Т.САЙХАН
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт ураны ашигт малтмалын хайгуулын ажил явуулж буй Гурвансайхан компанийн харуул хамгаалалтын ажилчид болон нутгийн иргэд хооронд зөрчилдөөн үүссэн нөхцөл байдал өнгөрөгч долоо хоногт бий болсон. Үүнтэй холбогдуулан тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болох С.Батболд, Г.Мөнхцэцэг нар Дундговь аймгийн Өлзийт сумын иргэд, сум орон нутгийн удирдлагын төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр иргэдийн төлөөлөл Өлзийт сумын нутаг дэвсгэр дээр ураны хайгуулын ажил хийж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль экологи, хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар тус сумын иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг гишүүдэд гардуулан өгсөн байна.
Мөн УИХ-ын гишүүн С.Батболд Өлзийт сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох байгууллагуудад албан тоот хүргүүлэн ажиллаж буйгаа танилцуулсан ба орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, ард иргэдийн төлөөлөл, мэргэжлийн хуульчдыг оролцуулсан ажлын баг байгуулж, үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллахаар боллоо.
Эх сурвалж:www.polit.mn