Ч.ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарын зочноор ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн “Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төв”-ийн эрхлэгч, доктор Н.Маралмааг урилаа.

ТУГ СҮЛДНИЙ СУДАЛГАА ЗӨВХӨН МОНГОЛД БУС ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД ХӨГЖСӨН

Энэ жил их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Энэ ойд зориулж Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Сүүлийн хэдэн жил цар тахлаас шалтгаалаад олон улсын эрдэмтдийн нэгдсэн хурлыг зохион байгуулаагүй нэлээд удсан. Гэхдээ энэ хурлаар 15 орны 70 гаруй эрдэмтэд оролцлоо. Хурал зургаан салбар хуралдаанаар өрнөсөн. Миний хувьд гуравдугаар салбар хуралдаан буюу соёлын салбар хуралдаанд Чингисийн туг сүлдний талаар илтгэл хэлэлцүүллээ. Монголын хамгийн анхны төрт улс үүссэн цагаас өөрсдийн туг сүлд, бэлгэдлээ дээдэлж ирсэн тухай сурвалжийн мэдээ бий. Энэ нь дараачийн байгуулагдсан төрт улсуудад уламжлагдан явсаар XIII зууны үеэс есөн хөлт цагаан сүлдийг залж их Монгол Улсыг байгуулсан түүхтэй. Энэ үеэс энхжингийн  бэлгэдэл буюу төрийн сүлд гэж хүндэтгэх болжээ. Туг, сүлд гэсэн хоёр нэршлийг тухайн үеийн эх сурвалж, түүхэн баримтуудаас судлахад “туг” гэдэг нь харагдаж байгаа байдал, “сүлд” гэдэг нь өвөг дээдсийн сүлд хийморийг дуудаж, бэлгэдсэн далд утга санааг илэрхийлж байгаа юм. Энэ тухай “Монголын нууц товчоо”-оос гадна “Судрын чуулган”, “Хар татарын бүрэн тэмдэглэл”, “Алтан товч”, “Эрдэнийн товч” зэрэг үе үеийн эх сурвалжуудад тодорхой хэмжээнд туг сүлдийг хэрхэн залж, ямар тохиолдолд ашиглаж байсан тухай өгүүлсэн мэдээнүүд байдаг. Харин Манж Чин улсын үеэс энэ тухай архивын баримтууд  ихээхэн үлдсэн байдаг. Үүнээс харахад туг сүлд нь XIII зуунд төрийн сүлд болж, Чингис хааныг тэнгэрт хальсаны дараа Чингис хааны тайлга тахилга хамт хөгжиж, их эзэн хаантай холбоотой туг сүлдний шүтлэг, соёл маань нэгэн цогц болж хөгжижээ. Тухайлбал Чингисийн хөрөг нь цагаан, хар сүлдний тахилгад залагддаг ба чингисийн нэр нь “эзэн сүлд”-ийн сан, өчиг, даатгалд нь дуудагдаж туг сүлдний тахилга нь Чингисийн туг, сүлд гэсэн нэрээр Ордосын эзэн хороо, Үүшийн хошуунд тасралтгүй 800-аад жил тахигдаж иржээ.Тиймээс одоо есөн хөлт цагаан сүлд, дарван хөлт хар сүлд ойлголтыг эзэн Чингис хаан, Их Монгол Улсаас тасалж авч үзэх боломжгүй байгаа юм.    

ДОЛООН АЙ САВЫГ ХАМАРСАН СУДАЛГААГ БҮСЧИЛЖ, ЦОГЦООР НЬ ХИЙСЭН

Өнгөрсөн жил буюу 2022 онд ШУА-ийн Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон юм. Мөн энэ үеэр Түүх угсаатны зүйн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой давхар тохиосон юм.  Судар бичгийн хүрээлэнгээс шинжлэх ухаан, соёл, боловсролын олон байгууллагууд үүссэний нэг нь манай хүрээлэн гэсэн үг. Манайхаас, Үндэсний номын сан, Үндэсний архив, археологийн хүрээлэн салбарлаж гарсан түүхтэй. Улам өргөжин тэлсээр 2019 онд манай хүрээлэн бүтцийн өөрчлөлт хийж, Угсаатны салбар маань Угсаатан судлал биет бус соёлын өвийн төв,  нийгэм соёлын хүн судлалын салбар гэж хоёр хоёр бүтэц нэгж болсон. Миний хувьд Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрхлэгчээр ажиллаж байна.

Манай хүрээлэнгийн угсаатан судлалын салбараас гарсан томоохон бүтээлүүд гэвэл “Бүгд найрамдах Монгол ард улсын угсаатны зүй” гурван боть юм. Энэхүү судалгаанд манай ахмад эрдэмтэд угсаатны биет бус соёлын ай савуудын хүрээнд хээрийн судалгаа явуулж түүхэн угсаатны зүйн суурь судалгаануудыг хийж ирсэн байдаг.

Одоо дээрх судалгааг Соёлын биет бус өвийн судалгаа гэсэн нэр томьёоны хүрээнд үргэлжлүүлэн явуулж байна. Манай улс  2013 онд “Юнеско”-ийн  Соёлын өвийн конвецид нэгдэж орсоноос хойш энэхүү нэр томьёог хэрэглэж байна.

Угсаатны салбарын хувьд хамгийн сүүлд энэ оны эхний I, II улиралд Соёлын өвийн үндэсний төв, Соёлын яам, Хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч Хангайн болон Төвийн бүсийн угсаатны биет бус соёлын өвийн хээрийн судалгаагаар ажиллаад ирлээ. Энэ нь долоон ай савыг хамарсан судалгааг бүсчилж, цогцоор нь хийснээрээ онцлог байлаа.              

ХАЛХ ТУУЛЬ ХАЙЛДАГ ӨВЛӨН ТЭЭГЧ БАЙХГҮЙ БАЙНА

Угсаатны судалгаа болон биет бус соёл гэдэг нь хүн төвтэй судалгаа байдгаараа онцлог. Тэгэхээр Биет бус соёл, түүнийг өвлөн тээгч гэж яг хэнийг хэлэх вэ, алийг нь үнэн гэж үзэж судлах вэ гэдэг асуудалдтай. Урлагийн сургуульд сураад эзэмшсэн чадварыг хэлэх үү, эсвэл хэдэн үеэрээ дамжиж нэг нэгэндээ уламжилсан хүнийг өвлөн тээгч гэх үү гэдэг нь ялгаатай ойлголт. Бидний хувьд яг нутаг усны онцлогийг шингээсэн, тухайн нутагтаа аж төрж байгаа хүнийг илүүтэйгээр өвлөн тээгч гэж үзэж, нутагт нь очиж судалгааг хийдэг. Энэ жилийн хувьд хангайн бүсийн судалгаагаар хээрийн судалгаагаар Хөвсгөл, Булган, Архангай, Өвархангай, Баянхонгор, Орхон аймгуудаар судалгаа хийлээ. Энэ хугацаанд 100 гаруй өвлөн тээгчтэй бид уулзсан. Жишээлбэл тууль гэхэд нийтлэг тууль хайлагчид байв ч яг Халх туулийг хайлдаг өвлөн тээгч байхгүй байна. Мөн үлгэр ярьдаг хүн их цөөхөн болжээ. Энэ нь кино, телевиз, цахим орчин хөгжсөнтэй холбоотой үлгэр сонсдог хүн алга. Мөн гар урлал, тэр дундаа монголчуудын их өв болсон эсгий ширмэл ширдгийг яг гараар хийдэг хүн ховордсон байна. Ихэнх нь үйлдвэрийн аргад шилжсэн байх жишээтэй. Үүнийг бид хэрхэн уламжлалт технологийг нь тэр хэвээр нь авч үлдэх вэ гэдэг чухал асуудал болжээ. Ширмэл ширдэг хийж байгаа хүмүүс маань үйлдвэрийн эсгийгээ авч байна. Гэтэл эсгийг зулж, боловсруулж, уламжлалт аргаараа ширж байгаа хүн хуруу дарам цөөхөн үлдэж. Энэ мэт өвлөн тээгчдийн хувьд анхаарах зүйл их байна. Үүнийг бид тайландаа тусгаж, Соёлын яам болон Соёлын өвийн үндэсний төвтэй тайлангийн нэгдсэн хурал хийж, саналаа хүргүүлж байгаа. Манай хүрээлэнгийн хувьд тухайн соёл нь хэрхэн өвлөгдөж үлдсэн, тухайн үеийн ямар зүйлүүд байна вэ гэдэг нь судалгаа хийсэн ахмад эрдэмтдийн тайлан, бүтээлүүдэд ч бичигдэж үлдсэн, одоо бидний судалгааны явцад цугларсан материалуудад ч үлдэж байгаа болохоор цаг, цагаараа эх хэрэглэгдэхүүн үлдэжж байна гэдгээрээ онцлог болов уу.

УУГУУЛ СОЁЛ БИДНИЙГ ТУСГААР ТОГТНОСОН УЛС БАЙХАД ХАМГИЙН ИХЭЭР НӨЛӨӨЛНӨ

Монголын уугуул, язгуур соёл, соёлын биет бус өв нь биднийг дэлхийн бусад орноос ондоошуулж, тусгаар тогтносон улс байхад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл. Тиймээс нүүдэлчин ахуй, язгуур соёлыг уламжлалт аргаар нь авч үлдэх чухал. Бид нийгэм соёлын өөрчлөлт гээд яриад л байна. Гадны соёлд хэтэрхий нэвчих нь хүмүүсийн сэтгэхүйд ихээхэн нөлөөлж байна. Үүнийг бид хэрхэн өөрчлөх вэ гэвэл өнөөх л уугуул соёл, язгуур урлагийг нь сануулж, буцаан нутагшуулах нь чухал юм болов уу. Манай ШУА-ийн өнөөгийн байдал, судалгааны хувьд дэлхийгээс хоцрогдсон зүйл бараг байхгүй. Энд судалж, хийж байгаа ажлуудаа дэлхий дээр Англиар хэвлэгдэж байгаа судалгааны ажлуудтай харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд ялгаагүй. Харин судалгааныхаа үр дүнг таниулах, хүмүүст хүргэх тал дээр жаахан дутмаг санагддаг. Сүүлийн үед хүмүүс элдэв гадны нэвтрүүлэг, сошиол контентууд руу хошуурч байна. Хэдийгээр соёлын биет бус өв рүү чиглэсэн нэвтрүүлгүүд байдаг ч энэ нь сурталчилгаа, хүмүүст сонирхуулах төдий өнгөц, харагдах байдлыг чухалчилсан, судалгаа багатай санагддаг. Үүнийг судалгаатайгаар энэ нь зөв, энэ нь буруу байна гээд мэргэжлийн түвшинд хийгээсэй гэж хүсдэг. Жишээлбэл, монгол ахуй соёлтой кино хийлээ гэж бодъё. Хавар нүүж байгаа дүрсийг харуулахдаа гэрээ нүцгэн тэмээн дээр ачаалсан байх жишээтэй. Гэтэл монголчууд хэзээ ч ачаагаа нүцгэн тэмээн дээр ачаалж байгаагүй. Энэ нь ахуй соёлоо мэдэхгүй, судлаагүйгээс болж гаргаж буй том алдаа юм. Тиймээс аливаа контент, нэвтрүүлэг хийхдээ мэргэжлийн судлаачидтай хамтардаг, зөвлөдөг, асуудаг арга барилыг хэвшүүлэх нь зөв. Тэгэхээр энэ салбарт ажилладаг хувийн байгууллагууд төрийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах ёстой юм болов уу.

 

 

СУДАЛГААНЫ АЖЛАА ИХЭВЧЛЭН АСУУЛГЫН АРГААР ХИЙДЭГ

Аливаа салбарын хөгжилд судлаачид их чухал. Манай хүрээлэнгийн хувьд 50 гаруй ажилтантай. Үүнээс 40 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан. Манай угсаатны 2 салбарт 10 орчим судлаачид ажиллаж байна. Боловсон хүчний хувьд ихэнх нь МУИС, МУБИС-ийг төгссөн, Япон, Хятад, Унгар, Польш зэрэг улсуудад доктор, магистрынхаа зэргийг хамгаалсан судлаачид ажилладаг. Эдгээр мэргэжилтнүүд маань өөрсдөө мэргэжилдээ дуртай, энэ салбарт хувь нэмрээ оруулах сонирхолтой учраас цалин мөнгө бага гэж гололгүй ажилладаг ихэвчлэн залуу судлаачид одоо ажиллаж банйа. Сүүлийн жилүүдэд ШУА-аас боловсон хүчний тал дээр нэлээд дэмждэг болсон. Манай хүрээлэнгээс ч залуучуудаа сургах, мэргэшүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал хүрээлэнгийн удирдлагаас 2011 оноос залуусаа гадагшаа мэргэжил дээшлүүлэх ажлуудыг хийсэн байдаг. Тэдгээр мэргэжилтнүүд нь боловсорч эргэж  ирээд, яг энэ цаг үед өөрийн сурч мэдсэнээ салбарынхаа хөгжилд зориулж одоо ажиллаж байгаа залуусын дийлэнх хувь нь байна. Миний хувьд 2015 онд Хятадад докторын зэргээ хамгаалсан. Ирсэн цагаасаа хүрээлэндээ ажиллаж хэд хэдэн суурь судалгааны ажилд оролцлоо. Ажилд ормогцоо 2015 оноос Монгол нүүдэлчид аж ахуй угсаа соёл гэсэн суурь судалгааны ажилд оролцсон. Энэ нь Халхын аж ахуй угсаа соёлын судалгааны ажил байсан бол дараа нь үргэлжлээд баруун монголын ахуй соёлын судлагааны ажлаар үргэлжилж байна. Эдгээр суурь судалгааны хүрээнд Ховд, Увс аймгаар хээрийн судалгааг жил дараалан хийж байна. Манай угсаатны зүйчид ихэнхидээ хавар, зун, намрын цагаар судалгаагаа хийдэг учир өвлийн судалгаа их ховор байдаг. Бидний хувьд яг өвөл 12 дугаар сард Ховдод судалгаа хийж таарсан. Ер нь  хээрийн судалгаа явуулахад цаг улирлын хүндрэл бэрхшээлийг ажрахгүй явж байж л хээрийн судалгаагаар сонирхолтой материал эх хэрэглэгдэхүүн цуглуулдаг. Харьцангуй хүнд салбар гэж бас хэлж болно.

Гэхдээ хамгийн сайхан нь нутгийн зон олон бидэнд их сайхан ханддаг. ШУА-аас угсаатны зүйн судалгаа хийж байна гэхээр их уриалгахан хүлээж авч, ярилцаж, ажилд маань туслах жишээтэй. Тухайн үед малчид маань яг өвлийн идшээ хийж таарсан. Малчид идшээ хэрхэн төхөөрч, үүцээ ямар уламжлалт аргаар бэлддэг, өвөлдөө яаж малаа малладаг гээд тухайн газрын онцлог соёл улирал бүртээ өөр байдаг учраас их сонирхолтой ажил л даа. Мөн яг ингээд газар дээр нь очоод судалгаа хийхэд орчин үеийн ахуй амьдрал социализмийн үеийнхтэй харьцуулахад ялгаа, зааг нь их тод харагддаг. Тухайлбал нэг судалгааны үеэр нутгийн эмэгтэйчүүдтэй эртний хуримын зан үйл, төрсний дараа ямар гам барьдаг тухай асууж, ярилцсан юм. Анх хэрхэн айлын бэр болж байсан тухай асуухад ихэнх нь монголчуудын эртний уламжлал болох хулгайлагдах ёсоор хадмындаа ирж байсан тухайгаа дурсаж байсан. Мөн олон хүүхэдтэй ээжүүдээс асуухад байгаль орчин, нутгийн онцлог, цаг агаарын байдлаасаа хамаараад гам барих нь хүртэл өөр, өөр байсан нь сонирхол татаж байлаа. Баруун Монголын энэ судалгааг хийж байхдаа нутгийн настнуудтай их ярилцсан. Дараа нь залуучуудын дунд судалгаа явуулж гурван үеийн төлөөлтэй уулзахад л бидний амьдралын хэв маяг он цагийн эрхэнд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсан нь харагдах жишээтэй. Бидний хувьд судалгааны ажлаа ихэвчлэн асуулга, ярилцлагын аргаар хийдэг. Дуу хураагуур болон мэргэжлийн аппарат түлхүү хэрэглэж байна. Харин сүүлд хийсэн хангайн бүсийн хээрийн судалгааны ажилд видео билэг түлхүү хийлээ. Архив болж үлдээх болон контент хийхэд бичлэг илүү давуу талтай байдаг.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)