Б.ОД
Дэлхийд жилд 300 сая орчим хүн бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчилдөг гэх тооцооллыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гаргасан байна. Өөрөөр хэлбэл, өдөрт нэг сая хүн халдвар авч байгаа талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн (ХӨСҮТ) ДОХ/ БЗДХ-ын Эмчилгээ, тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Б.Жүгдэржав хэлэв.
Тэрбээр бэлгийн замаар дамжих халдварт өвчний зарим тоон мэдээллийг танилцуулсан юм. Манай улсад ХДХВ-ын халдвар 1992 онд анх бүртгэгдэж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 329 тохиолдол бүртгэгджээ.
Өнгөрсөн онд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд халдварын тархалтын судалгааг хийсэн байдаг. Энэ судалгаагаар хүний хөхөнцөр вирусийн халдварын 28 хэв шинжийг судалж үзсэн. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 47 хувьд хөхөнцөр вирус илэрсэн байна. Эдгээр 28 хэв шинж дотор умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч вирус өндөр хувьтай гарсан.
ХДХВ нь ижил хүйстнүүдийн дунд хамгийн өндөр тархалттай байна. Тодруулбал, нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 орчим хувь энэхүү бүлэгт хамааралтай байгаа юм.
Халдвартай иргэдийн хүн ам зүйн бүлгийг тогтмол тандаж байдаг. Анхаарал хандуулахуйц асуудал нь бэлгийн замаар дамжих халдвар зөвхөн гэр бүлгүй хүмүүсийн дунд тархаад байна уу гэвэл, үгүй. Өөрөөр хэлбэл, гэр бүлтэй хүн амын дунд ч ойролцоо бүртгэгдэж байна.
2019 оны судалгаагаар биеэ үнэлэгчдийн дунд тэмбүү өвчин 14 хувьтай, тээврийн жолооч эрчүүдэд 5.2 хувьтай буюу хүн амын төлөөллийг бодвол илүү өндөр хувьтай бүртгэгджээ.
Эх сурвалж:www.polit.mn