Б.НЯМСҮРЭН
Монгол өв, соёл буланд эрийн гурван наадмын нэг болох сур харвааны талаар уншигчдад хүргэж байна.
Сур харвааны үүсэл
Анх дайн байлдаан болон ангийн зориулалттай үүссэн нум сум нь эцэстээ үндэсний наадмын төрөл болж хөгжсөн түүхтэй. Энэ спортын талаар ном хэвлэлүүдэд судлагдсан түүх, судлаачийн тэмдэглэл, бүтээл олон. Анх нумыг хавчаахай гэдэг байжээ. Хүннү гүрний үед нум сум нарийсаж өнөөдрийг хүртэл балар цагийн хавчаахай нумыг сайжруулж ирсэн байна. Мөн Хүннү гүрний үед монгол цэргийн дотор бөмбөг намнах тэмцээн болдог байж. Тус тоглоом нь 40 болон 20 нумын зайтай газар морьтой эсвэл босоо хүний хэмжээтэй гурван шонг босгож, гурван бөөрөнхий сур /бөмбөг/ өлгөж, морины давхиан дунд богино модон сумаар харвадаг байсан. Харин Богд хаант улсын үед бөмбөг хоорондын зайг ойртуулсан нь өрсөлдөөнийг чанаржуулж харваачаас хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болсон байна.
Энэ үед гурван бөмбөгийг алдалгүй онодог хүн ч байжээ. Энэ мэтчилэн нум сумын талаар олон арван баримт байдаг. Монголчууд ан авд гарамгай байдаг учир нь эрхий мэргэчүүлийн нум сумтай холбоотой ажээ.
Сур харвааны талаар гавьяат тамирчин, дархан мэргэн Ц.Хүдэрчулуунаас тодрууллаа.
Тэрбээр аавынхаа авьяас билгийг өвлөн авсан, удам дамжсан харваач юм билээ. Түүний аав дархан мэргэн цолтой, гавьяат тамирчин А.Цэвээн, Ц.Хүрэлчулуун аавыгаа дагаж сурын спортоор 1975 оноос хичээллэж эхэлсэн.
Үндэсний хувцсаа өмсөөд харвдагаараа онцлогтой. Харваачийн хэрэгсэл нь нум, сум, эрхийвч, ханцуйны боолт, бүсэвч буюу агсуурга, ховд (сум хийх сав), хоромсог (нум хийх сав) -тай байна. Нум сум нь олон төрөлтэй ба хөвч, гичир, их бие, бариул, шийр, хайгуул гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ
Сум нь чигтэй, булцуут исгэрдэг гээд олон төрөлтэй. Сүүлийн үед харваачид сургалтын нумаар харвах болсон. Мөн Хүннүгийн үеийн нумыг ашиглаж, үе үеэр нь дэлгэрүүлсээр өнөөдрийг хүрчээ. Буриад сурын харваанд Модунь Шаньюйгийн үеийн дуут сумыг уламжлал болгон ашигладаг. Урианхай сурын харваанд хавчаахай нум ашиглаж ирсэн юм. Сүүлийн үед хавчаахай нумаар цөөхөн хүн харвадаг болсон. Хавчаахай гэдэг нь хоёр метр урттай бургас, хар модны голыг ашиглаж хийсэн. Мөн урианхай сурын байг чөдөр ногтоо зангидаж хийдэг уламжлал буй. Зангидсан бөөрөнхий сурыг харвадаг уламжлал өнөөг хүртэл өвлөгдөн иржээ. Аян дайнд яваад л замд буухдаа цэц мэргэнээ сорьж булцуут сумаараа харвадаг байсан түүхтэй. Үүнийг урианхай сурын харваа авч үлдсэн. Их сурын харваа эвэр элэг сум саартай монгол үндэсний хийцтэй байдаг. Харин 1960-аад оны үед хорин сум харвадаг байв. Учир нь өргөн нь гурван метр байг харвадаг байсан. 2001 оноос бай нарийсаж 170 см-ийн өргөнтэй болжээ. Өндөр нь 48 см байдаг. Сур харваа нь ийнхүү буриад, халх, урианхай гэсэн төрөлд хуваагддаг байна.
Халх харваа
Халх сур харваа нь Манжийн сүүл үеэс 1876 он Манжийн хааны бадрангуй төрийн хоёрдугаар онд хэлбэршин тогтсон. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 метр орчим газар. Анх бөөрөнхий хэлбэр бүхий мод харвадаг байсан бол сүүлд боловсронгуй болж нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэц мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийн цуваа байдлаар эсвэл багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг. Харваачдаас хамгийн олон ончтой харвасан нь түрүүлдэг.
Халх харвааны нум нь 1940-өөд оноос өмнө Манж-Монгол хэв шинжийн товхтой гичир урт зэрэг онцлогтой том урт нум байжээ. Мөн харвах арга барил нь нумын хөвчийг цээжин тушаа хүртэл тэлж, сумаа эрхий хуруун дээр тавьж харвадаг байсан ажээ.
Урианхай харваа
Монголчуудын баруун зүг хийсэн аян дайны дараа наадам хийхэд урианхай сур үүссэн гэж ярьдаг. Харин өөр нэг дам яриа байдаг нь Сүбээдэй баатар цагаан сараар хадмындаа очиж сумныхаа зэвийг сугалан чөдөр цулбуураа зангидан голын мөсөн дээр баг болон харвалдан наадсан гэх яриа бий. урианхай сур орчин үеийн наадамд 40 метрээс харвана нэг босож харвахдаа гурван сум тавина. Урианхай сурын бай нь 350-400 гр жинтэй чих гэж нэрлэх сураар сүлжсэн хийцтэй байдаг.
Буриад харваа
Буриад сур нь Манжийн үед үүссэн гэдэг. 180 жилийн түүхтэй гэлцдэг. Энэ харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зурхай гэдэг. Зурхай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг 15 см орчим гүн ухна. Энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зурхайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зурхайд 80х4 метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодынхон хамгийн өндөр амжилт гаргасан байдаг ажээ.
Улсын мэргэн, уламжлалт харвааны ОУХМ, Б.Бүтвааны ярианаас сорчилж авсан мэдээллээ хүргэе.
Сурын спортын онцлог нь нас заадаггүй. Нумаа татахдаа дийлж хараа нь гүйцвэл 80 настай буурлаас найман настай балчир ч харваж болдог. Монголын уламжлалт өв билээ. Хүнийг төлөвшүүлдэг. Тухайлбал, сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, төлөв даруу байдалд сургадаг. Учир нь сэтгэл хөөрсөн үедээ харвахад онодоггүй талтай. Гэхдээ онохгүй байна гээд гутарч болохгүй. Жаахан оноод ирэхээр улам сонирхож энэ спортод дурлан суралцдаг. Бие бялдрын хувьд ч ашиг тустай. Байгальд харвадаг болохоор эрүүл мэндэд ашигтай. Харваач хүн хэдий хөгширсөн ч нуруу нь бөгтийдөггүй. Бас нумынхаа хэмжээнд тааруулан хүчээ хуваарилах гээд техниктэй. Том нумаар сайн татаж харвана. Нумаасаа шалтгаалан харвах арга барил бага зэрэг өөрчлөгддөг.
Баруун аймгийн тамирчид урианхайгаар харвана. Харин зүүн аймаг буриад харвааны төрлөөр голчилж хичээллэдэг ба халхууд бас харвах нь бий. Үүнээс бусад тамирчин үндсэн харваагаар хичээллэдэг. Наадамд түрүүлснээр цол авдаг. Хүнээс мэдрэмж их шаарддаг. Нум сум нь товхтой байдаг. Сургалтын нумыг нийлмэл материалаар хийдэг.
Анх сурч буй хүн эхлээд нумаа татаж сурдаг. Сургалтын зөөлөн нумаас эхэлнэ. Хүн өөрийн онцлогтоо тохируулан бас хичээл зүтгэл, тууштай байдлаар хандвал суралцахад хялбар.
Сур харвааны үед уухайлдаг уламжлал бий. Энэ нь урилгын, онооны, самбарын гэсэн гурван төрөлтэй. Самбар дээр сууж буй хүн самбарын уухай хийдэг. Харин зурхайд зогсож буй харваач урилгын уухай эхлүүлдэг. Энэ нь нумаа татаад бэлтгэсэн үе юм. Мөн байг оноход онооны уухай хийдэг ба нэгэн удаад гурван удаа эгшиглүүлдэг. Уухай нь харвааны хийморь сүлдийг өргөдөг түрлэг юм.
Харваачдын тооноос хамаарч хэдэн ч зурхай (бай) засаж болдог. Нэг зурхай дээр нэг удаа дөрвөн харваач цолны эрэмбээр зогсож харвах ба үүнийг үе гэнэ. Үндэсний сурд цолны эрэмбээр мэргэ үе, шил мэргэ үе, ноён үе, баатар үе, хөндий үе, шувтарга мэргэ үе гэж ангилдаг байна.
Монгол үндэсний сур харвааны талбайн үндсэн хэсэг нь зурхай юм. Зурхай нь дөрвөн метр урттай, гурван метр өргөнтэй байдгийг хүмүүс андахгүй. Мөн ар талын шугаман дээр нь сур өрж, түүнээс дотогш гурван метрийн зайд өвөр шугамыг татдаг. Монгол үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур юм. Харвааны талбайн эргэн тойронд аюулгүйн шугам татаж хязгаарлах бөгөөд зурхайн голоос харвааны шугам хүртэл эгц шугамтай байдаг. Шугмуудыг улаан, цагаан өнгийн материалаар татдаг.
Харваачдын амжилт, цол хэргэмийг илэрхийлсэн улаан туузыг малгайндаа зүүдэг. Цолны тэмдгийг малгайныхаа урд хаддаг. Наадамд нэг түрүүлбэл улсын мэргэн, хоёр түрүүлбэл даян мэргэн, гурав түрүүлбэл даяар дуурсах мэргэн, дөрөв түрүүлбэл дархан мэргэн цол олгодог. Улсын наадамд хоёрдугаар байр эзэлсэн харваач гарамгай мэргэн цол, гуравдугаар байр эзэлсэн харваач гоц мэргэн цол хүртдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 115 (6847)