Р.ОЮУН

Ж.Хайруллагийнхан гэж эмч нарын цагаан өмсгөл, цайлган сэтгэл өвөрлөсөн нэгэн том арми Монголын эрүүлийг хамгаалах байгууллагын их ачааг үүрэлцэж явна. Тэд дөрвөн үеэс бүрддэг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ж.Хайруллагийн нэрэмжит Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Х.Жаныг онцоллоо. Тэрбээр Монгол Улсын ардын эмч, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ж.Хайрулла гуайн ач, тус тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Х.Хусаян буюу Костягийн том хүү. Тэд бол бурхны өглөгтэй удам залгасан эмч нар юм.

 

ЗАЛУУ ЭМЧ ЮУ ХЭЛЭВ

 

Х.Жан 2013 онд АУИС-ийг  ЭМШУИС гэж байхад нь төгсөөд 2015 онд мэс заслын резидентур дараа нь мэдрэлийн мэс заслын нарийн мэргэжлээр Тайвань, БНСУ, АНУ-д сурч мэргэшээд долоо дахь жилдээ Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж байна. Түүний өвөө Ж.Хайрулла нь мэдрэлийн мэс заслын албыг Монголд үндэслэгч, үүсгэн байгуулагч учраас мэдрэлийн мэс заслын эмч болох шалтгаан болсон гэж байлаа. Тэрбээр "Аав өвөөг, би аавыг харж мэдрэлийн мэс засалч болохоор шийдсэн" гэв.

Гуравдугаар ангид байхдаа анх удаа аавыгаа жижүүртэй үед нь дагаж эмнэлэг дээр ирэхэд хүмүүс “Баярлалаа” гэж хэлэхийг сонсох сайхан санагдсан нь эмч болох утсыг нь хөнджээ.

Үүгээр ч зогсохгүй IХ ангидаа мэс засал яаж хийдгийг харахыг хүссэн нь мэс заслын эмч болох эхлэл байсан ч юмсан уу. Ингээд бахархал болсон өвөө, аав хоёрынхоо мэргэжлийг өвлөн өнөөдөр хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тууштай зогсож байгаа залуу үеийн нэгэн юм. Х.Жаныг эмч болоход өвөө, аав хоёр нь өөр чиглэлийг сонго гэхэд “Болбол мэдрэлийн мэс засалч болно. Өөр чиглэлийн эмч болохгүй” гэсэн нь өвөөгийнхөө эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэхийг хүссэн хүүгийн чин хүсэл байв. Түүнээс хүүхэд байхдаа хэр зүггүйтдэг байсан талаар асуухад

-Зүггүйтэж байгаад аавдаа их баригдана. Гэхдээ хорон сахилгагүй байгаагүй. Хүүхдийн гэнэн томоогүй зангаар үймүүлдэг байсан гэсэн юм.

-Та өвөөгийн эрх хүүхэд байсан гэсэн. Өвөөгийнхөө талаар дурсамж дэлгээч?

-Хоёрдугаар анги хүртлээ өвөө эмээтэйгээ хамт байсан болохоор намайг их эрхлүүлдэг байсан. Өвөө хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Харин эмээ Х.Гүлсэн физикийн ухааны багш байсан болохоор биднийг сурган хүмүүжүүлэхээс гадна хичээл хийхэд их тусална. Өвөө сургааль, сургамжийг сайн хэлнэ. Амьдрах хэв маяг дээр хүртэл заавар зөвлөгөө өгнө.

-Тухайлбал, юу гэж сургадаг байсан бэ?

-Өвөө маань оюуны хөдөлмөр эрхэлдэг хүн биеийн хүчний ажил хийх, биеийн хүчний ажил хийдэг бол ном, сонин уншиж амрах хэрэгтэй. Дээд боловсролтой хүмүүс олон улсын тойм, мэдээ, дэлхийд юу болж байгааг үзэж сонирх. Толгойгоо байнга цэнэглэ, юм бич. Юм уншсан хүн бичдэг, уншаагүй хүн бичиж чадахгүй гэж хэлдэг байсан. Өвөө минь сайн сурган хүмүүжүүлэгч, сайн аав. Бүх зүйл дээр зааж сургадаг. Боломж бололцоо гарвал бидний толгойд юм хийхийг хүснэ. “Хүний мөсөө битгий алдаарай” гэж их хэлдэг байсан хэмээн ярихад түүний нүд гэрэлтэж байлаа.

Тэгвэл аав нь өвөөгийнх нь нэгэн адил хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн. Мөн сайн сурган хүмүүжүүлэгч, бүх зүйлийг зааж сургадаг. Гэр бүлээ эхэнд тавьдаг. Хүүхэд байхдаа аавыгаа бараг хардаггүй байсан гэнэ. Гэвч энэ мэргэжлийг эзэмшсэнээр гэрийн бараа хардаггүй байсан шалтгааныг өөрийн биеэр мэдэрсэн гэж байв. Х.Жан айлын том хүү. Дороо хоёр эрэгтэй дүүтэй аж. Аав нь хүүхдүүддээ “Цагийн юмыг цагт нь. Хэлсэн амандаа хүр, хийвэл хий. Чадахгүй бол чадахгүй гэдгээ хэл. Хүний цаг завыг барах шиг муухай зүйл байдаггүй юм”, “Байвал сайн нь бай, дунд зэргийн эмч гэж байхгүй” гэж хэлдэг болохоор сайн нь байхын тулд хичээдэг аж. Ээж Ч.Нургүль нь олон улсын байгууллагад төслийн удирдагч, их зөөлөн сэтгэлтэй, хүүхдүүдээ аргадаж өсгөсөн гэж байв. Харин эхнэр Б.Ундрал гаалийн байцаагч ажилтай гэж байлаа.     

Өвөө, аавынхаа мэргэжлийг эзэмшихээр суралцаж байхад шалгалт шүүлэг болно. Ж.Хайруллагийн ач, Костягийн хүү гээд багш нар харж байгаа. Онц сураагүй ч муу байгаагүй аж. Тэднийхээ нүүрийг улайлгахгүй юмсан хэмээн хичээж байсан гэв. Ганц хоёр хичээл дээр унаад тоохгүй явахаар өвөөгийнх нь санаа зовно. Анагаахын багш нарын ихэнх нь өвөөгийнх нь шавь ажээ.

Х.Жан ярихдаа “Хүмүүс аав, өвөөгийнхөө нөлөөн дор намайг амар байдаг гэж боддог байх. Энэ хүмүүсийн нэрийг дааж явна гэдэг хэцүү. Мэдрэлийн мэс засал нарийн мэргэжил дотроо хамгийн оргил нь. Мөн хүнийг сорьсон, 120 хувийн анхаарал шаарддаг. Мэс заслын дараа үүсэх хүндрэлүүд, хийдэг ажилбар маш нарийн, өндөр түвшинд хийдэг микроскофтой, дурангийн хагалгаа сүүлийн үед ихэссэн гэлээ. Х.Жанын ажилласан долоон жил мэдрэлийн мэс засалчдын хувьд бага хугацаа. Өдөр бүр ахмад, дунд үеэсээ байнга суралцах. Хоцрохгүйн тулд өдөр бүр унших хэрэгтэй. Мөн олон улсад очиж сурч, мэдэх зүйл их гардаг. Тархи, нуруу нугасны мэс заслыг Монгол Улсад манай тасаг хийж байгаа хэмээн олзуурхан үг нэмэв. Х.Жаныг эмч болоод төгсөж байхад өвөө нь тасгийнхаа хүндэт зөвлөх болжээ. Харин аав Х.Хусаян Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр 18 жил ажиллаад одоо зөвлөх эмчээр ажиллаж байгаа аж. Тэрбээр аавтайгаа хамт олон удаа мэс засалд орж туршлагаас нь суралцаж явна.

 

МОНГОЛД АНХ УДАА ӨНЧИН ТАРХИНД ХАГАЛГАА ХИЙВ

 

Зүүн гараас ач хүү Х.Жан, зээ хүү С.Абай,
Монгол Улсын ардын эмч, Хөдөлмөрийн баатар,
Төрийн шагналт, академич Ж.Хайрулла, хүү Х.Хусаян.

Х.Хусаян эмч аав гэдэг бурхныхаа дэргэд бас мэргэжлийг нь өвлөсөндөө баярлаж явдаг хэмээн 2015 онд “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн зочноор оролцож байхдаа хэлж байсан юм. Тэрбээр анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд 1984 онд Нэгдүгээр эмнэлгийн яаралтай мэс заслын тасагт ажиллаж байгаад 1985 оноос П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт, 2001 оноос тасгийн эрхлэгч болжээ. Тэрбээр эмч болно гэж мөрөөдөж байгаагүй гэсэн. Харин аав нь эмч болохоор 4-5 дугаар ангиасаа аавыгаа дагаж эмнэлэг дээр жижүүр хийж хонодог байж. Энэ үеэс л эмч мэргэжил сайхан юм байна гэж ойлгоод IX ангид байхдаа аавтайгаа хамт хэвлийн хөндийн мэс засал хийхэд хажууд нь байжээ.

Тэрбээр энэ тухайгаа “Эмчийн гэр бүлд төрж, хүмүүжсэн болохоор аяндаа сонирхол төрдөг юм билээ. Намайг хүүхэд байхад аав өвчтөнийхөө талаар ярьж, санаа зовж, хийсэн хагалгааныхаа үр дүнг ярьдаг байсан нь эмч хүний ажил, амьдралын өрнөл байж. Тэр нь надад нөлөөлсөн” гэв. Их сургууль төгссөнийх нь дараа аав хүү хоёрын дунд бага зэргийн асуудал үүссэн байна. Учир нь мэдрэлийн мэс засал анагаах ухааны хамгийн хүнд нь. Эмчээс өндөр мэдлэг, чадвар шаарддаг, хэцүү гэж болох. Тиймээс хүүгээ энэ хүнд мэргэжилд сургаад яах вэ. Бусад эмчтэй адилхан ерөнхий мэс заслын эмч болог гэж бодоод хөдөө ажиллуулж дараа нь УНТЭ-ийн ерөнхий мэс заслын эмч болгов. Гэтэл нэг өдөр Х.Хусаян аавдаа “Би таны номыг ашиглаж таны мэргэжлийг уламжлахгүй юм бол эмчийн ажлыг хийхгүй” гэж шуудхан хэлжээ. Тэгээд Ж.Хайрулла гуай хүүгийнхээ сонирхлыг хааж чадсангүй зөвшөөрч өөрийнхөө тасагт авсан байдаг. 

Тэгээд Орос, Хятад, Япон, Израйль, Герман, АНУ, Пакистанд мэргэжил дээшлүүлсэн байна. Израйльд сурч байхад нь тэндэхийн эмч нарын олонх нь удам дамжсан хүмүүс байдаг нь сонин байв. Тухайлбал, эмчийн хүүхэд эмч, гуталчны хүүхэд гуталчин байх ёстой гэсэн үзэл бодол байдаг талаар сонсож байсан юм. Монголчууд дээр үеэс хүн бүү хэл малын тэргүүнд ташуур хүргэхийг цээрлэдэг. Энэ нь цаанаа их нарийн учиртай аж. Гэтэл өнөөгийн шинжлэх ухааны хүчээр зүрх, бөөр, элгийг сольж суулгаж байна. Гэтэл тархи, нуруу нугас солино гэж үгүй. Энгийнээр хэлэхэд засвар хийдэг гэж хэлж болно. Дэлхийн шинжлэх ухааны хэмжээнд хийж байгаа тархи, мэдрэлийн мэс заслыг нэлээд нарийн төвөгтэйд тооцдог. Арга барилууд нь Монголд нэвтэрч байгаа. Х.Хусаян эмч гэхэд өнчин тархинд мэс засал хийдэг. Хуучин цагт тархины мэс заслыг хийхдээ духны хэсгийн арьсыг хуулж, ясыг нь хөрөөдөөд тархийг нь ямар нэг хэмжээгээр дээш хөндийлөөд хавдрыг нь авдаг байж. Тэгвэл одоо өнчин тархины хавдрыг хамрын хөндийгөөр дамжуулаад авдаг арга дэлхийн хөгжилтэй орнуудад бий болжээ. Үүнийг Х.Хусаян эмч Монголд анх удаа нэвтрүүлсэн байна. Одоо тэрбээр Мэдрэлийн мэс заслын тасгийнхаа зөвлөх эмчээр ажиллаж залуу эмч нартаа арга, ажиллагаагаа өвлүүлж явна.

Тэрбээр “Аавын хамгийн гол чанар бол хүнийг энэ дарга даамал, ихэс дээдэс гэж боддоггүй. Өвчтэй хүн эмчээс аврал эрж яваа. Тиймээс өвчтэй хүн бүгдэд адилхан үйлчлэх ёстой. Сэтгэлээсээ хайрлаж, өрөвдөх ёстой. Хүн өөрөө өвдөж зовоод ирэхээр хүнийг илүү сайн ойлгодог юм шүү” гэж надад ч биш, манай дүү, бусад эмчид адилхан зааж сургадаг байсан. Аавын маань жанжин шугам нь ажлыг маргааш гэж хойш бүү тавь. Өнөөдрийн юм өнөөдөртөө байх ёстой” гэдэг байлаа хэмээн аавыгаа магтаж байсан юм. Энэ сургаалиар хүмүүжсэн болоод тэр үү түүний хэлэх дуртай үг “Төдөн цагт уулзана гэсэн бол хэлсэндээ байх ёстой. Хүнийг хүлээлгэх дургүй. Цаг барьж сурах нь чухал. Ялангуяа, мэс засалч эмчийн ажилд их хэрэгтэй. Багаараа ажилладаг байхад нэг эмч ирэхгүй бол хүлээгээд сууна. Бид ямар мод тарих гэж байгаа биш шүү дээ. Хүний амь гэдэг юунаас ч илүү эрхэм” хэмээн бодож явдаг хүн юм.

 

ӨВӨӨГИЙН МЭРГЭЖЛИЙГ ӨВЛӨСӨН ЗЭЭ ХҮҮ

 

Нийтлэлийн баатар Х.Жанын авга эгч буюу Х.Хусаян эмчийн эгчийнх нь хүү С.Абай мөн л П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн Ж.Хайруллагийн нэрэмжит Мэдрэлийн мэс заслын тасгийн сайн эмч нарын нэг. Тэрбээр өвөөгийнхөө хийж байгаагүй нарийн мэс заслыг Монголд анх удаа хийжээ. Энэ нь тархины бөглөрсөн судсыг өөр судсаар орлуулан залгадаг мэс засал аж. Энэ бол тунгаан бодохуйд тун төвөгтэй туйлын нарийн үйл байж таарна. Хүний нүдэнд үл харагдах энэ хагалгааг зөвхөн микроскофоор харж залгаж оёно. Гэхдээ урагдсан хувцас оёх шиг юм огт биш. Чимхлүүр, хамгийн өндөр хариуцлага шаардах ажил.

 

11 МЯНГАН ЭМЧИЙН БАГШ Ж.ХАЙРУЛЛА

 

Монгол Улсын 12 мянган эмчийн 11 мянгыг нь бэлтгэн гаргасан Төрийн шагналт, Ардын эмч Ж.Хайрулла агсан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийг үүсгэн байгуулсан тул түүний нэрэмжит болгожээ. Энэ талаар Х.Жанаас хэдэн асуултад хариулт авсан юм.

-Ж.Хайрулла гуай мэдрэлийн мэс заслыг Монголд нэвтрүүлсэн анхдагч. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Өвөө маань мэдрэлийн мэс заслыг Монголд нэвтрүүлж, 1966 онд тархины анхны мэс заслыг хийсэн түүхтэй. Ерөнхий боловсролын дунд сургуулийн тоо, физикийн багш, МУИС-ийн Анагаах ухааны факультетийн багш, одоогийн АШУҮИС-ийн мэс заслын багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч, зөвлөх эмчээр 60 гаруй жил ажилласан. Өвөө минь хамгийн сүүлд “Хүн 60 жил хамт амьдарсан хүнээсээ хагацахаар үнэхээр ганцаарддаг юм байна” гэж хэлж байсан. 

-Өвөө тань хаана сургууль төгссөн билээ?

-1930 онд Ховд аймгийн Булган суманд төрж, 1945-1951 онд Жанжны нэрэмжит офицерийн сургууль, 1952-1957 онд МУИС-ийн хүн эмнэлгийн ангийг төгсөж, Чехсловак улсад тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Хүүхдийн цээжний мэс заслаар курс хийнэ гэж Чехэд очоод найман сар хэртэй сураад буцах гэж байтал Эрүүл мэндийн сайд байсан Туваан гуай Чехэд очоод “За Хайрулла минь, хүүхдийн мэс заслаар Москвад 7-8 хүн курст суралцаж байгаа. Монголд тархины мэс засалч хэрэгтэй байна. Тархины мэс заслаар 3-4 хүн Москва явуулсан чинь 6-7 сар болоод буцаж ирээд явж өгдөггүй. “Их хүнд мэргэжил байдаг юм байна. Бид чадахгүй нь” гээд байна. Сурах хугацааг чинь сунгаж өгье. Европт байгаа дээрээ л суралц” гээд тэнд зургаан сар сургажээ. Төгсөж ирсэн даруйдаа буюу 1966 онд Монголын анхны тархины мэс заслыг хийж байсан гэсэн юм.

Мэдрэлийн мэс заслын албыг байгуулан, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь ард түмэн, төр, засаг өндрөөр үнэлж 1991 онд Хүний гавьяат эмч, 1993 онд Төрийн шагнал, 2002 онд Ардын эмч, 2007 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон байна.

Монгол Улсын ардын эмч, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич Ж.Хайрулла гуай нэг ярилцлагадаа “Хүмүүсийн тархи толгойд мэс хүргэж эмчилдэг хүндхэн мэргэжлийг бурхан надад өгсөн байх” хэмээн хэлсэн тухай уншиж байсан. Түүнийг эмч болгохдоо бурхан их зовоогүй биз ээ. Яагаад гэвэл олонд тус хүргэх энэ алба насан туршийн чинь үүрэг шүү гэсэн байх. Гэхдээ бүр үр хүүхэд, ач, зээ нартаа энэ албаа үүрүүлдэг юм шүү гэсэн болов уу. Тийм болоод хүүхэд нь, ач, зээ нь энэ цагийн мэс заслын докторууд. Ийм л бурхны өглөгтэй удам залгасан эмч нар бусдын төлөө зүтгэж, олон хүний уураг тархийг эрүүлжүүлж явна. Нийслэл хот дөрвөн уулын дунд оршдог шиг Монголын анагаах ухааны салбарт Ж.Хайрулла хэмээх хаан уул, түүнийг дагасан уулууд байгаа нь өөрийн эрхгүй бахархах сэтгэлийг төрүүлж байлаа.                       

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 107 (6839)