Б.ДАРЬСҮРЭН

Сангийн яамнаас НӨАТ-ын сугалааны шинэчлэлтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тус яамны Гааль, татварын албаны дарга Т.Батбилэг хэлэхдээ "НӨАТ-ын баримтыг бид сар бүр бүртгэн дүгнэлт гаргадаг. Иргэд худалдан авалтын баримтаа бүртгүүлэхээс гадна бизнес эрхлэгчдийн хоорондоо хийдэг худалдааг ч судалдаг. Сугалааг түр зогсоосноор сүүлийн дөрвөн сард и-баримтаа баталгаажуулах нь 50 хувиар буурсан. Ингэснээр НӨАТ буурч, иргэдийн баримтаа худалдагчаас нэхдэг хандлага ч суларсан. Иймээс бид энэ хэвшлийг өөрчлөх шаардлагатай. НӨАТ-ын сугалаа ихээхэн ач холбогдолтой байсан" гэв.

Мөн "Өнгөрсөн сард НӨАТ-ын орлогын төлөвлөлт 95 хувиар буурсан. Тэгэхээр хүн бүр хуулиа биелүүлдэг болгохын тулд сугалааг үргэлжлүүлэх нь зөв. 2015 оны татварын хамрагдалтыг авч үзвэл НӨАТ 45 хувьтай байв. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын урамшуулал эхэлсэн.

Манай улсын ДНБ 43 их наяд төгрөг. Энэ ч утгаараа НӨАТ-ын дарамт бага.  Тухайлбал, 15 мянган иргэн ногоо тарьдаг. Тэд ногоо худалдсан орлогоо и-баримтад бүртгүүлснээр тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал авна. Ноос, сүүний урамшууллыг мөн энэ аргаар авч болно.

НӨАТ бол аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогыг иргэдээр дамжуулан хянах зорилготой систем. Иймд та бүхэн баримтаа идэвхтэй бүртгүүлээрэй. Манай байцаагчид баримтаа өгөөгүй байгууллагуудад гурван удаа сануулга өгсний дараа торгодог. Торгуулсан байгууллагуудын 30 хувь нь "бид торгуулах ёсгүй" хэмээн шүүхэд хандсан. Иргэд худалдагчдаас баримтаа нэхэж авах нь их чухал. Ингэж шаардлага тавьснаар баримт олголт нэмэгдэнэ" гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn