөөжтэй.

-Энэ спорт амьдралд олон сайхан зүйлийг дагуулсан болов уу. Ямар өөрчлөлт гарсан бэ?

-Спортоор хичээллэх нь бие мах бодиос гадна, сэтгэл зүйд чухал нөлөө үзүүлдэг. Ганц биш олон зүйлд зэрэг анхаарлаа төвлөрүүлж сурдаг. Спорттой амьдралаа холбосноор миний амьдралд гарсан нэн түрүүний өөрчлөлтүүдийн нэг нь энэ. Би ямар ч хүн тууштай байвал амжилтад хүрнэ гэж итгэдэг. Тиймээс бэлтгэлийн цагаа үр бүтээлтэй өнгөрөөж, өөрийгөө бүрэн дайчлахыг зорьдог. Мөн сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээнэ.

-Залуу тамирчны хувьд тэмцээн бүрээс туршлага хуримтлуулж яваа болов уу?

-Тэмцээндээ ялж, ялагдах нь гол биш. Тэр бүрээс шинэ туршлага, чадвар эзэмшиж, хөгжин дэвшиж байгаа мэдрэмж төрдөг.  Хичээллээд удаагүй байсан ч зориглоод орсон анхны тэмцээн минь сэлгэлээс гардаггүй юм. Эхний барилдаан дээрээ хожигдсон хэдий ч бэлтгэлээ улам сайн хийх бодлыг төрүүлсэн. Ирээдүйд бүтээх олон амжилтын минь суурийг тавьсан гэхэд болно. 

-Шинэхэн дэлхийн аваргын дараагийн зорилго юу вэ?

-Би сурагч болохоор спортынхоо хажуугаар сурлагаа орхигдуулж болохгүй. Тиймээс энэ хоёрыгоо тэнцүү сайхан авч явна. Мөн дараа жилийн хоёрдугаар сард бүсний ангилалтай Азийн аварга Тайланд улсад болно. Тэр тэмцээнд ганзага дүүрэн амжилттай оролцохыг зорьж байна. Энэ спортоороо тууштай хичээллэж, олон сайхан амжилт бүтээхийн төлөө шантралгүй урагшилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 227 (7471)