Ч.ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарын зочноор ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн “Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төв”-ийн эрхлэгч, доктор Н.Маралмааг урилаа. 

 

ТУГ СҮЛДНИЙ СУДАЛГАА ЗӨВХӨН МОНГОЛД БУС ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД ХӨГЖСӨН

 

-Энэ жил их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. ШУА-аас энэ ойд зориулж Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалаад олон улсын эрдэмтдийн нэгдсэн хурлыг зохион байгуулаагүй нэлээд удсан. Энэ удаад 15 орны 70 гаруй эрдэмтэн оролцлоо. Хурал зургаан салбар хуралдаанаар өрнөсөн. Миний хувьд гуравдугаар салбар хуралдаан буюу соёлын салбар хуралдаанд Чингисийн туг сүлдний талаар илтгэл тавилаа. Монголчууд өөрсдийн туг сүлд, бэлгэдлээ төрт улс үүссэн цагаас дээдэлж ирсэн. XIII зууны үеэс есөн хөлт цагаан сүлдийг залж их Монгол Улсыг байгуулсан. Энэ үеэс энхжингийн  бэлгэдэл буюу төрийн сүлд гэж хүндэтгэх болжээ. Туг, сүлд гэсэн хамт нэршлийг тухайн үеийн эх сурвалж, түүхэн баримтуудаас судлахад туг гэдэг нь харагдаж байгаа байдал, сүлд гэдэг нь өвөг дээдсийн сүлд хийморийг дуудаж, бэлгэдсэн далд утга санаатай. Туг сүлдний судалгаа зөвхөн Монголд бус дэлхийн их олон оронд хөгжсөн. Монголын нууц товчооноос гадна “Судрын чуулган”, “Алтан товч”, “Эрдэнийн товч” зэрэг үе үеийн эх сурвалжуудад тодорхой хэмжээнд туг сүлдийг хэрхэн залж, ямар тохиолдолд ашиглаж байсан тухай өгүүлсэн мэдээнүүд байдаг. Харин Манж Чин улсын үеэс архивын баримтууд  ихээхэн үлдсэн. Үүнээс харахад туг сүлд нь XIII зуунд төрийн сүлд болж, Чингис хааныг тэнгэрт хальсаны дараа Чингис хааны тайлгатай тахилга хамт хөгжиж, их эзэн хаантай холбоотой туг сүлдний шүтлэг, соёл маань нэгэн цогц болж байжээ. Тухайлбал Чингисийн эш хөрөг нь туг сүлдний тахилгатай хамт хэрэглэгдэж, Ордосын эзэн хороо, Үүшийн хошуунд тасралтгүй 800 жил их эзэн хааны хар, цагаан тугийн сүлд тахилгыг хийж ирсэн байдаг. Тэнд Чингисийн зураг, эш хөргүүд тахилгатай нь хамт хадгалагдаж, тахигдаж байсан түүхтэй. Тиймээс туг сүлдний түүх, ойлголтыг эзэн Чингис хаан, их Монгол Улсаас тасалж авч үзэх боломжгүй.    

 

ДОЛООН АЙ САВЫГ ХАМАРСАН СУДАЛГААГ БҮСЧИЛЖ, ЦОГЦООР НЬ ХИЙСЭН

 

-Түүх угсаатны зүйн хүрээлэн 100 гаруй жилийн түүхтэй. Манайх өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Мөн ШУА-ийн Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой давхар болж өнгөрсөн. Үүнээс харахад манай хүрээлэн нь ШУА анх үүсгэн байгуулагдахад хамт хөгжсөн тулгуур баганых нь нэг юм. Манайхаас архелогийн хүрээлэн, Үндэсний номын сан, Архив салбарлаж гарсан түүхтэй. Энэ жилийн хувьд томоохон хурлууд, судалгааны ажлуудыг бид амжилттай хийсэн. 2019 онд манай хүрээлэн бүтцийн өөрчлөлт хийж, Угсаатны салбар маань нийгэм соёл, антерфологи хүн судлал, Угсаатан судлал биет бус соёлын өвийн төв гэж хоёр хуваагдсан. Миний хувьд хоёр дахь салбарт ажиллаж байна. Манайх  2013 онд “Юнеско”-ийн  Соёлын өвийн конвецид нэгдэж орсон үеэс Соёлын биет бус гэсэн нэр томьёог албан ёсоор хэрэглэж эхэлсэн. Үүнээс өмнө ахмад судлаач, эрдэмтэд маань угсаатан судлалаар энэ долоон ай савыг нийтэд нь судалдаг байсан. Манай хүрээлэнгээс гаргасан суурь судалгааны томоохон бүтээлийн нэг нь “Бүгд найрамдах Монгол ард улсын угсаатны зүй” гурван боть юм. Энэхүү судалгааг манай ахмад эрдэмтэд яг энэ угсаатны биет бус соёлын ай савуудын хүрээнд хийсэн байдаг. Угсаатны зүйн биет бус соёлоор суурь судалгаа хийдэг ууган байгууллага нь манай хүрээлэн юм. Бид хамгийн сүүлд энэ оны эхний I, II улиралд хангайн бүсийн угсаатны биет бус соёлын судалгаа, төвийн бүсийн судалгааг Соёлын өвийн үндэсний төв, Соёлын яам, Хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч хийлээ. Энэ нь долоон ай савыг хамарсан судалгааг бүсчилж, цогцоор нь хийснээрээ онцлог байлаа. 

 

ХАЛХ ТУУЛЬ ХАЙЛДАГ ӨВЛӨН ТЭЭГЧ БАЙХГҮЙ БАЙНА

 

-Угсаатны судалгаа болон биет бус соёл гэдэг нь хүн төвтэй, хүнээр дамждагаараа онцлог. Биет бус соёл, түүнийг өвлөн тээгч нь урлагийн сургуульд сураад эзэмшсэн чадварыг хэлэх үү, эсвэл хэдэн үеэрээ дамжиж нэг нэгэндээ уламжилсан хүнийг өвлөн тээгч гэх үү гэдэг нь ялгаатай ойлголт. Бидний хувьд яг нутаг усны онцлогийг шингээсэн, тухайн нутагтаа аж төрж байгаа хүнийг илүүтэйгээр өвлөн тээгч гэж үзэж, нутагт нь очиж судалгааг хийдэг. Миний хувьд хангайн бүсийн судалгааны багт орж ажилласан. Хөвсгөл, Булган, Архангай, Өвархангай, Баянхонгор, Орхон аймгуудаар судалгаа хийлээ. Энэ хугацаанд 100 гаруй өвлөн тээгчтэй уулзсан. Жишээлбэл тууль гэхэд нийтлэг тууль хайлагчид байв ч яг халх туулийг хайлдаг өвлөн тээгч байхгүй байна. Мөн үлгэр ярьдаг хүн их цөөхөн болжээ. Энэ нь кино, телевиз, цахим орчин хөгжсөнтэй холбоотой үлгэр сонсдог хүн алга. Мөн гар урлал, тэр дундаа монголчуудын их өв болсон эсгий ширмэл ширдгийг яг гараар хийдэг хүн ховордсон байна. Ихэнх нь үйлдвэрийн аргад шилжсэн байх жишээтэй. Үүнийг бид хэрхэн уламжлалт технологийг нь тэр хэвээр нь авч үлдэх вэ гэдэг чухал асуудал болжээ. Ширмэл ширдэг хийж байгаа хүмүүс маань үйлдвэрийн эсгийгээ авч байна. Гэтэл эсгийг зулж, боловсруулж, уламжлалт аргаараа ширж байгаа хүн хуруу дарам цөөхөн үлдэж. Энэ мэт өвлөн тээгчдийн хувьд анхаарах зүйл их байна. Үүнийг бид тайландаа тусгаж, Соёлын яам болон Соёлын өвийн үндэсний төвтэй тайлангийн нэгдсэн хурал хийж, саналаа хүргүүлсэн. Манай хүрээлэнгийн хувьд тухайн соёл нь хэрхэн өвлөгдөж үлдсэн, тухайн үеийн ямар зүйлүүд байна вэ гэдэг нь цаг, цагаар судлагдаж үлдэж байна. Манай ахмад эрдэмтэд өөрсдийн ажиллаж байх үедээ 18 аймагт яг энэ судалгааг хийж байсан  жишээтэй. 

 

УУГУУЛ СОЁЛ БИДНИЙГ ТУСГААР ТОГТНОСОН УЛС БАЙХАД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛНӨ

 

-Монголын уугуул, язгуур соёл, соёлын биет бус өв нь биднийг дэлхийн бусад орноос ондоошуулж, тусгаар тогтносон улс байхад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл. Тиймээс нүүдэлчин ахуй, язгуур соёлыг уламжлалт хэлбэрээр нь авч үлдэх чухал. Үүнийг би монгол хүн бүрийн үүрэг гэж боддог. Бид нийгэм соёлын өөрчлөлт гээд яриад байна. Гадны соёлд хэтэрхий нэвчих нь хүмүүсийн сэтгэхүйд ихээхэн нөлөөлж байна. Үүнийг бид хэрхэн өөрчлөх вэ гэвэл өнөөх л уугуул соёл, язгуур урлагийг нь сануулж, буцаан нутагшуулах нь чухал юм болов уу. Манай ШУА-ийн өнөөгийн байдал, судалгааны хувьд дэлхийгээс хоцрогдсон зүйл байхгүй. Энд судалж, хийж байгаа ажлуудаа дэлхий дээр Англиар хэвлэгдэж байгаа судалгааны ажлуудтай харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд ялгаагүй. Харин судалгааныхаа үр дүнг таниулах, хүмүүст хүргэх тал дээр жаахан дутмаг санагддаг. Сүүлийн үед хүмүүс элдэв гадны нэвтрүүлэг, сошиал контентууд руу хошуурч байна. Хэдийгээр соёлын биет бус өв рүү чиглэсэн нэвтрүүлгүүд байдаг ч энэ нь сурталчилгаа, хүмүүст сонирхуулах төдий өнгөц, харагдах байдлыг чухалчилсан, судалгаа багатай санагддаг. Үүнийг судалгаатайгаар энэ нь зөв, энэ нь буруу байна гээд мэргэжлийн түвшинд хийгээсэй гэж хүсдэг. Жишээлбэл, монгол ахуй соёлтой кино хийлээ гэж бодъё. Хавар нүүж байгаа дүрсийг харуулахдаа гэрээ нүцгэн тэмээн дээр ачаалсан байх жишээтэй. Гэтэл монголчууд хэзээ ч ачаагаа нүцгэн тэмээн дээр ачаалж байгаагүй. Энэ нь ахуй соёлоо мэдэхгүй, судлаагүйгээс болж гаргаж буй том алдаа юм. Тиймээс аливаа контент, нэвтрүүлэг хийхдээ мэргэжлийн судлаачидтай хамтардаг, зөвлөдөг, асуудаг арга барилыг хэвшүүлэх нь зөв. Тэгэхээр энэ салбарт ажилладаг хувийн байгууллагууд төрийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах ёстой болов уу. 

 

СУДАЛГААНЫ АЖЛАА ИХЭВЧЛЭН АСУУЛГЫН АРГААР ХИЙДЭГ

 

-Аливаа салбарын хөгжилд судлаачид их чухал. Манай хүрээлэнгийн хувьд 50 гаруй ажилтантай. Үүнээс 40 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан. Харин манай салбарт таван эрдэм шинжилгээний ажилтан бий. Нөгөө салбарт маань мөн таван эрдэмтэн ажиллаж байна. Боловсон хүчний хувьд ихэнх нь МУИС, МУБИС-ийг төгссөн, Япон, Хятад, Унгар, Польш зэрэг улсуудад доктор, магистрынхаа зэргийг хамгаалсан байдаг. Эдгээр мэргэжилтнүүд маань өөрсдөө мэргэжилдээ дуртай, энэ салбарт хувь нэмрээ оруулах сонирхолтой. Харин сүүлийн жилүүдэд ШУА-аас боловсон хүчний тал дээр дэмждэг болсон. Манай хүрээлэнгээс ч залуучуудаа сургах, мэргэшүүлэх тал дээр ихээхэн анхаарч байна. Тиймээс 2011 оноос залуусаа гадагшаа мэргэжил дээшлүүлэх ажлуудыг хийсэн. Тэдгээр мэргэжилтнүүд нь боловсорч ирээд, яг энэ цаг үед өөрийн сурч мэдсэнээ салбарынхаа хөгжилд зориулж байгаа. Миний хувьд 2015 онд Хятадад докторын зэргээ хамгаалсан. Ирсэн цагаасаа хүрээлэндээ ажиллаж хэд хэдэн суурь судалгааны ажилд оролцлоо. Жишээлбэл “Монгол нүүдэлчид ахуй соёл” гэсэн суурь судалгааны ажилд оролцсон. Энэ нь халхын болон баруун Монголын тухай. Энэ ажлын хээрийн судалгаанд ажиллалаа.

Мөн Ховд, Увс аймгаар хээрийн судалгаа хийж байсан. Манай угсаатны зүйчид ихэнхдээ хавар, намрын цагаар судалгаагаа хийдэг учир өвлийн судалгаа их ховор байдаг. Бидний хувьд яг өвөл, цагаан сарын үеэр Ховдод судалгаа хийж таарсан. Энэ үеэр хээрийн судалгаа ямар хүнд байдгийг анх мэдэрсэн. Харин хамгийн сайхан нь нутгийн зон олон бидэнд их сайхан ханддаг. ШУА-аас угсаатны зүйн судалгаа хийж байна гэхээр их уриалгахан хүлээж авч, ярилцаж, ажилд маань туслах жишээтэй. Тухайн үед малчид маань өвлийн идшээ хийж таарсан. Малчид идшээ хэрхэн төхөөрч, үүцээ ямар уламжлалт аргаар бэлддэгийг нь судалсан. Яг ингээд газар дээр нь очоод судалгаа хийхэд орчин үеийн ахуй амьдрал социализмийн үеийнхтэй харьцуулахад ялгаа, зааг нь их тод харагддаг. Энэ судалгааны үеэр нутгийн эмэгтэйчүүдтэй эртний хуримын зан үйл, төрсний дараа ямар гам барьдаг тухай асууж, ярилцсан юм.

Анх хэрхэн айлын бэр болж байсан тухай асуухад ихэнх нь монголчуудын эртний уламжлал болох хулгайлагдах ёсоор хадмындаа ирж байсан тухайгаа дурсаж байсан. Мөн олон хүүхэдтэй ээжүүдээс асуухад байгаль орчин, нутгийн онцлог, цаг агаарын байдлаасаа хамаараад гам барих нь хүртэл өөр, өөр байсан нь сонирхол татаж байлаа. Баруун Монголын энэ судалгааг хийж байхдаа нутгийн настнуудтай их ярилцсан. Гурван үеийн төлөөлтэй уулзахад л бидний амьдралын хэв маяг он цагийн эрхэнд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсан нь харагдах жишээтэй. Бидний хувьд судалгааны ажлаа ихэвчлэн асуулгын аргаар хийдэг. Дуу хураагуур болон мэргэжлийн аппарат түлхүү хэрэглэж байна. Харин сүүлд хийсэн хангайн бүсийн хээрийн судалгааны ажилд видео бичлэг түлхүү хийлээ. Архив болж үлдээх болон контент хийхэд бичлэг илүү давуу талтай байдаг. Бид энэхүү хангайн бүсийн хээрийн судалгааны ажлыг яамны захиалгаар хийсэн. Тиймээс ажлаа Соёлын яаманд хүлээлгэж өгдөг. Харин хэрхэн цацаж, түгээх дэлгэрүүлэх вэ гэдэг нь яамны мэдлийн асуудал. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)