Б.ДАРЬСҮРЭН

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зээл олголт бол тодорхой хэмжээгээр олгогдож байгаа. Гэхдээ өмнөх оны мөн үеийнхээс буурсан. Зээлийн өрийн үлдэгдэл 20 хувиар өссөн гэдэг нь шинээр 20 хувь зээл гарсан гэсэн үг. Тиймээс зээл олголт хэвийн явагдаж байна. Харин мөнгөний нийлүүлэлт өмнө жилийнхээс өсөөгүй. Энэ нь мөнгөний бодлого хатуу тал руугаа явж байгааг харуулж байна. Монголбанкны хамгийн сүүлд хуралдсан Мөнгөний хорооны хурлаар инфляцыг 2023 оны эхний хагас гэхэд найман хувьд хүргэх төлөвлөгөө бий. Энэ утгаараа төлөвлөгөө хэвийн явбал бодлогын хүү өсөхгүй. Инфляц эрчимжээд байвал мөнгөний бодлогыг нэмэхээс өөр аргагүй. 

Эдийн засаг оны эхний хагас жилийн байдлаар 1.9 хувиар өссөн. Ялангуяа энэ өсөлтөд уул уурхайн бус салбар буюу хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлсөн. Эдийн засаг дөнгөж сэргэж буй үед мөнгөний бодлогыг хатууруулах нь сэргэлтийг сааруулах сөрөг нөлөөтэй. Тиймээс Төвбанкны зүгээс эдийн засгийн өсөлтийг сааруулахгүй байх талаас нь болон инфляцыг богино хугацаанд хяналтандаа авах талаас нь мөнгөний бодлогыг явуулна. Мөн Украины мөргөлдөөнтэй холбоотой нөхцөл байдал хүндэрч дэлхийд түүхий эд нийлүүлдэг улс хооронд хүнд байдал үүсч байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч инфляцыг өндөр түвшинд хүргэж байна" гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn