Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн “Кино ертөнц” буландаа “Хувьсал” продакшны дэлгэцийн долоо дахь шинэ бүтээл “Ноён эмэгтэй” киноны онцлох дүрүүдийн тухай мэдээлэл хүргэе. Тус бүтээл энэ сарын 26-нд нээлтээ хийх билээ.

 

Урнаа ба Нараа 

 

“Ноён эмэгтэй” киноны найруулагчаар гавьяат жүжигчин У.Уранчимэг ажиллаж, өөрөө гол дүр бүтээгээд байна. Түүний хувьд “Хувьсал” продакшныхаа бүхий л бүтээлийн найруулагчаар ажиллахаас гадна гол дүрийг бүтээсэн байдаг. У.Уранчимэг хамгийн сүүлд “Тэнгэрээс буусан од” киногоор үзэгчидтэй уулзаад байв. “Ноён эмэгтэй” киноны үйл явдал эмэгтэйчүүдийн 0840 дүгээр хорих ангид өрнөх ажээ. Киноны гол дүр болох Нараа нь насаараа хоригдох ялтайгаар энэ ангид хүмүүжнэ. Хэнээс ч айдаггүй, шударга зантай түүнд шоронгийн хүмүүжигч нараас эхлээд дарга цэрэг хүртэл аясаар нь байх нь содон. Жүжигчин У.Уранчимэгийн хувьд энэхүү дүр дээр ажиллахын тулд стиль имижээс эхлээд өөрөөс шалтгаалах бүхий л өөрчлөлтийг гайхалтай хийжээ. Тэрбээр өмнөх дүрүүдээсээ тэс ондоо төрхөөр үзэгчдийг гайхшируулахаар бэлдэж байна.

 

Гүргэл хатнаас хяналтын камер луу

 

“Хувьсал” продакшны хувьд шинэ залуу, чадварлаг уран бүтээлчдийг “онилж” кинондоо тоглуулдаг. Анх тус продакшныг жүжигчин А.Ганчимэг чимж байсан бол сүүлийн уран бүтээлүүддээ жүжигчин О.Дөлгөөнийг онцлох болсон. Тэрбээр “Тэнгэрээс буусан од” кинонд эрх танхил, дураараа бүсгүйн дүрд ажиллаж байсан бол “Ноён эмэгтэй”-д Эгиймаа хэмээх ялтны дүрээр эргэж ирлээ. УДЭТ-ын тайзнаа алдарт “Тамгагүй төр”-өөр эрхэмсэг оршсон Гүргэл хатан кино дэлгэцэнд санаандгүй авто осол хийж, хүн амины хэрэгтэн болно. Шоронгийн амьдрал ямар байдаг тухай төсөөлөлгүй түүнийг эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, зовсон, шаналсан, эвдэрсэн бүсгүйчүүд угтах нь тэр. Эгиймааг камерт орж ирсэн өдрөөс “Журам” хочит Нараа түүнд нэг л өөр хандаж, өмгөөлнө. Тэдний энэ харилцаа цааш хэрхэн өрнөх бол.

 

Гол дүрийн гэнэтийн зочин 

 

“Хувьсал” продакшны үзэгчдэд барьсан ээлжит гэнэтийн бэлэг нь “Ноён эмэгтэй” кинонд жүжигчин Б.Баярмааг урьж тоглуулсан явдал юм. Нэгэн үе Монголын кино урлагт тод өнгө болж явсан түүний хувьд анх “Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олны танил болж байв. Үүний дараа “Хуримын сюрприз”, “Миний хайр” зэрэг кинонд гол дүр бүтээж, хамгийн эрэлттэй, үзэсгэлэнтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлж байсан удаатай. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлээс илүү хувийн амьдралаа төвхнүүлэх болсон. Дуучин Г.Ариунбаатартай хоёр дахь амьдралаа эхлүүлж, Буриадад нам гүмхэн амьдрах болсон жүжигчин ийнхүү “Ноён эмэгтэй” киногоор дахин дэлгэцийн урлагтаа эргэж ирж буйгаа зарлаад байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 159 (6891)