Б.ДАРЬСҮРЭН

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн санал боловсруулах зорилготой "Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо Азийн сан хамтран энэ сарын 29-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Чуулганд нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцох юм. Энэ үеэр эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо, олон улсын туршлагыг хөндөн ярилцахаас гадна эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих орчныг бүрдүүлэх нь, Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбарыг хөгжүүлэх нь, Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн асуудлууд, Цахим эдийн засаг, эмэгтэйчүүдийн оролцоо, Хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, сайн туршлага сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Чуулганыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалтыг тавдугаар сарын 24-нд зохион байгуулж бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл оролцож, үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах, цаашид хамтарч шийдвэрлэх асуудлыг тодорхойлох чиглэлээр саналуудаа урьдчилан тодорхойлсон байна. Монгол Улсад эмэгтэй бизнес эрхлэгчтэй холбоотой ангилал, тодорхойлолт байдаггүй ч Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Тогтвортой хөгжлийн зорилтуудын зорилго, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд жендэрийн тэгш байдлыг хангаж, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх суурь зохицуулалтыг хийсэн 14 хууль, таван бодлогын баримт бичиг байна. Үүнд:

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тэгш эрх эдлэх, хөдөлмөрийн эдийн засгийн тэнцвэрийг хангах, хүн амын бүлэг бүрийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлт, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар тусгасан.

Судалгаанаас үзэхэд БНСУ, АНУ-ын эдийн засагт эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмэр өндөр, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчин хангалттай бүрдэж, тэдгээрийг дэмжих бодлого хэрэгжүүлэх боломж, хэрэгжилтийг хангах арга механизм, тогтолцоо бүрдсэн байгаа нь харагдаж байна. Олон улсын туршлагаас харахад Монгол Улсын хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн эхний алхам нь хууль тогтоомжид “Эмэгтэй бизнес эрхлэгч” тодорхойлолтыг оруулах, хүйсийн ялгавартай бизнес эрхлэгчдийн бүртгэл хөтлөх, холбогдох статистик мэдээлэлд тулгуурлан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх замаар санхүүжилт, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлж,  мэргэшүүлэн сургах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай хэлэхдээ "Эдийн засгийн хөгжил болон аливаа бизнес суурь гурван хүчин зүйлээс л хамаардаг. Аливаа бизнес хийхэд хүн хэрэгтэй. Капитал буюу эхний хөрөнгө оруулалт болон ур чадвар, бүтээмж гэсэн үндсэн гурван хүчин зүйл байхад бизнесийн ямар нэгэн үйл ажиллагааг эхлүүлж болдог. Эдийн засгийг ч энэ гурван агуулгаар хардаг. Үүнээс хамгийн чухал хүчин зүйл болох хүн буюу ажиллах хүч. Гэтэл сүүлийн жилүүдэд эдийн засаг дахь ажиллах хүчний оролцоог харахад жендэрийн хувьд анхаарах нэг асуудал нь эрэгтэй, эмэгтэй ажиллах хүчний ялгаатай байдал нэлээд нэмэгдэж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш буурах хандлагатай байгаа нь манай улсын эдийн засгийн хөгжлийн нэг томоохон хязгаарлалт болж байна. Статистик харвал, энэ оны эхний хагас жилийн байдлаар эрэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин 68 хувьтай байгаа бол эмэгтэйчүүдийнх 52 буюу 17 орчим функтээр эрэгтэйчүүдийнхээс бага байна. Мөн ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Том зургаараа Монгол Улс эдийн засгаа богино хугацаанд дорвитой тэлье, зөв чиг рүү нь явуулъя гэвэл зайлшгүй хүний хөгжил, тэр дундаа жендэрийн харьцаа, эмэгтэй ажиллах хүчнийг нэмэгдүүлэх шаардлагатай" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn