Б.ОД
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал ч олон зуун жилийн түүх, соёлын хэлхээ холбоотой. Энэ ч утгаараа Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Бүгд Найрамдах Турк улсыг өөрийн “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрч, улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг” гэв.
Монгол, Туркийн худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд өсөж, Турк улсад аялах, Туркийн бараа бүтээгдэхүүнийг импортолж, худалдаалах нь эрс нэмэгдсэн. Мөн Истанбул-Улаанбаатарын чиглэлд манай хоёр орны үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд шууд нислэг үйлдэж буй нь хоёр талын худалдаа, аялал жуулчлалыг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Энэ талаар Элчин сайд Зафер Атеш “Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлийн агаарын тээвэр долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байгаа. Үүнийг долоо хоногийн бүх өдөр болгох бүрэн боломжтой” гэв.
Эх сурвалж:www.polit.mn