Ч.ГАНТУЛГА, З.БАТЦЭЦЭГ
Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Энэ цаг үед хамгийн эрэлттэй мөртлөө чанар, эдэлгээ, стандарт, загвар гээд асуудал дагуулдаг зүйл нь сурагчийн дүрэмт хувцас. Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ямар дүрэмт хувцас өмсдөг болон Монголын дүрэмт хувцасны стандарт загварын тухай харьцуулсан мэдээллийг хүргэе.
Монголд “MNS” стандартыг мөрддөг
Манай улсын хувьд 2012 оноос ерөнхий боловсролын бүхий л сургууль нэгэн жигд дүрэмт хувцастай байх шийдвэр гарсан. Харин хамгийн сүүлд 2013 онд сурагчийн дүрэмт хувцасны загварыг шинэчлэн баталсан ажээ. Улсын хэмжээнд одоогоор материалын хувьд олон улсын “MNS” стандарт шаардлагыг мөрдөж байна.
Харин сурагчийн дүрэмт хувцасны нэгтгэсэн стандарт, үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл дамжих шат дамжлагад тавигдах шаардлага байдаггүй аж. 2019 онд монгол хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлох судалгааг хийсэн байна.
Судалгаагаар эрэгтэй сурагчдын биеийн өндрөөс хамаарч 15 ангилал, эмэгтэй сурагчдын 12 ангиллаар биеийн дундаж хэлбэрийг тогтоосон ажээ. Үүгээр хөвгүүдийн хамгийн өндөр нь 190-197 см, охидын хамгийн өндөр нь 170-176 см байх тул энэ хэмжээнд тохирсон дүрэмт хувцас үйлдвэрлэх болсон байна. Харин дэлхийн улс орнууд 5-15 жил тутамд хүн амын хэмжилзүйн судалгаа явуулж биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилдэг аж. Гэтэл манай улсын хувьд 1985 онд хүүхдийн биеийн хэмжээний судалгаа явуулж “Хөвгүүд, охидын биеийн хэв шинжит галбир, ангилал хэмжээ” буюу “MNS 4253-1995” стандартыг 1995 онд боловсруулж байжээ. ХХААХҮЯ-ын Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж материалын чанар, загварын талаар “2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн сурагчийн дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэх тухай хууль баталсан. Оёдлын үйлдвэрүүд үнэ, чанар, стандартаа өөрсдөө тогтоож түүгээрээ өрсөлдөнө. Манайхаас шууд оролцох боломжгүй. Аль болох дотооддоо сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэхийг дэмжиж байна” гэж ярилцлагадаа онцолжээ.
Материалаа ихэвчлэн Америк, Солонгосоос авдаг
Манай ерөнхий боловсролын сургуулиудын хувьд бага ангийн охид сарафан, сорочка, зангиагаар ижилсдэг бол хөвгүүд хүрэм, сорочка, зангиа хэрэглэж байна. Харин дунд ангийн сурагчид хүрэм, зангиа, ахлах ангийн охид хүрэм, зангиа, юбка, хантааз, хөвгүүд нь хүрэм, зангиа, хантааз, өмдөөр ижилсэж байгаа билээ. Дүрэмт хувцасны материалын хувьд стандартын дагуу 40 хувь нь цэвэр хонины ноос бол 60 хувь нь полиэстер байх ёстой. Энэхүү стандартаар үйлдвэрлэснээр хувцас агаар сайн нэвтрүүлж, хүүхэд хөлрөхгүй, арьсанд харшил өгөхгүй зэрэг олон давуу талтай юм байна. Харин БШУЯ-наас дүрэмт хувцасны чанар, стандартын тал дээр хэрхэн хяналт тавьдаг талаар тодруулахад “Яамнаас сурагчийн дүрэмт хувцасны чанар, стандарт, борлуулалтад хяналт тавьж, оролцдоггүй. Манайхаас стандартыг тогтоож өгөх боломжгүй. Харин сурагч зөвхөн дүрэмт хувцсаараа жигдрэх ёстой гэдэг шаардлага тавьдаг.
Энэ нь ялгаварлан гадуурхалтаас сэргийлдэг” гэсэн тайлбар өгсөн юм. Үйлдвэрлэгчдийн хувьд дүрэмт хувцасны материалаа ихэвчлэн Америк, Өмнөд Солонгосоос ирсэн цэвэр даавуун материалаар үйлдвэрлэдэг аж. Одоогоор сурагчийн дүрэмт хувцсыг “Бүтээлч Үйлс”, “Өүлэн менч”, “Шилмэл загвар” зэрэг 10 гаруй компани дотооддоо үйлдвэрлэж байна.
Дэлхийн зарим оронд ямар дүрэмт хувцас өмсдөг тухай сонирхуулъя
Англи
Англид сурагчийн дүрэмт хувцас анх үүссэн гэж үздэг. 1552 онд Лондон дахь Христийн эмнэлгийн сургуульд анх дүрэмт хувцас өмссөн. Энд ихэвчлэн өнчин, ядуу айлын хүүхдүүд хамрагддаг, хувцасны мөнгөгүй байсан тул сургууль нь цэнхэр дүрэмт хувцас гаргажээ. Тус улс цэнхэр өнгө нь хүүхдийг хүлцэнгүй, анхааралтай болгодог гэж үздэг юм байна. 470 жил өнгөрсөн ч тэр дүрэмт хувцас өөрчлөгдсөнгүй. Зөвхөн даавууны чанар өөрчлөгдсөн. Өнөөдөр тус сургуулийн сурагчид урт цэнхэр пальто, өмдтэй (хөвгүүд), хуниастай юбка (охид) өмсөж, шар оймс, савхин бүсээр ижилсэж, дүрэмт хувцас, уламжлалаараа ихэд бахархаж байна.
Тайланд
Тайландын сурагчдын дүрэмт хувцас нь богино даашинз, бариу цамцнаас болж хэтэрхий задгай гэсэн шүүмжлэл дагуулдаг. Ахмад үеийнхэн бүгдээрээ хүүхдүүд, ач зээ нарынхаа энэ төрхийг таашаадаггүй байсан бөгөөд хэдэн жилийн өмнө Засгийн газар сурагч охидын садар самуун төрхийг хориглох шийдвэр гаргасан. Сургуулийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчид даашинзыг уртасгаж, сургуулийн хүүхдүүдэд илүү тохиромжтой хувцас санал болгожээ.
Япон
Сургуулийн дүрэмт хувцсаараа байнга бахархдаг улсуудын нэг Японд хөвгүүд хар өмд, цагаан цамц, хүрэм, охид нь цагаан цамц, хар хүрэм, юбка өмсдөг. Түүгээр ч барахгүй япон хүүхдүүд хичээлийн бусад цагаар ч дүрэмт хувцсаа өмсөх дуртай. Тайландын нэгэн адил Японд охидын дүрэмт хувцас заримдаа шүүмжлэл дагуулдаг. Гэвч үнэн хэрэгтээ охид юбканыхаа уртыг өөрсдөө тохируулахыг хичээдэг юм байна. Тэд өвдөг хүртэл урт сонгодог юбкээ дээшээ татаж, дээрээс нь нугалаад богиносгодог ажээ. Японы сурагчийн дүрэмт хувцасны өөр нэг шинж чанар нь гоёмсог дүр төрхийг бий болгодог урт цагаан оймс.
Тажикистан, Узбекистан
Тажикистан улсад хоёр жилийн өмнө сурагчийн дүрэмт хувцсыг нэвтрүүлсэн бөгөөд ойрын хугацаанд Узбекистаны дүрэмт хувцсыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хоёр орны сургуулийн сурагчдын дүрэмт хувцас нэлээд албархуу байдаг. Тажикистан охид өвдөгнөөс доош хар эсвэл хар хөх өнгийн юбка, хар эсвэл хар хөх өнгийн хүрэм, урт эсвэл богино ханцуйтай цагаан цамц, заавал цагаан тирко өмсөх ёстой. Мөн үндэсний алчуур. Харин хөвгүүд хар, хар хөх өнгийн өмд, хар, хар хөх өнгийн хүрэм, цагаан цайвар цэнхэр цамц, зангиа зүүж сургуульдаа ирэх ёстой.
Африкийн сургуулиуд
Африкийн сургуулийн сурагчид хамгийн тод сургуулийн дүрэмт хувцастай нь. Тэнд хувцасны тод өнгийг бүх талаар дэмждэг ажээ. Мөн Нигерид бүх сурагч хичээлдээ тусгай шаахай өмсөх шаардлагатай. Африкт бүс нутгийн ядуурлаас болж бүх хүүхэд сургуульд сурч чаддаггүй тул тод хувцасласан, сургуулийн хүүхдүүдийг онцгой баяр хөөртэй, бахархалтай, заримдаа атаархаж хардаг. Сургуулийн хувцасны тод өнгө нь хүүхдүүдийн сурлагын амжилт, мэдлэг хүслийг нэмэгдүүлж, боловсрол өөрөө тэдэнд илүү сайхан амьдрах тасалбар өгдөг гэдэгт тэд чин сэтгэлээсээ итгэдэг ажээ.
Хятад
Хятадууд юуны түрүүнд хүүхдийн ая тухыг хангах зорилготой байдаг тул тэдний сургуулийн дүрэмт хувцас нь ихэвчлэн хичээллэж, гүйж, хөл бөмбөг тоглох боломжтой энгийн биеийн тамирын хувцастай төстэй байдаг. Цагаан цамц, улаан бүч зүүдэг ч, хаа сайгүй биш.
Хойд Солонгос
Улаан бүч нь Хойд Солонгосын сургуулийн дүрэмт хувцасны салшгүй хэсэг юм. Тэд коммунист хөдөлгөөний энэ бэлгэдэлд маш хатуу ханддаг боловч хачирхалтай нь сургуулийн дүрэмт хувцасны нэгдсэн стандарт байдаггүй.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 162 (6894)