С.САРУУЛ
Дэлхийн түүхэнд хамгийн удаан хугацаанд буюу 70 жил хаан ширээнд суусан Их Британийн хатан хаан II Элизабетийн цагаан алтан ой энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцсан. Тэрбээр “II Элизабет 25 настай хатан хаан болж байсан бол 96 насандаа төр улсаа төлөөлсөөр байгаа нь гайхалтай. XXI, ХХ зууны эхэн үеийг дамнан төр барьсан Викториа хатан хаан 60 орчим жил хатан хаанаар заларсан бол II Элизабет ХХ зуун, XXI зууныг дамнан 70 жил төр барьж буй нь түүнийг Их Британийн түүхэнд хамгийн олон жил хатан хаанаар заларсан түүхэн амжилтын эзэн болгож байгаа юм. Мөн Их Британийн хаан угсааны гэр бүлийнхээ хамгийн ахмад гишүүн нь болохын сацуу, ээж, эмээ, өндөр эмээгийн гэр бүлийн үүргийг гүйцэтгэж байгаа маш чухал оролцоотой, хүчирхэг эмэгтэй билээ. Хаан ширээнд суух хугацаандаа II Элизабет 100 гаруй улсад айлчилж, 21 мянга гаруй үйл ажиллагаанд оролцжээ. Тэрбээр 4000 хуульд хатан хааны зөвшөөрлийг өгч, Лондонд төрийн айлчлал хийхээр ирсэн дэлхийн 112 гаруй удирдагчийг хүлээн авсан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Хатан хаан болон түүний гэр бүлийн гишүүн байна гэдэг нь олны нэр нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын хамгийн тэргүүнд байдаг учраас цаг ямагт олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний анхаарлын төвд байсаар ирсэн. Товчдоо хатан хааны гэр бүлийн гишүүн байна гэдэг нь маш хариуцлагатай амьдрал болж байдаг.
II Элизабетийн амьдралын түүх гэхээсээ илүү олон улсын нөхцөл байдал ямар их нугачаа, бэрхшээлийг өнгөрсөн 70 жилд туулж ирсэн нь эдгээр өдрүүдэд улам мэдрэгдэж байна. АНУ-ын ерөнхийлөгч гэхэд л 70 жилд олон удаа солигдож, олон өөр үеийг өнгөрөөснийг харвал сонирхолтой дүр зураг гарч ирэх нь дамжиггүй. II Элизабет хатан хаан төр барих хугацаандаа дэлхийн II дайн, хүйтэн дайны он жилүүд, үе үеийн эдийн засгийн хүндрэл, хямралууд гээд олон сорилттой нүүр тулсан ч энэ бүх хугацаанд ард түмнийхээ тулах цэг, бэлгэ тэмдэг нь байж чаджээ гэж хэлж болно. Дүгнээд хэлбэл хатан хаан цаг үе өөчлөгдөж байсан ч тухайлбал, Их Британи колонийн их гүрнээс өнөөгийн эдийн засаг, улс төр, хамтын ажиллагаанд тулгуурласан Европын нөлөө бүхий орон болж өөрчлөгдсөн өөрчлөлтийг ажралгүй туулж Английн олон мянган жилийн түүхт, төрийн систем, хаант институцийг ганхуулахгүй хадгалж үлдэхийн тулд маш том хариуцлагыг нуруундаа үүрч ирснийг 70 жилийн төр барьсан түүх бэлхэнээ харуулна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn