Т.БАТСАЙХАН

“Цахим эрх зүй, түүний хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр ШЕЗ-ийн байранд боллоо.  Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Дээд шүүx, ШЕЗ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман Европын эрх зүйн төв,  Ханс зайдалын сан хамтран зохион байгуулав.  Олон улсад шүүхийн  үйл ажиллагаа бүрэн цахимжиж, хиймэл оюун ухаанаар аливаа хэрэг маргааныг шийдэх гарц гаргалгаа руу тэмүүлж байна.  Тэгвэл Монгол Улсын шүүхийн байгууллага энэ чиглэлд ямар шинэчлэл хийж, ямар бодлого баримталж байгаа талаар санал солилцов.  Түүнчлэн ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Эрик Хилгендорф, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киквитийн Их сургуулийн профессор Лумингү Манзанза, ХБНГУ-ын “Рехтс- унд Фаханвэлтэ” хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч, доктор Сэвэрин Лойффлер, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн докторант Николас Хертлайн, БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн профессор Cү Жианг нар оролцож, илтгэлээ хэлэлцүүллээ.

 

“Цахим шүүx-2.0” төсөл амжилттай хэрэгжиж байна”

Эрдэм шинжилгээний хурлыг нээж,  ШЕЗ-ийн дарга Н.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ “ Хүн төрөлхтний түүхэнд “Дижитал эрин” хэмээн нэрийдэж буй цахим зууны технологийн эрчимтэй хөгжил, хурдацтай өөрчлөлтийн үр дүнд  дэлхий даяар хүн бүр цахим орчинд албан болон албан бус харилцаа холбоо тогтоож, ажил албаа гүйцэтгэн мэдээллийн хязгааргүй орон зайд амьдарч байна.  Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг дагаад шүүхийн системд шинэ технологийг нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. ШЕЗ 1994, 2002 оноос эхлэн мэдээллийн технологийг шүүхэд нэвтрүүлэхэд үе шаттай анхаарч ирсэн. Өнөөдрийн  байдлаар шүүхэд мэдээллийн технологийн 20 гаруй программ ашиглагдаж байна.  Мөн шүүхийн цахимжуулалтыг хөгжүүлэх “Цахим шүүx-2.0” төслийг гурван үе шаттайгаар явуулахаар зорьж байгаа.  Үүний эхний шатыг 2024 оны эхний хагас жилд амжилттай нэвтрүүлж, системийн хөгжүүлэлт суурилуулалтын ажлыг эхлүүлсэн байгаа.  Шүүхийн цахимжуулалтыг хэрэгжүүлснээр иргэн эрхээ хамгаалах боломжийг нэмэгдүүлэх боломжтой” гэв.  

 

“Иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана”

Цахим, хөгжил,  инновац, харилцаа холбооны яамнаас өгсөн мэдээллээр  өнгөрсөн 20 гаруй жил Монгол Улс цахим шилжилтэд ямар нэгэн байдлаар бэлджээ.  Саяхан Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргасан дэд бүтцийн судалгаагаар Монгол Улс дэлхийн 170 орноос 64 дүгээр байрт эрэмбэлэгдээд байна.  Энэ нь мэдээлэл, технологийн дэд бүтцийг улсынхаа хэмжээнд хангалттай цогцлоосон гэсэн үнэлгээ гэв.  Түүнчлэн 2023 онд Монгол Улс Кибер аюулгүй байдлын зөвлөл, ажлын албуудыг бий болгож, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс хамгаалах  эрх зүйн орчныг бий болгож ажилласан гэлээ.  Олон нийтийн дундах цахим ур чадварын судалгаа хангалтгүй үр дүн үзүүлсэн учраас цаашид Засгийн газраас зарласан “Цахим үндэстэн” хөтөлбөрийн хүрээнд нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана гэж тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Батзаяат мэдэгдэв.

 

Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа: Ёс суртахуунд тулгуурласан хуультай улсын хувьд шүүхийн цахимжилт дээр анхааралтай хандах хэрэгтэй

-Аливаа улс оронд цахимжилт өөрийн гэсэн онцлогтой явж байна. Үүнээс ямар цахимжилт илүү амжилттай байна вэ гэхээр тухайн улс орны өөрийнх нь үндэстний онцлог, хүний эрхийн соёл, ухамсарт үзэл санаан дээр тулгуурласан цахимжилт амжилттай хэрэгжиж байна.  Энэ нь хэдий хол сонсогдож байгаа ч бид анхаарахаас өөр аргагүй.  Өнөөдөр дандаа  барууны судлаачид энэ танхимд ирсэн ч гэлээ манай эрх зүйт уламжлалд хуулийн хэм хэмжээний ойлголт их өөр шүү.  Хуулийн хэм хэмжээ гэхээсээ илүү ёс суртахуунд тулгуурласан хуультай улс. Тэгэхээр ялангуяа хуулийн байгууллагын цахимжилт дээр бид анхааралтай хандах нь зөв. Нөгөө талаар технологийн чиглэлийн хувийн компаниудад маш их хэмжээний дата мэдээллээ бид өгч байна.  Тухайлбал, шүүгч нарын тоон гарын үсгийг цахимжуулж авна гэдэг асуудал яригдаж байна.  Тоон гарын үсэг дээр манай улсад гурван компани тэргүүлж ажиллаж байгаа.  Түүний нэг нь шүүх дээр 10 гаруй жил маргаантай яваа юм билээ.  Тэгэхээр бид энэ асуудалд бас анхаарах л ёстой.  Тэгэхээр ялангуяа шүүх байгууллага цахим шилжилтэд яарахгүй, аажмаар хийх ёстой гэж харж байна.

 

ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Эрик Хилгендорф: Виртуал бодит байдлын өгөгдлийг Германы шүүх ашиглаж эхэлсэн

-Шүүхийн процесст хиймэл оюун ухаан нэвтрүүлэх асуудал европт хүчтэй яригдаж байна.  Ялангуяа хиймэл оюун ухаанаар шүүгчийг орлуулах технологи анхаарал татаж байгаа. Хиймэл оюуны тухай хууль өнгөрсөн оны зун батлагдаж, Европ даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.  Хүн төвтэй, найдвартай хиймэл оюун ухааныг дэмжих зорилготой ийм хууль байгаа.   Нөгөө талаар хууль зүйн салбар бол нэлээд өндөр эрсдэлтэй хэсэг. Гэхдээ шүүхийн үйл ажиллагаа төдийгүй төрийн үйлчилгээг цахимжуулснаар мэдээллийг боловсруулах, дамжуулах маш өргөн боломжийг нээж өгч байна.  Дараагийн нэг чухал зүйл нь виртуал бодит байдал юм.  Виртуал бодит байдлын өгөгдлийг шүүх системд нэвтрүүлэх ажил Германд эхэлсэн.  Үр дүнтэй байгаа.  Шүүх таслах ажиллагааны явц цаасан суурьтай явж ирсэн.  Тэгэхээр өөрчлөх амаргүй.  Гэхдээ цаг үеэ дагаад энэ салбарт ажиллах залуучууд ч цахимаар ажиллаад сурсан учраас цаасан сууриа халахаас өөр аргагүй.   Тэгэхээр бид мэдээллийн технологийн хөгжлийг ашиглаад үр дүнтэй, аюулгүй шүүн таслах ажиллагааг явуулдаг болох хэрэгтэй.  Үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх үү гэдэг асуудал өнөөдөр Монгол, Герман төдийгүй дэлхий даяар яригдаж байна.

 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Киквитийн их сургуулийн профессор Лумингү Манзанза: Манай шүүхийн тогтолцоо уламжлалт байдлаар ажилладаг хэвээрээ байна

-Манай улсын шүүхийн тогтолцоо уламжлалт байдлаар ажилладаг хэвээрээ байна. Өргөдлийг шүүхэд заавал биечлэн хүргэдэг.  Шуудангаар илгээх нь маш ховор тохиолдол.  Бүх баримт бичгүүдээ гараар үдсэн хэвээрээ.  Зарим шүүхүүдэд шүүгчийн шийдвэрийг гараар бичдэг, ховор тохиолдол шүүгч нар зөөврийн компьютерт шивж байна.  Шүүхийн шийдвэрийн мэдээллийн сан дутмаг тул шүүхийн захирамж шийдвэр нь тухайн шүүхийн бусад танхимд танил бус байх нь бий.  Мөн манай улсад Үндсэн хуулийн шүүх нь эрх зүйт төрийнхөө хамгаалагчаар ажилладаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7514)