Б.ОД
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс-ыг хүлээн авч уулзлаа.
ОХУ-ын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Монгол Улсын Шадар сайдад бараалхаж, нийслэлийн удирдлагуудтай уулзана. Мөн Булган, Өвөрхангай аймагтай шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч В.В.Путинтай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал тохиролцоонд хүрснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэмдэглэв.
Хоёр орны Засгийн газар хоорондын комисс, мөн комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ илэрхийлэв.
ОХУ-ын Красноярскийн хязгаар бүс нутаг, тэр дундаа Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ач холбогдол өгдөг гэдгийг амбан захирагч А.В.Усс хэллээ. Мөн ойн салбарт, тэр дундаа Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв. Уулзалтын үеэр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Эх сурвалж:www.polit.mn