С.САРУУЛ

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж шүүх шийдвэрээ гаргалаа. Улсын яллагч Б.Хурц "Прокурорын зүгээс 19 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргаж байгаа. 19 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилго, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол, хувийн байдал зэрэгт прокурорын зүгээс нийцэж байна гэж үзэж байгаа. Баримтын хүрээнд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй. Тиймээс анхны дүгнэлт дэх саналыг дэмжиж байна" гэдгийг хэлэв. Шүүгч "Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцож, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт хоёр тэрбум төгрөгийг нөхөн төлсөн. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх боломжтой" гэлээ. Ийнхүү шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо.

Эх сурвалж: www.polit.mn