С.САРУУЛ

 Нийслэлийн нийтийн тээвэрт сүүлийн 10 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Үүний эхлэл болгож 91 автобус оруулж ирлээ. Парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн автобуснуудын 61 нь энгийн, 10 нь цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус, 20 нь хүүхдийн сургуулийн автобус юм. Хүүхдийн автобусны хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн, 53 хүний суудалтай, цонхнууд цантахгүй давхар шилтэй. Халаалтын систем, агааржуулагчтай, чанга яригч системээр тоноглогджээ. Харин их багтаамжийн автобусны хувьд 87 хүний багтаамжтай, цонхнууд мөн үл цантах давхар шилтэй. Нийт есөн халаах төхөөрөмжтэй, агааржуулагчтай, камерын системээр тоноглогдсон. Зорчигчдыг галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчаар тоноглогдсон бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зогсож үйлчлүүлэх зорчигчдод зориулан халтирдаггүй кварцан шалыг хийжээ.

Цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус нь 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, зорчигчийн сандал хоорондын зайд бариултай, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй. Мөн хяналтын системээр тоноглогдсон. 

Эх сурвалж: www.polit.mn